Есөн сарын нэгэн ерөөсөө бидний баяр биш
Удахгүй хичээл эхлэх нь дээ. Хүүхэд байхад “есөн сарын нэгэн” гэж сонсохоор л дотор муухай оргидог байж билээ. Хичээл номондоо муу болохоороо тэгдэг байсан юм биш. Ер нь сургуулиа тэсэн ядан хүлээдэг хүүхэд одоо ч гэсэн тийм олон байдаг юм уу? Байдаг бол байнга гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг хэсэгт л хамаатай асуудал.
Энэ өдөр улс даяар бужигнан хэтэрхий олон үйл явдал давхцдаг. Баяр юм уу гэхээр баяр биш. Ажил ч бүр лөөлөө. Цэцэрлэг, сургууль, их дээд сургууль, цэрэг цагдаа гээд бүгд гарааны зурхайгаас хөдөлж байгаа хурдны морь шиг энэ өдөр зэрэг ухас хийцгээнэ. Ингэж нэг өдөр олон үйл явдлыг овоолох нь эдийн засагт, албан газарт, айл өрхөд чухам ямар ач холбогдолтойг эрүүл саруул ухаанаар сайтар судалж үзмээр байгаа юм.
Өвөлд бэлддэг манай орны хувьд ид оргил ачаалаaлтай есөн сарын эхний хэдэн өдрүүдэд нийгмийн баялаг бүтээлцэх гол хүч нь “Хичээлтэй” гээд яваад өгцгөөдөг. Ялангуяа хөдөөд намрын энэ өдрүүд хойш тавих эрхгүй чухал цаг мөч байдаг. Эцэг эхчүүд аргагүйн эрхэнд зуун задгай ажлаа орхин олны жишгээр хүүхдээ хөтлөн сургууль руу шогшицгоодог биз дээ.
Аравдугаар сарын 1, ядахдаа есдүгээр сарын 15-даар хичээл эхэлж болдоггүй юм уу? Намар дундаа ороод ирэхлээр аяндаа сэрүүсч, бас ажлаас залхаж хүүхэд залуус үнэн сэтгэлээсээ сургуулиа санаж эхлэнэ.
Ж.ГАНГАА
URL: