Давсны хэрэглээг бууруулах стратегийг баталлаа
Засгийн газраас Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратегийг баталлаа. Стратегийг 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хамтран баталж, хэрэгжилтийг төрийн болон төрийн бус байгууллагын оролцоо, хамтын ажиллагаанд тулгуурлан удирдлага, зохион байгуулалт, мэдээллээр хангаж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нарт даалгасан байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас 2010 онд хүн амын давсны хэрэглээг өдөрт 5 грамм хүртэл багасгахад тархины цус харвалтыг 24 хувь, зүрх судасны өвчнийг 18 хувиар бууруулж, халдварт бус өвчний шалтгаант нас баралтыг бууруулах боломжтойг тогтоож, 2025 он гэхэд давсны хэрэглээг 30 хувиар бууруулах зорилт дэвшүүлэн энэ чиглэлийг бодлого стратеги болгон хэрэгжүүлэхийг гишүүн орнуудын Засгийн газарт зөвлөжээ. Монгол хүн хоногт 11.1 грамм /баруун бүсийн аймгуудад 15.6 грамм/ давс хэрэглэж байгаа нь ДЭМБ-аас зөвлөмж болгож байгаа хоногт 5 грамм хэрэглэх хэмжээнээс даруй 2 дахин өндөр байна. Монголчуудын нийтлэг хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний 81.6 хувь, нийтийн хоолны 83.6 хувь нь олон улсын жишгээр “давс ихтэй” ангилалд байна.
Иймд хүн амын давсны хоногийн хэрэглээг 2025 он гэхэд 30 хувиар бууруулах зорилгоор үндэсний стратегийг боловсруулжээ. Стратегийг хэрэгжүүлснээр давсны хэт хэрэглээтэй холбоотой үүсэх өвчлөлийн түвшин буурах эерэг нөлөө үзүүлэх төдийгүй урьдчилсан судалгаагаар эдийн засагт ч эерэг нөлөө үзүүлэх дүн гарчээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
URL: