Сэтгүүлчээс гурван тэрбумыг нэхэмжилсэн хэргийг хэрэгсэхгүй болголоо
Сэтгүүлч мэдээллийн эх сурвалжаа хамгаалах хууль эрх зүйн орчин хомс, сэтгүүлчийг өмгөөлж, хамгаалах хуулийн заалт үгүйгээс “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Болормаагийн нээж, илчилсэн хэрэг эцэстээ шүүх, прокурорт хэлэлцэгдэв.
Өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүх түүнд холбогдох хэргийг хэлэлцсэн юм. Сэтгүүлч Д.Болормаа хүний наймаа, насанд хүрээгүйчүүдийг бэлгийн мөлжлөгт уруу татах явдал нийгэмд далд хэлбэрээр бугшин буйг илчилж, үйлчлүүлэгчээр нь “Мон-Уран”-ы Б.Наранхүүг нэрлэсэн. Ингээд Б.Наранхүү Д.Болормааг бусдын нэр төрд халдсан хэрэгт буруутгаж, шүүхэд дуудсан бөгөөд гурван тэрбум төгрөг нэхэмжилжээ.
Олон сар сунжирсан уг хэргийг өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүх гурван цаг хуралдсаны эцэст шийдвэрээ гаргасан юм. Тус дүүргийн шүүхээс сэтгүүлч Д.Болормааг гэм буруугүй гэж үзсэн бөгөөд нэхэмжлэгч талын гомдлыг хүчингүйд тооцов.
“Мон-Уран”-ы захирал Б.Наранхүү нь биш бөгөөд адилхан нэртэй хүн байсныг баталжээ. Шүүх хуралдааныг шүүгч Ч.Хосбаяр даргалж, улсын яллагчаар Ш.Баярбилэг, Д.Болормаагийн өмгөөлөгчөөр Ц.Монгол нар оролцов. Д.Болормаад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт заасан хэргийг уншиж танилцуулсны дараа гэм буруугүйг нь тогтоосноор хэрэг явдал өндөрлөлөө.
Гэхдээ энд нэг зүйлийг сайн анхаарах учиртай. Хэвлэл мэдээллийн салбар нь эрүүл нийгмийн төлөө нэгдэж, шударга ёсыг сахин хамгаалах үүрэгтэй дөрөв дэх засаглал билээ. Гэтэл бичсэн нийтлэлээ баримттайгаар нотолж, эх сурвалжаа нууцалсныхаа төлөө сэтгүүлч бүсгүй шүүхэд дуудагдсан. Яахав “Мон-Уран”-ы захирал Б.Наранхүү энэ хэрэгт хамааралтай байсан эсэх нь тийм ч чухал бус. Гагцхүү сэтгүүл зүйн мөн чанар, түүнийг хэн өмгөөлөн хамгаалах, эх сурвалжаа нууцлах эрхийг нь ямар хуулийн орчинд баталгаажуулах вэ гэсэн асуулт гарч ирсэн юм.
Д.Болормаагийн нийтлэлд, дунд сургуулийн сурагч охидын онгон биеийг 500 ам.доллараар худалддаг хүмүүсийн сүлжээ үүссэн төдийгүй зуучлан авагч, үйлчлүүлэгчдийг нь найман цуврал нийтлэлдээ дэлгэрэнгүй дурьджээ. Ингэхдээ хохирогчдын яриагаар баталгаажуулсан байдаг. Үйлчлүүлэгчээр нэрлэгдээд байсан “Мон-Уран”-ы Б.Наранхүү энэ бүгдийг эрс няцааж, нэр төрөө сэргээлгэхээр Д.Болормааг шүүхэд өгсөн. Шүүхийн шийдвэрээр дээрх хэрэгт, нэхэмжлэгч болон хариуцагч талууд болж оролцогчдын хэргийг хүчингүйд тооцсон бөгөөд нэр төр сэргээлгэх гурван тэрбум төгрөгийн асуудал ч намжлаа.
