Бүртгэлгүй эм тариагаар хөнгөвчлөх эмчилгээ хийж байсан нь илэрчээ

7cfdf2bacd68d7a57da2fc71f6139131“Green home” эмнэлгийн  үйл ажиллагааг түр зогсоосон байна

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Green home”  эмнэлгийн үйл ажиллагааг түр зогсоож, 1.9 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Учир нь, тус эмнэлэгт хийсэн шалгалтын явцад Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 28 нэрийн 24.656 ширхэг эм илэрчээ. Түүнээс гадна шалгалтын дүгнэлтээр дотоод зохион байгуулалт, ажлын байрны эрүүл ахуйн чанартай  28 зөрчил илэрч, улсын байцаагчийн акт тогтоолгосон байна.

“Green home”  эмнэлэг нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байрладаг бөгөөд эрүүл мэндийн шалтгааны улмаас амьдралынхаа сүүлчийн цаг мөчүүдийг үдэж буй өвчтөнүүдэд хөнгөвчлөх эмчилгээ хийдэг аж.

БНСУ-аас санхүүжилттэй, бүхий л эмчилгээ нь үнэ төлбөргүй явагддаг шашны гаралтай уг эмнэлэгт зарим өвчтөнүүд нь зургаан сар, түүнээс ч урт хугацаанд эмчлүүлдэг талаар лусын байцаагч нар онцолж байлаа.

2005 оноос үйл ажиллагаа явуулж буй эмнэлэгт анх удаа шалгалт хийжээ

Манай улсад энэ төрлийн хөнгөвчлөх эмчилгээ явуулдаг 10 гаруй эмнэлэг байдаг. Эдгээрээс гурав нь гадны хөрөнгө оруулалттай. Хамгийн гол нь хөнгөвчлөх эмчилгээг үнэ төлбөргүй явуулдаг гэдэг утгаар манай улсын иргэд гадны эмнэлгүүдэд хандах тохиолдол их гардаг байна.

“Green home”  эмнэлэгийн тухайд  салбар яамнаас олгосон үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй. Үйл ажиллагаагаа 2005 оноос хойш тогтмол явуулсаар иржээ. Гэсэн ч энэ эмнэлэгт анх удаа Нийслэлийн мэргэжлийн хяналтаас шалгалт очиж буй нь энэ аж.

Нийтдээ 10 жил үйл ажиллагаа явуулсан уг эмнэлэг анхны шалгалтдаа ингэж бүдэрч, үүд хаалгаа түр барихад хүрээд байгаа аж. Түүнчлэн НМХГ-аас салбар яаманд хандан, уг эмнэлгийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг цуцлах хүсэлтээ илгээсэн гэх тодруулгыг өгч байна.

Үйл ажиллагаа явуулах эрх нь цг шугмаар цуцлагддаг байж. Гэсэн ч өнгөрсөн 10 жилийн хугацаанд үхэлтэй тэмцэж буй хичнээн Монгол иргэнд ямар эм тариа хийж байсан нь тодорхойгүй хэвээр замхарч буй юм.

Г.Батнасан:Хөнгөвчлөх эмчилгээ хийдэг  эмнэлгүүдийг шалгана

НМХГ-ын  Эмчилгээний чанарын  хяналтын улсын ахлах байцаагч Г.Батнасангаас дараах тодруулгыг авлаа.

- “Green home”  эмнэлэгийн санхүүжилтийн талаар мэдээлэл өгнө үү?

- Энэ эмнэлэг нь Солонгосын шашны байгууллагын санхүүжилтээр үйл ажиллагаагаа явуулдаг. Тэр утгаараа уг эмнэлэгт залбирал болон бусад шашны  зан үйлүүдийг хийдэг нь шалгалтаар тогтоогдсон.

- Өнгөрсөн 10 жилийн хугацаанд нийт хичнээн хүн эмчилсэн нь тогтоогдсон уу?

- Нийт хичнээн хүн эмчилснийг нарийн гаргаагүй байна. Жилдээ 50 гаруй хүн тус эмнэлгээр үйлчлүүлдэг. Биднийг шалгалт хийх ажлын хугацаанд нийт зургаан хүн хэвтэн эмчлүүлж байсан. Өвчтөн хүлээн авах 13 ортой юм билээ. Иргэд хүсэлтээ гаргаад, шууд хэвтэх боломжоор хангадаг.

- Иргэдээс ирсэн гомдолд үндэслэн шалгалт хийгдсэн юм уу?

- Одоогоор манай байгууллагад энэ эмнэлгийн талаар ямар нэгэн санал, гомдол ирээгүй. Бид удирдлагаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу шалгалт хийсэн байгаа.

- Цаашдаа энэ төрлийн эмнэлгүүдийг шалгах уу?

- Хөнгөвчлөх эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ижил төрлийн эмнэлгүүдийг манай байгууллагаас шалгана. Одоогоор шалгалтын тов удирдлагын түвшинд яригдаж байна.

- Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эдгээр 28 нэрийн эм, тарианууд хаанаас ямар шугмаар орж ирсэн нь тогтоогдсон уу?

- Монгол улсын хилээр нэвтрэхийг зөвшөөрөөгүй эдгээр эмүүд чухам ямар замаар орж ирснийг бид одоо тодорхойлоогүй байна. Энэ нь эргээд Цагдаагийн байгууллагад хамаарах асуудал болоод явна. Тус эмнэлгээс бидэнд “Хандив тусламжаар оруулж ирсэн” гэх тайлбарыг хийж байгаа.

- Дан ганц эмнэлгүүд гэлтгүй гадны санхүүжилттэй сүмүүд  зориулалтын бус орчинд эмчилгээ хийж байгаа  тухай яригддаг. Энэ тал дээр танай байгууллага ямар хяналт тавин ажилладаг бэ?

- Бидэнд энэ төрлийн мэдээлэл ирдэг. Иргэдээс гомдол ирсэн тохиолдолд бид шалгах үүрэгтэй. Эмчилгээний зөвшөөрөл аваагүй сүм, гадны байгууллагууд эмнэлгийн үйл ажиллагаа явуулж байвал иргэд манай байгууллагад шууд мэдээлэх боломж нээлттэй байгаа.


URL:

Сэтгэгдэл бичих