Д.Далайжаргалыг Төрийн нарийн бичгийн даргаар томилсны учир юу вэ?

Засгийн газрын өнгөрсөн наймдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Далайжаргалыг томилсон билээ. Өдгөө 35 настай энэ залууг яагаад ийм өндөр албан тушаалд тавьсан нь хэн бүхний анхаарлыг татах биз. Тэрээр Завхан аймгийн Улиастай хотод төрж, нийслэлийн 23 дугаар дунд сургууль, МУИС-ийн ОУХДС-ийг төгссөн юм байна. Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газарт атташе хийж байж. Дараа нь Сайдын зөвлөлийн нарийн бичгийн дарга, БНФУ дахь Монголын Элчин сайдын яамны нарийн бичгийн даргаар ажиллажээ. БСШУ-ны сайдын зөвлөх, Швейцарийн хөгжлийн агентлагт төслийн менежерийн алба хашиж байгаад хамгийн сүүлд ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссийн ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.

Түүнд одоохондоо үүнээс өөр намтар алга. Улс төрийн хүрээнийхэн ч түүнийг “битүү морь” гэлцэх юм, ГэхдээД.Далайжаргалыг Ерөнхий сайд асан С.Баярын хүн гэх юм билээ. Анх улс төрд С.Баярын гараас хөтөлж орж ирээд “хөлд” оржээ. С.Баяр хаана ч явсан түүнийг дагуулж явдаг байсан тухай мэддэг хүмүүс нь ярьж байна. Учир нь С.Баяр Далайжаргалын аав н.Доржбал хоёр найзууд юм байна. С.Баярыг ОХУ-д Элчин сайд байх үед нь н.Доржбал тэнд ажилладаг байж л дээ. Мэдээлэл, технологийн үндэсний паркийн даргаар ажиллаж байхдаа төсвийн мөнгө шамшигдуулсан гэх хэл аманд орж явсан нэгэн гэнэ. Сүүлд нь н.Доржбал хар тамхины хэргээр хэрэг төвөгт орооцолдож, тэр цагаас сураг алдарсан аж. Тиймээс С.Баяр, н.Доржбал нарын хооронд ямар нэгэн өгөө, аваа байж магадгүй нь. Ямартаа ч С.Баяр хүүг нь гараасаа алдахгүй хөтөлж яваад их улс төрд оруулж, өдий дайны суудалд аваачсаныг үгүйсгэх аргагүй. Тэгээд ч БСШУ-ны яамны төрийн нарийн бичгийн даргад Д.Далайжаргалыг санал болгосон хүн нь Ерөнхий сайд С.Батболд гэж байгаа. Цаанаа ямар нэгэн учир начир, С.Баярын далайлт байсан учраас хэн ч танихгүй залуу хүүхдийг ийм суудалд суулгасан байж таарлаа.

Ер нь ч МАН-ынхан залуучуудаа өөд нь татаж, өндөр албан тушаалд дэвшүүлээд сурчихсан. Яамны төрийн нарийн бичгийн даргаар цус шингэн, туршлага нимгэн залуусыг томилдог байдал нь зөвхөн Д.Далайжаргалаар эхлээгүй. Хуучнаар МАСЗХ гэж байхад түүний удирдлагын алба хашиж явсан У.Бямбасүрэн гэж шавилхан залууг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн даргаар томилоод удаагүй, ердөө ганц хоёр жилийн нүүр үзэж байгаа билээ. Г.Сүрэнхор шиг араа бат хамгаалж, ачааны хүндийг үүрэн ял даах чадвартай залуусаа яамдын төрийн нарийн бичгийн суудалд тавиад байдаг юм бил үү, хэн мэдлээ. Ямартай ч төрийн нарийн бичгийн дарга гэдэг намд ч, хэнд ч ашигтай албан тушаал гэдэг. Хариуцсан яамныхаа хамаг ажлыг зангиддаг, цагаа тулах юм бол дэд сайдаас илүү эрх мэдэлтэй эрхмүүд бол яамдын төрийн нарийн бичгийн дарга биз ээ. Энэ ашигтай байг алдахгүй оноод сурчихжээ, МАН-ынхан.

Я.Мөнгөн

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

“ӨДРИЙН СОНИН”


URL:

Сэтгэгдэл бичих