Шүүх хуралд Б,Наранхүү биечлэн ирж оролцоогүй бөгөөд түүний төлөөлөгч шүүх хуралд оролцсон юм. Гэвч бага насны охидын биеийг мөнгөөр үнэлэн баян, чинээлэг үйлчлүүлэгчидтэй байсан уу үгүй юу гэх асуудал тэндээ үлдлээ. Зөвхөн тухайн сэтгүүлчийн нийтлэлд олны танил эрхэм холбогдож, түүний нэр хүндэд халдсан хэмээн үзэж шүүхийн байгууллагад хандсан байдаг. Тиймээс сэтгүүлч Д.Болормаагийн хөндсөн сэдэв, хохирогчдоос авсан баримтат яриа зэрэг нь хэвээр үлдэв бололтой. Зарим хүмүүс хохирогч гээд байгаа охин нь биеэ үнэлэгч байсан бөгөөд мөнгө авч байгаад яриа өгсөн гэх цуу ч сонстож байв. Гэхдээ насанд хүрээгүй охидын биеийг үнэлдэг байдал нийгэмд огт байхгүй гэхээр бас болохгүй юм. Учир нь дээрх нийтлэл өдөр тутмын хэвлэлийн найман удаагийн дугаарт тавигдсан. Иймийн учир түүний хөндсөн сэдвийг лавшруулан шалгаж, үнэхээр л 500 ам.долларын барьцаатай өсвөр насны охидын биеийг үнэлүүлдэг сүлжээ үүссэн үү гэдгийг нягталмаар.
Сэтгүүлчийн эрхийг хамгаалах хуулийн орчин дутмаг байна
Нийгэмд аливаа сенсаац үсэрхийлэн, үрэвсэх аюул өндөр байдаг. Ийм учраас асуудал хөндсөн тэгээд бүр баримттай нотолсон сэтгүүлчийг хэн дуртай нь шүүхэд өгөөд байх хандлага нэмэгдэх вий. Угтаа сэтгүүлч нь өөрт учрах аливаа үр дагаврыг эс тоон үнэнийг мэдэх олон нийтийн эрхийг хүндэтгэх учиртай. Тийм ч учраас асуудал бүхнийг наана, цаанаас нь сөхөж, ухаж төнхчих дуртай. Дуртай ч юу байхав. Сэтгүүлчийн байгалийн араншин гээд хэлчихэд буруудахгүй юм. Харин олон нийтийн эрхийн төлөө хэсэг бүлэг хууль бус үйлдэлд оролцогчдыг илчлэн уудалсан сэтгүүлчид Д.Болормаагийн адил шүүх хурлын танхимд хариуцагчийн индэрийн ард зогссоор байх хэрэг үү.
Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй гэж Үндсэн хуульд заасан шиг сэтгүүлчийн эрхийг хамгаалах, түүний эрх зүйн орчинг сайжруулах шаардлага өнөө цагт тулгараад байна. Ямар сайндаа манай улсын сэтгүүлч мэдээллийн эх сурвалжаа хамгаалах эрх зүйн орчин тааруугаас болж Олон улсын сэтгүүлчдийн холбоо, Ази Номхон Далайн бүсийн захирал Жаклин Парк Д.Болормаагийн аюулгүй байдлыг хангах, эрх зүйн туслалцаа үзүүлэхийг “Глоб Интернэшнл” Төрийн бус байгууллагад хандсан байхав.
Мөн түүний аюулгүй байдлыг хангахад анхаарлаа хандуулахыг манай эрх баригчдаас хүссэн байгаа юм. Ингээд бодохоор сэтгүүлч дан ганц хүний наймаа гэлтгүй онц, ноцтой гэмт хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн тохиолдолд түүний амь насанд ч аюул учирч болно. Ний нуугүй хэлэхэд бид ийм л нийгэмд амьдарч байна. Тиймээс эрх зүйн хамгаалалт аргагүй дутагдаж буй сэтгүүл зүйн салбар нийгмээ эрүүлжүүлэх эцэс төгсгөлгүй тэмцэлд дан ганц үзэг юугаа л хурцатгахаас аргагүйд хүрдэг нь эр зориг хэдий ч эрсдэл аюул нь тоглоом биш.
Энэ мэтчилэн баримттай хөндөгдсөн асуудал бүр шүүхийн хаалгаар шагайсаар байх гэж үү. Баримттай дэлгэгдсэн нийтлэл бүрийн цаана ямар нэгэн сэжүүр байдгийг хууль, хяналтын байгууллага анхааралдаа авах цаг нэгэнт болжээ.
Т.Батсугар http://niigmiintoli.mn/
URL: