Улсын начин Б. Одхүү боксчин Эрдэнэбатыг зодож буй дүрс камерт үлджээ

Улсын начин Б.Одхүү дахиад л хүн зодсон байна. Урьд нь хүн зодсон хэргээр шоронд ял эдэлж байгаад гарч ирсэн боловч бас л хаширсангүй. Өнгөрсөн амралтын өдөр “River sound” бааранд Сөүлийн олимпод оролцсон боксын олон улсын хэмжээний мастер Ээнээ буюу Эрдэнэбатыг зодож хүнд гэмтэл учруулсан байна. Боксчин Эрдэнэбат найзуудтайгаа хамт бааранд сууж байсан бөгөөд Б.Одхүү начинтай санамсаргүй тааралдсан аж. Б.Одхүү начин боксчин Эрдэнэбатыг баарны гал тогооны өрөө рүү оруулж байгаад зоджээ. Баарны хамгаалалтын албаны ажилтнууд Б.Одхүүгээс айгаад үг дуугарч чадаагүй гэнэ. Тэр битгий хэл үйлчлэгч нь хүн зодож байхад асгарсан цусыг нь арчиж “тусалсан” зэрэг нь камерын бичлэгт бичигджээ.

Эрдэнэбатын гар хөлийг нь хумиж жижигхэн ширээний доогуур чихэж оруулаад орхисныг нь олж эмнэлэгт хүргэжээ. Одоо биеийн байдал нь тааруухан эмнэлэгт хэвтэж байгаа аж. Түүний хавирга, хамар гээд хугарч гэмтсэн эрхтэн олон байгаа бөгөөд тухайн үед харахад нүд хальтрим цустайгаа хутгалдсан байсан гэнэ. Хүн амины хэрэг гарах дөхсөн эл зодооны дараагаар цагдаагийнхан ирж баахан сүржигнэж байгаад явжээ. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс энэ хэргийг шалгаж байгаа боловч Б.Одхүү оргон зайлж Хэнтий аймагт яваа сураг нь гарчээ.

Бөхийн нэр төрийг уландаа гишгэн аархаж хүн зоддогоороо алдаршсан Б.Одхүү начинд зодуулсан хүний тоо хэдийнээ 10 хол давчихаад байгаа билээ. Хууль хяналтын байгууллагад хандаагүй болохоос биш түүнд зодуулсан хүний тоо нилээд их байдаг гэж яригддаг.

Тэрбээр анх Хэнтий аймагт долдугаар ангид байхдаа хүн зодож тэнсон ял авч байснаар түүний балмад үйлдэл эхэлсэн гэцгээдэг. Ийнхүү бөх, боксчин хоёрын гар зөрүүлсэн энэхүү хэргийг хуулийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Б.ОДМАА

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

“ӨДРИЙН СОНИН”


URL:

Сэтгэгдэл бичих