Анхаараарай! анхаараарай ! бохир улс төрөөс хүүхдүүдээ хол байлгацгаая

78aea78dc5b0696boriginal 78aea78dc5b0696boriginalӨчигдөр есдүгээр сарын 1-ний өдөр тохиов. Хичээлийн шинэ эхэлж, мянга мянган хүүхэд багачуудын дуу цангинасан эрдмийн их өргөө жаргалаар бялхдаг гэрэлт өдөр. Энэ л өдөр багш, сурагч хоёр учран золгож эрдмийн их үйлсэд зүтгэх эхлэлийн ариун өдөр. Харин энэ өдрийг өөрийн улс төрийн шоу, нэр хүндийг өсгөх үйл явдал болгож байгаа улстөрчид цөөнгүй байгаа нь харамсалтай. Тэдэнтэй тэдэнгүй хүүхэд, багачууд сурдагаа сурна. Гэтэл нэг УИХ-ын гишүүн, нийслэлийн ИТХТ-ийн гишүүн эсвэл хотын дарга сургууль юм уу цэцэрлэгийн нээлтэд оролцохгүй өнгөрөөнө гэж үгүй. Аль хэзээний оччихсон хүүхдийн өмнө алиа салбадай болоод зогсож байгааг харахаар инээд ч хүрэх шиг. Угтаа бол Улсын Ерөнхийлөгч нь, УИХ-ын дарга нь, Ерөнхий сайд нь л тоотой хэдэн сургуулийн нээлтэд оролцоод ирээдүйг гэрэлтүүлэх их үйлсийн эздэдээ мэндчилгээ дэвшүүлээд л өнгөрдөг байсан уламжлал сүүлийн дөрвөн жилд байхгүй болчихов. Бүр цаашлаад тэр сургуулийн нээлтэд энэ гишүүн ингэж оролцлоо. Хүүхдүүдэд тийм юм тараасан байна гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийгөө сурталчлах нь “гайхамшигтай”. Жишээ нь, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг өмнөх өдрөөс нь сонгогдсон тойргийнхоо сургуулийн нээлтэд оролцож хичээлийн хэрэгсэл гардуулна гэж сошиал ертөнцөөр өөрийгөө чамгүй “рекламдаад” авав. Д.Ганхуяг гишүүнтэй, гишүүнгүй аав, ээжүүд нь аль хэзээний хичээлийн хэрэгслийг нь бэлтгээд өгчихсөн байгаа л даа. Бүр 10.000 хүүхдэд хичээлийн хэрэгсэл тарааж “баярхсан” гэж байгаа. Хайран мөнгө. Тэр их мөнгөөрөө өөрийнх нь сонгогдсон тойргийн 48 дүгээр сургуулийн дээврийг нь янзлаад өгчихсөн бол дээр байхгүй юу. Арга ядсан сургуулийн удирдлага Олон улсын шашны байгууллага “Дэлхийн зөн”-г “царай алдсан” байх юм. Гэтэл “Дэлхийн зөн” манай улстөрчдөөс ч өгөөмөр зан гаргаж 50 гаруй сая төгрөгөөр 48 дүгээр сургуулийн 00-ийг тохижуулж өгсөн гэж байгаа. Ингээд бодохоор гаднын шашны байгууллагаас ичээсэй дээ, манай улстөрчид… Цаашлаад тусархуу зангаас нь бас суралцаасай даа, манай улстөрчид…

 

Мөн хотын дарга маань Сонгинохайрхан дүүргийн нэг сургуулийн нээлтэд оролцож, хятад шошготой, хулхи цүнх “бөөндсөн” сураг чих дэлсээд авлаа. Учир мэдэх хүний яриагаар бол хотын даргын төсөвт иймэрхүү зүйлд зарцуулах төсөв суулгаагүй гэнэ. Тэгэхээр сурагчдад “шахсан” хятад шошготой, хулхи цүнхний төсөв хотын даргын өөрийн халааснаас гарсан бүлж таарах нь. Харин тэр гаргасан мөнгийг эрхэм хотын дарга яаж түрийвчиндээ шигтгэсэн бэ гэдэг нь сонирхол татна. Энэхүү хөвөрсөн утасны үзүүрийг ээрч суугаа хүн нь хотын даргын хүү, “тендер” хочит Б.Чуулуудай байж тун болзошгүй. Учир нь тэрбээр хотын дарга аавтайгаа нийлээд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн тендерээс хэд хэдийг “шургуулчихсан” зайтай эр шүү дээ. Ядаж байхад тарааж байгаа цүнхнийх нь булан цоорхой, зарим газраа утас нь сэмэрчихсэн, цүнхэн дээрх цацруулагчийг нь үдээсний машинаар үдчихсэн ядмаг эд байсныг эцэг, эхчүүд голоод, авсан хүүхдүүд нь тоохгүй газар шидэхийг бодоход чанарын шаардлага хангахгүй эд байсан бололтой. “Нэг тараасных нэг мөсөн чанарын шаардлага хангахаар олигтойхон цүнх тараачихгүй дээ, энэ хотын дарга” гэх шивнээ энд тэнд сонсогдоно. Энэ мэт есдүгээр сарын 1-ний гэгээн өдрийг өөрсдийн пи-араа өсгөх өдөр болгож байдгаа больчихмоор л байгаа юм даа, улстөрчдөө. Хүүхдээс өөр пи-араа өсгөчих олигтой санаа олдохгүй байна уу. Ядаж байхад энэ жилийн хичээлийн шинэ жилийн нээлт их онцлог. Яг сонгуулийн өмнөх жилийн нээлт болохоор эрхэм улстөрчид бүр ч их анхаарал тавих нь гарцаагүй юм.

 

 

С.НЭМЭХ

unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих