Дэд сайд Ч.Жаргалсайхан: Төрөөс хүүхэд, залуучуудаа анхаарахгүй бол Монголын маргааш бүрхэг байна

Монголд залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын Найрамдлын районы МХЗЭ-ийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар, Ажилчны районы МХЗЭ-ийн хорооны хоёрдугаар нарийн бичгийн даргаар тус, тус ажиллаж байсан одоо Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар ажиллаж байгаа Ч.Жаргалсайхантай ярилцлаа.

-Залуучуудын байгууллага үүсч хөгжөөд 100 шахам жил өнгөрч удахгүй ойн баяраа тэмдэглэх гэж байна. Энэ байгууллагад олон жил ажилласан хүний хувьд ойн босгон дээр ямар дүгнэлт хийж байна?
-Монгол Улсад залуучуудын хөдөлгөөн үүсч хөгжсөний 95 жилийн ой энэ сарын 25-нд тохиож байна. 1921 онд Ардын хувьсгал мандсаны дараа Бошгыг халах залуучуудын эвлэл нэртэй залуучуудын байгууллага анх байгуулагдсан түүхтэй. Тухайн үеийн нам, төрийн ажилд тусалж, залуучуудыг удирдан чиглүүлж, улс нийгмийн үйл ажиллагаанд оролцуулах, өөрөөр хэлбэл хамгийн анхны улс төр, олон нийтийн байгууллага бий болсон нь энэ.

Сүүлд Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэл / МХЗЭ/ нэрээр 70 жил үйл ажиллагаа явуулсны эцэст 1990 онд татан буугдаж Монголын залуучуудын холбоо гэдэг нэртэй байгууллага болсон. Өнөөдөр залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ой энэ өдрүүдэд болох гэж байна. Баярын өдрийг угтаж залуу насныхаа эрч хүч, зориг хийморийг улс эх орныхоо төлөө зориулж ирсэн залуучуудын байгууллагын үе үеийн гишүүд, ажилтнуудад ойн халуун баяр хүргэж, цаг мөнхөд залуу байгаарай гэж ерөөе. Залуучуудын байгууллага улс эх орны өмнө тулгамдсан маш олон зорилт, бүтээн байгуулалтын ажлыг 90 жилийнхээ түүхэнд хийж гүйцэтгэж ирсэн. Үүний тодорхой жишээ нь МХЗЭ гэж байхад энэ байгууллагыг Монгол төрийн зарлигаар таван одонгоор шагнасан байдаг юм.

Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тэмцлийг манай залуучууд удирдаж, оролцож, эх орныхоо төлөө халуун амь, бүлээн цусаа зориулж явсан. Халх голын тулалдаан, 1945 оны чөлөөлөх дайн, 1948 оны Байтаг Богдын чөлөөлөх тулгаралт энэ бүхэнд залуучуудын төлөөлөл, залуу дайчид эх орныхоо төлөө алтан амь, бүтээн цусаа зориулж ирсэн. 1936 онд Ш.Гонгор баатар Бүгд Найрамдах Монгол Ард Улсын баатар болохдоо дөнгөж 18- хан настай байсан. Байтаг Богдод тулалдаж баатар болсон Даваадорж, Тэгшээ, Гиваан гурав амь эрсдэхийнхээ өмнө эвлэлийн батлахаа урж чулуун дор хийсэн байдаг.

Эвлэлээс төрсөн бас нэг баатар өнөөдрийн Тавантолгойн нүүрсний их нөөцтэй Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат эвлэлийн ажилтан Түвдэнгийн Борын алдар гавьяаг Монголчууд санан дурсч байдаг. Эх оронч, баатарлаг үйлсийн үлгэр дууриал, жишээ баримт олон бий. Эх орны бүтээн байгуулалтын талбарт манай залуучуудын оролцоо маш их байсан. Найрамдлын Дархан хотыг байгуулах их ажил, Эрдэнэтийн үйлдвэр, Бага нуурын уурхайн бүтээн байгуулалтад манай залуус залуучуудын байгуулагынхаа илгээлтээр сайн дураараа эх орны өнцөг булан бүрээс ирж ажиллаж, хөдөлмөрлөж байсан. Монгол оронд хөдөө аж ахуй, газар тариалан хөгжүүлэх, анхны сангийн аж ахуйнуудад мөн л манай залуус илгээлтээр очиж ажиллаж байлаа.

Нэгдэлжих хөдөлгөөн байгуулагдсаны дараа 1970-аад оны эхээр малчдын залуу халааг бэлтгэхэд мөн л илгээлтийн эзэд санал, санаачилга гаргаж, олон аймаг, суманд анги хамт олноороо очсон туршлага бий. Тэр цагаас хойш шинэ нийгэм, эдийн засгийг байгуулах хүртэл бас л манай залуус эрч хүчээ зориулан ажиллаж байна. Хүн амын бараг 70 шахам хувь нь 35 хүртэлх насны залуус гээд бодоод үзэхэд нийт хийж буй ажлын 70 орчим хувийг манай залуучууд нугалдаг. Тэгэхээр ойн баярын өдөр зөвхөн энэ байгууллагын баяр бус манай нийт залуучуудын баяр юм.

-Өнөөдөр залуучуудын байгууллагын талаар хүмүүс шүүмжлэлтэй ханддаг. Энэ талаар юу хэлэх вэ?

-Манай залуучуудын байгууллага ямар байна, яаж ажиллаж байна гээд харахаад учир дутагдалтай, шүүмжлэлтэй хандах зүйл бий. 1990 онд манай улсын хүн ам хоёр сая орчим байсан. Өнөөдөр гурван сая шахам иргэнтэй болсон. Хүн амын тоо өсч, залуучуудын тоо ингэж их нэмэгдэж байхад залуучуудын маань байгууллага санасанд хүртэл ажиллаж чадахгүй байгаа тал байна.

Төр, засгийн зүгээс хүүхэд, залуучуудаа анхаарч халамжлах, удирдаж чиглүүлэх ажил дутагдаж байна. Улс орны маргаашийг удирдаж авч явах эзэд нь тэд учраас хүүхэд, залуучууддаа хүндэтгэлтэй хандаж, хайр ивээлээ харамгүй зориулж, удирдан чиглүүлэх, хүмүүжүүлэх ёстой. Гэтэл бид хүүхэд, залуучуудын хүмүүжлийн асуудалд алддаг. Удирдаад аваад явахад ч учир дутагдалтай ханддаг. Алимны шинэ модноос хэзээ ч ялзарсан алим ургадаггүй. Түүнийг арчилж, хамгаалж, ургуулж, тордож байгаа хүний буруу ажиллагаанаас болж ургасан алим ялзардаг. Түүнтэй адил муу муухай, бузар булай хүүхэд, залуус эцэг, эхээс төрдөггүй. Тэд ямар хүн болох нь хүмүүжүүлж байгаа төр, засаг, авч явж байгаа эцэг, эх, үлгэр дууриал болж байгаа ахмад үе, багш сурган хүмүүжүүлэгчтэй шууд холбоотой.

Өнөөдөр харамсмаар тоо баримт, нүд халтирмаар дүр зураг харагдаж байгаа. Олон залуус архи ууж, гэмт хэрэгт холбогдож байгаа. Хамгийн аймшигтай нь Монголчуудын хэдэн зуун жилээр үзэн ядаж ирсэн, манжийн дарлалд байхдаа ч ариун биедээ шингээгээгүй хар тамхийг хэрэглэдэг зохион байгуулалттай бүлэглэлүүд залуусын дунд байна. Хил дамнуулан нааш, цааш зөөж хууль бус ажиллагаанд оролцдог болсон байна. Төр, засгаас залуучуудыг өв тэгш хүмүүжүүлэхэд бид ихээхэн алдаж байна. Удирдан чиглүүлэх талаар ч алдаж байгаа зүйл олон бий.

-Залуусын зарим нь алдаж байна. Түүний хажуугаар ололт амжилтаар дүүрэн яваа нь цөөнгүй. Тэдэнд санаа оруулж хэлэх, туршлага болгох зүйл юу байна?
-Манай залуус өнөөдөр спортын амжилтаараа олимпийн тэнгэрт эх орныхоо тугийг мандуулж, алт, мөнгө, хүрэл медаль аваад ирж байна. Урлаг, спортын бахдам амжилт үзүүлж тив дэлхийг гайхуулан баясгаж байгаа залуус олон бий. Гадаадын улс орнуудад мэдлэг, чадвараараа гайхуулж яваа, дэлхийн нэртэй пүүс, том компаниудад ажиллаж байгаа залуус цөөнгүй байна. Авьяас, чадвартай залуусын залгамж халаа ар араасаа тасралгүй гарч ирж байгаа сайхан цаг үед тэднийгээ зөв залах, зөв халамжлах, зөв туслах хэрэгтэй.

Залуусын зарим нь зах зээлийн нийгмээ буруу ойлгож, хүн зөвхөн мөнгө олохын төлөө амьдрах ёстой юм шиг санадаг тал бий. Залуу хүн өөрөө өв тэгш хүмүүжилтэй, өргөн их мэдлэгтэй, зан харилцаа сайтай байхад ажлын асуудал, мөнгө, төгрөг амьдралын асуудал хажууд зүгээр бэлэн байж байдаг. Түүнийг хайж дээрэм тонуул, хулгай хийх шаардлага огтхон ч байхгүй. Гадаад, дотоодын компани, шинээр байгуулагдаж байгаа үйлдвэр аж ахуйн газрууд тийм боловсролтой, хэлний ийм мэдлэгтэй хүн ажилд авна гэж өчнөөн зарлал гаргадаг. Түүнд нь таарч тохирох хүн алга.

Зөвхөн Оюутолгойд гэхэд 200-гаад гагнуурчин авна гэж байна. Гэтэл хайгаад, хайгаад олдохгүй 40-50 орчим хүн оллоо гэж ярьж байна. Өндөр зэрэглэлийн гагнуурчин, инженер, уул уурхайн мэргэжилтэн, мал аж ахуйн боловсон хүчин хэрэгтэй байна, бидэнд. Монгол Улс зөвхөн 45 сая толгой малаа зөв өсгөж, арчилж тордоод, ашиг шимийг зөв хүртэж, түүхий эдээ боловсруулаад явахад ямар ч уул уурхай хэрэглэхгүйгээр, ямар ч байгалийн баялаг ашиглахгүйгээр Катар шиг, Кувейт шиг амьдрах бүрэн бололцоо бий.

Германы эрдэмтэд ирээд ярьж байсан. Зөвхөн ойгоо ашиглахад ямар ч мал маллахгүйгээр, ямар ч үйлдвэрлэл явуулахгүйгээр гурван сая хүн ДНБ-нийхээ нэг хүнд оногдох хэмжээг 15 мянган ам.долларт хүргэж сайхан амьдрах боломж та нарт бий гэсэн. Ийм их бололцоог цаг алдалгүй ашиглах шаардлага бидний өмнө тулгарч байна. Өнөөдрийн нийгмийн бас нэг онцлог нь залуу хүн өөрөө өөрийнхөө хувь заяаны эзэн байж, өөрөө өөрийгөө хүмүүжүүлж, эзэмдэж авч явах хатуу шаардлагыг нийгэм бидэнд тавьж байгаа. Түрүүн хэлсэнчлэн эдэд шуналгүй эрдэмд шамдаж өндөр боловсролтой, өргөн мэдлэгтэй болж чадвал хүний хувь заяа өөрийг нь тодорхойлоод аваад явчихдаг юм гэж хэлэх байна.

Өөр нэг асуудал бол дээд боловсролын салбарт гажуудал үүсч, олон сургууль бий болж сургалтын төлбөр нь нэмэгдэж, чанаргүй боловсрол эзэмшүүлснээс дипломтой ажилгүй хүний тоо нэмэгдэж байгаа нь анзаарагддаг. Энэ асуудлыг төр, засаг анхаарч засч залруулах, шаардлагатай боловсон хүчин, мэргэжилтнүүдээ төлөвлөгөөтэй бэлтгэх, хуваарилахыг шаардаж байна.

-Залуучуудын байгууллагад ажилласан туршлагатай хүмүүсээс өнөөдөр хэн хаана ажиллаж байна?

-Залуучуудын байгууллагад он удаан жил ажилласан олон хүн өнөөдөр төр, нийгмийн томоохон зүтгэлтэн болсон жишээ цөөнгүй. Тухайлбал, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл гуай байна. Залуучуудын байгууллагын ахмад ажилтан. УИХ-ын гишүүд дотор Д.Арвин, Д.Оюунхорол, Ч.Сайханбилэг, Сангийн сайд, УИХын гишүүн С.Баярцогт, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, УИХ-ын дэд дарга Г.Батхүү нарын залуучуудын байгууллагад ажиллаж байсан хүмүүс өнөөдөр улс орныг удирдалцаж байна.

Залуучуудын байгууллагад ажиллаж ирсэн хүмүүс зах зээлийн ороо бусгаа үед бусадтай харьцуулахад ажиллаж, амьдрах арга эвээ олчихсон, амжилт бүтээл арвин яваа туршлага түлхүү харагддаг. Залуучуудын байгууллага идэвхтэй байсан социализмын үед бараг хүн нэг бүртэй тулж ажилладаг байсан. Улаанбаатар хотын эвлэлийн хороод ажил нь урагшлахгүй байгаа, бусдаасаа хоцорч байгаа ямар байгууллага байна тэнд очиж ажилладаг, өндөр бүтээлийн уралдаан, тэмцээн зохион байгуулдаг. Түүнийг дагаад ажил сайжирдаг, залуус идэвхждэг байлаа.

1990-ээд оноос өмнөхөн 1986-1987 онд өөрчлөн байгуулалтын асуудал өрнөж, аж ахуйн тооцоонд шилжих тухай ярьж эхэлснээр залуучууд идэвхжиж, залуучуудын орон сууцны хөтөлбөр гарч одоогийн XI хорооллын нэг байрыг залуус өөрсдөө барьж орсон туршлага бий. Залуусын дунд орон байрны шагналтай томоохон уралдаануудыг явуулж бүтээн байгуулалтын ажил хийлгэдэг уламжлал тогтсон байсан. Тухайн үед Залуучуудын соёлын ордон, Эх нялхсын төв, техник туслалцааны барилга трестийн бааз, карьерийн нэгдсэн аж ахуйн том ажлууд эхэлчихсэн. Барилгын ажлууд урагшилдаггүй. Улаанбаатар хотын залуучуудын эвлэлийн хорооноос бүх аймгаас барилгачин авчирч социалист хөдөлмөрийн төлөө уралдаан зарлаж барилгын ажлыг хугацаанаас нь өмнө шахам дуусгаж хүлээлгэж өгч байлаа.

Эвлэлийн үүр, хороод ч сайн ажиллана. Нэг жишээ хэлэхэд, өглөө бүр дүүргийн цагдаагаас эвлэлийн үүрт архи ууж эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн овог нэр, хаяг ирдэг. Тэр болгонтой тулж ажилладаг байлаа. Түүний хүчинд архи уух явдал ховор байсан. Одоо залуус их төлөв шөнийн цагаар гадуур гарч ууш, цэнгээний газраар явах сонирхолтой болчихож. Тэнд нь мансуурлуулах төрлийн янз бүрийн бэлдмэлүүд зардаг шиг байгаа юм. Мансуурлын эсрэг арга хэмжээ авч таслан зогсоохгүй бол жинхэнэ тахал. Гэтэл дэлхий нийтээр тахал гэж нэрлэж айж байгаа зүйл Монголд ердийн үзэгдэл болсон байна. Энэ бүхнийг залуучуудын байгууллага засч залруулах хэрэгтэй.

Сүүлийн үед улс төрийн намуудын дэргэдэх залуучуудын байгууллага олширлоо. Хамгийн гол нь тэднийг сайн ажиллуулах, нэгдсэн бодлогоор хангах чухал юм. Өнөөдөр залуучуудын яам байх хэрэгтэй, эсвэл хүүхэд, залуучуудын бодлого, хэрэгжилтийн газар байгуулах учиртай гэж олон хүн ярьж байна. Бодох учиртай, хэрэгжүүлэх ёстой асуудал. Өнөөгийн залуусыг би хүнийг нь муу гэж байгаа юм биш. Тэднийг анхаарах, халамжлах, зарим үед хариуцлага тооцох, зохион байгуулах ажил дутсанаас залуус буруу хүмүүжиж байна. Спортын томхон цогцолборууд алга. Тэдний очиж байгаа газрын олонх нь тоглоомын төв, бүжгийн клуб, бар байна. Тэнд очихоороо мансуурдаг. Ууж хэтрүүлээд хоорондоо зодолдож, гэмт хэрэгт холбогдож байна.

-Таны үеийнхний ажиллаж, амьдарч ирсэн цаг үеэс өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдсөн. Өнөөгийн нөхцөлд залуучуудын байгууллага юу анхаарч, яаж ажиллах ёстой бол?

-Бидний үеийнхээс олон зүйл өөрчлөгдсөн. Сурч боловсрох, ууж идэх, өмсч зүүх, эдэлж хэрэглэх боломж бололцоо хамаагүй илүү болсон. Тэр үед бид ах, эгч нарынхаа багадсан хувцсыг дамжуулж өмсдөг. Гэртээ хоёр төрлийн хоол иднэ. Хоногт нэг удаа махан хоол идэх жишээтэй. Хийдэг ажил нь ном унших. Зурагт тэр үед байсангүй. Гол нь хичээл, сурлагадаа шамддаг. Тухайн үеийн нийгэм нь өөрөө тийм байсан. Бараг дэлхий тэр чигээрээ тийм байсан. Одоо бол дэлхий хөгжсөн. Тэр үетэй харьцуулах юм бол нийгмийн дэвшил хамаагүй дээшилсэн. Ийм цаг үед бид яах ёстой вэ.

Залуучуудын байгууллага яаж ажиллах ёстой юм бэ. Хуучны арга барилаар ажиллана гэж лав байхгүй. Тэр үеийн хүүхэд, залуусын ухамсар, бодол санаанаас одоогийн хүүхэд залуусынх хамаагүй өөр болсон. Энэ хооронд зөрүү гарч байгаа юм. Тэгэхээр хуучны арга барилаар удирдаж огт таарахгүй. Гэхдээ эзэнгүй хаяж хэрхэвч болохгүй. Таарах арга барилыг нь олох хэрэгтэй. Үүний тулд Монголын залуучуудын холбоо, хүүхэд, залуучуудын газар, сурагчдын холбоо, нам болгоны дэргэдээ байгуулсан залуучуудын байгууллага тодорхой ажил хийх ёстой. Зүгээр нэг улс төрийн зорилгоор залуучуудыг нэг, хоёр удаа ашиглаад хаях бус ирээдүйд боловсролоор нь ч, хүмүүжлээр нь ч бэлдэж өгөх ёстой.

-Сүүлийн үед бага насны охид, мөн бүсгүйчүүд хүчирхийллийн золиос болж, зарим нь биеэ үнэлж, бэлгийн мөлжлөгт өртөх боллоо. Манай сонин “Охидоо хаана нуух вэ” цуврал сурвалжлага, ярилцлагуудаар асуудал хөндөж ирсэн. Энэ талаар юу хэлэх вэ?
-Өнөөдрийн цэцэг цэврүү болсон сайхан охид эх орны маргаашийн ээж, эхчүүд. Үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх хүмүүс маань тэд. Гэтэл маргаашийн ирээдүй яасан бүрхэг байна вэ. Энэ асуудлыг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд ярьж төр, засаг арга хэмжээ авах ёстой. Нөгөөтэйгүүр оюутнуудад цалин өгөх ёстой. Ханаж цадтал нь өгч чаддаггүй юм гэхэд боломжоор нь олгох учиртай. Болохгүй бол охидод нь өгөх ёстой. Тийм тэтгэлэг байхгүй учраас жаахан охидын эдийн засгийн эмзэг байдлыг далимдуулан биеийг нь үнэлүүлдэг, бэлгийн мөлжлөгт ашигладаг явдал газар авч байна. Төр бодлогоор зохицуулахгүй байгаа учраас тэднийг биеэ үнэлэх байдал руу түлхэж байна.

Ч.Олдох


URL:

Сэтгэгдэл бичих