“Грийн Хоум” эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлнэ
НМХГ-аас Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд орших Солонгосын шашны “Грийн Хоум нийгэмлэг” ТББ-ын “Грийн Хоум” эмнэлгийн үйл ажиллагаанд өнгөрөгч сарын 24-26-ны өдөр шалгалт хийсэн талаар сэтгүүлчдэд мэдээлэв.
Шалгалтын явцад эмийн чанар, баталгаажилт, ажлын байрны эрүүл ахуйн шаардлага, эмнэлгийн дотоод зохион байгуулалттай холбоотой нийт 28 зөрчил илэрчээ.
Тухайлбал, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хэрэглэх заавар нь ойлгомжгүй эм хэрэгслийг хадгалж, өвчтөнд хэрэглэсэн. Мөн мансууруулах эмийн нэр цуврал, хэрэглэсэн аргыг өвчтөний түүхэнд бичдэггүй. Мэргэшсэн ариутгагчгүй, эрүүл ахуйн халдвар судлагч их эмчгүй эмчилгээ явуулж байв.
НМХГ-ын эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Г. Батнасан хэлэхдээ “Грийн Хоум” эмнэлэг нь ядуу, нэн ядуу иргэдэд үнэ төлбөргүй үйлчилдэг. Нийт 28 нэрийн 24 мянга гаруй эм хурааж, эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэх саналыг ЭМСЯ-нд хүргүүлсэн” гэв. Тус эмнэлэг нь хавдрын эцсийн шатанд орсон өвчтөнийг эмчлэх зорилго бүхий хөнгөвчлөх, тусламж үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулаад, 10 жил болжээ. Монгол Улсад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 эмнэлэг байгаа аж.
Э.Энхсайхан
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: