Унци алт 1900 ам.долларт хүрчээ
Дэлхийн томоохон биржүүд дээр унци алтны ханш 1900 ам.долларт хүрснээр түүхэн амжилтаа үргэлжлүүлсээр байна.
Ханшийн өсөлтийг дийлэнх шинжээч ам.долларт итгэх хөрөнгө оруулагчдын итгэл буурсантай холбон тайлбарлажээ. Азийн хөрөнгийн бирж дээр унци алтны ханш бүр 1913.50 ам.долларт хүрэв. Европын биржүүд өчигдөр нээгдэхэд ханш бага зэрэг суларсан байна.
АНУ-ын өрийн асуудал, рейтинг, евро бүсийн эдийн засгийн хүндхэн байдал шар металлын ханшийг ийнхүү өсгөж, бүх цаг үеийн хамгийн өндөр ханшийг тогтоов. Австралийн хөрөнгө оруулагч Даррен Хеаткот “Алтны ханш өсч байгаа нь сайн хэрэг. Бид алтанд хөрөнгө оруулсан болохоор цаашид ч өсөлтийг хүлээж байна” гэжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар зөвхөн алтанд хөрөнгө оруулах нь АНУ-ын эдийн засгийн байдлыг хүндрэлд оруулна. Тэд санхүүгийн шинэ гарц хайж байгаа энэ үед ам.долларт итгэх итгэлийг сэргээх нь зайлшгүй авч хэрэгжүүлэх бодлого болжээ. Төв банкны удирдлагууд болон засгийн газрын төлөөлөгчид ирэх долоо хоногт Жексон холлд уулзалт зохион байгуулна. Үүнд оролцох Холбооны нөөцийн сангийн тэргүүн Бен Бернанке уулзалтын дараа тийм ч таатай үр дүн гарахгүй гэж үзжээ. Учир нь АНУ-ын гадаад өрийн асуудал болон ам.долларын уналт, санхүүгийн систем хоорондоо зохицохгүй байгаа аж.
Д.Түвшинтөр http://niigmiintoli.mn/
URL: