Ерөнхий сайд аа! “Бүр цаад эзэн” нь Таны зөвлөх байжээ
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 27-нд АСЕМ-ын бэлтгэл хангах ажлын хэсгийнхэнд өмнө нь өгсөн үүрэг даалгавраа шалгах зорилгоор уулзахдаа нэгэн “сюрприз”-ыг барьсан юм. Энэ нь хэн ч үл мэдэх “Хүннү Лорд” компани олон улсын нислэгээр ирсэн гадаадын зорчигчдод 160 ам.долларын үнэ бүхий “Access” сэтгүүлийг албадан шахсаныг чинь мэдсэн шүү хэмээн “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын дарга М.Даваажавыг бүлтэгнүүлсэн явдал байв. Юун АСЕМ манатай ямар өндөр үнэтэй сэтгүүл вэ, улсын онцгой бүсэд яагаад тэдэнд сэтгүүлээ сурталчлах, албадан худалдах боломж олгов болоод явчихав. Сандарсан М.Даваажав “Яамны зөвшөөрлөөр…” гээд ээрч муурч, харин яамныхан “Яаманд тийм үүрэг байхгүй, мэдэхгүй” гэж няцаах нь тэр. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсноосоо хойш анх удаа айхавтар хилэгнэж төрийн албан хаагчийг загнаж байгаа нь энэ. Магадгүй хар нялхаасаа шахам Ардчилсан намтай амьдралаа холбосон түүний хувьд “МАН-ын сайдтай” болохоор нь Зам тээврийн яам бүр ч “худалч, хулгайч” мэт харагдаж хилэгнэсэн байж болох юм.
Ерөнхийлөгч сайд нарыг Ерөнхий сайдтай хамт загнаж түүнийг нь “Ийгл” телевиз орон даяар цацаж байсан. “Женко” Х.Баттулгыг твийтрээр загнаж онлайн хэрүүлийн загварыг үзүүлж байв. УИХ-ын дарга гишүүдээ “Чи уймраа болж”, “Чи согтож, унт” гэж чуулганы индрээс хэлээд мөн л орон даяар цацагдсан. Гэтэл Ерөнхий сайдад маань дуулиантайхан загначихсан удаа бий билүү. Ингээд өөрийн намынх биш өрөөлийнх юм чинь гэсэн шиг МАН-ын сайдтай, бас чиг одоо мөчөөрхөлцөөд байгаа З.Энхболдтой нь санаа бодол нэгдээд байгааг нь бодож Зам тээврийн яамныханд өнөөх Засгийн газрын нэрийг барьж сэтгүүл шахсан хэргийг “тохож” телвизийн камертай байгаа дээр нь нэлээд жинтэйхэн аваад хаячихлаа. Уг нь Ерөнхий сайд хүн сайдуудаа загнавал гоё л доо. Гэтэл манай Ерөнхий сайд сайдыг биш, яамыг, тэр тусмаа нэг агентлагийн дорх газрын даргыг ниргэчих шахав. Түүнийг нь Ерөнхий сайдыг дэмжигч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь сайд асанд нь нааж ирээд баахан бичлээ. Гэвч ердөө маргааш нь Зам тээврийн яамны холбогдох албаны хүмүүс баримт нотолгоо болгон бичиг цаас дэлгэж “сэтгүүлийн асуудалд оролцохгүй” гэсэн байр сууриа илэрхийлж байснаа олон нийтэд үзүүлсэн юм.
“Чингис хаан” олон улсын нисэх буудлын дарга М.Даваажав “яамны зөвшөөрлөөр” гэж сандарсандаа хэлснээ хүлээж, “Хүннү лорд” сэтгүүлийн эзэн гэх Ц.Баттөмөр зөвхөн утсаар тодруулга өгөхдөө “Нэг ч сэтгүүл зараагүй. Бүхнийг зөвшөөрлийн дагуу хийсэн, цагдаагийнхан шалгаж байгаа” гэхчлэн худал тодруулгаар аргацааж сууна. Харин Ерөнхий сайд энэ нөхцөлд “Ховоор ажлаа хийсэн” болж таарлаа. “Хал” гэсэн хүмүүсийг нь ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга “Гэм буруутайг нотлоогүй байна” гээд халж өгсөнгүй. Түүний зөв. Ерөнхий сайд байдал эвгүйтэхийг мэдээд дуугүй болчихлоо. Харин одоо сэтгүүлчдийн дуугарах ээлж. Үргэлжлүүлэн хөөж үнэнийг хайв.
Гэтэл бүр ч сонин баримт олдов. Энэ бол “Хүннү лорд” ХХК-д “Чингис хаан” ОУНБ-ын гаалийн хяналтын бүсийн 2-р давхрын ирэгчийн зааланд “Access” сэтгүүлийг худалдахад татгалзах зүйлгүй” гэсэн “Буянт Ухаа дахь гаалийн газрын дарга З.Сырымбекийн гарын үсэг бүхий албан бичиг олдлоо.
Одоо “Буянт Ухаа дахь гаалийн газрын даргаар Н.Удаанжаргал томилогдон ажиллаж буй. Тэгэхээр энэ бичиг 2015 оны гуравдугаар сарын 7-нд буюу З.Сырымбекийг тус газрын даргаар ажиллаж байх үед үйлдэгдсэн нь баримтаар нотлогдож байгаа биз. З.Сырымбек нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгийн эхнэрийн төрсөн дүү бөгөөд өмнө нь Монголын чөлөөт бөхийн холбооныхны хэрүүлийн үеэр Казахстаны иргэдийг Монголын тамирчдын нэрээр визгүй зорчуулах хууль бус ажиллагаа яваад байна гэх дуулианы баатар юм. Дараа нь Хил хамгаалах газарт ханджээ.
Ингээд “ажил” амжилттай, ашигтай өрнөж байтал өндөр үнээр хүчилж зардаг сэтгүүлийн талаар дуулиан олон хүний сонорт хүрч ХХЕГ, ГЕГ-ын холбогдох хүмүүсээс хожим нь зөвшөөрөл авах гэж будилсан нь энэ юмсанж. Тэр ч байтугай наадмын өмнөх өдөр буюу 2015 оны долдугаар сарын 10-нд М.Даваажав дарга гэнэт хэрэг бишдсэнийг мэдрээд “АСЕМ угтсан их засварын ажил хийж эхэлсэн тул түрээсэлсэн талбайгаа 2015 оны долдугаар сарын 16-ны дотор чөлөөлж өгнө үү” гэсэн бичиг илгээж “Хүннү Лорд”-оо хилийн онцгой бүсээс “хөөсөн” байгаа юм.
Дараагийн баримт буюу хамгийн ноцтой нь гэвэл “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь Хилийн цэргийн 0218 дугаар ангийн захирагч, хурандаа, Бүрэн эрхт төлөөлөгч Д.Ганбаатарт хандан “Борлуулалтын ажилтныхаа тоог нэмэх хүсэлтэй байгаа тул дор дурдсан хүмүүст хяналтын бүсэд нэвтрэх үнэмлэх олгож өгнө үү” гээд зургаан хүний нэрийг жагсаажээ. Хамгийн сонирхолтой нь энд “Энэ ажилчдын тоог Ерөнхий сайдын зөвлөл, зөвлөх шийдвэрлэсэн болно” гэсэн байгаа юм.
Эндээс Ерөнхий сайдын зөвлөл, зөвлөх энд ямар хамаатай юм бэ гэсэн хардлага төрж эхлэв. Гэтэл “Хүннү лорд” ХХК-ийн бизнесийг дэмжих даалгавар өгсөн эзэн нь алдарт 160 ам.долларын сэтгүүлийг үзэн ядагч Ерөнхий сайдын маань ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа байж таарчээ. Энэ тохиолдолд Ерөнхий сайдын зөвлөл тэрхүү сэтгүүлийг борлуулахад хэнийг нэмж хилийн хяналтын онцгой бүсэд нэвтрүүлэх вэ гэж хэлэлцдэг байх нь. “Зөвлөл шийдсэний дагуу” гэдэг нь ингэж уншигдаж байна. Ингээд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ахлах зөвлөхийнхөө холбогдсон хэргийг шүүх хуралд гэрчээр оролцох хүсэлт гаргасан энэ мөчид дараагийн Ерөнхий сайд нь ахлах зөвлөхийнхөө дэмждэг нууц бизнесийг санаандгүй “дэлбэлж” шоудсан байж таараад чичлээд байсан МАН-ын биш, өөрийнхөө намынхны нэр хүндийг унагахад гар бие оролцож балрах нь тэр.
Дашрамд дурьдахад 2015 оны долдугаар сарын 4-нд Хилийн цэргийн 0218 дугаар ангийн захирагч, хурандаа, Бүрэн эрхт төлөөлөгч Д.Ганбаатарт явуулсан бичигт “Хүннү Лорд”-ын захирал нь М.Долгормаа байснаа одоогийн байдлаар ЦЕГ-аас авсан мэдээллээр 2011 онд байгуулагдсан 9011317007 бүртгэлийн кодтой тус компанийн захирал нь Цэрэндаваагийн Баттөмөр гэгч 29 настай залуу болчихсон, фото зураггүйгээр утсаар тодруулга өгөөд томорч суугаа нь сонин. Тус компанийг хуулийн байгууллага шалгаж байгаа нь үнэн бол бодит шийдвэр удахгүй гарах биз. Харин Ерөнхий сайд энэ талаар сайтар нягталж байж шоудахгүй, арай л түргэдчих шиг боллоо. Ямартай ч энэ удаад “бай”-гаа оноогүй шүүмжлэл болж “өөрийн багт авто гоол” орууллаа. Саяхан тус намын гишүүн, УИХ-ын гишүүн асан А.Мурат Эрээн хотод консулаар ажиллаж байхдаа хятад иргэдийг хууль бусаар Монгол Улсад оруулж байсан визний наймаа нь илчлэгдсэн. Гэтэл одоо УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгийн эхнэрийн дүү М.Сырымбек, тэр ч байтугай өөрийнх нь ахлах зөвлөх үүрэг даалгавар өгч, Засгийн газрын нэрийг барьж гадаадын зорчигчдод 160 ам.долларын үнэ бүхий сэтгүүл албадан зарсан хэрэгт холбогдох нь. Хэрэв Ерөнхий сайд тэгтлээ бухимдан загнаагүй бол энэ бизнесийг ч, “Хүннү Лорд” компанийг ч, “Access” гэдэг сэтгүүлийг ч мэдэхгүй өнгөрөх байж шүү. Шударга Ерөнхий сайдтай байх сайхан юм. Харин ахлах зөвлөхүүдээ яаж сонгоод байдаг Ерөнхий сайд нар вэ дээ.
С.Мөнгөндөл
zaluu.com
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Балиар юмнууд МАН-ын сайд байсан Төмөрхүүд хамаг бурууг тохоод байсан ичгүүртэй юм. Ерөнхий сайд хүн байж ийм жижиг асуудал сөхөөд. Танхимаа ч бүрдүүлж чаадхгүй байж. АХ боль л доо. Арай дэндлээ. ТА нар дараа жил гарна гэж байхгүй шүү. Ингэж булай болох гэж. Төмөрхүү сайд богино хугацаанд салбартаа маш их ажил хийсэн хүн шүү. ИХ-ын гишүүн байх хүн атал мөнгөтэй архины том үйлдвэрийн шунал Батхүү улаан цайм дээрэмдсэн шүү дээ
Жижиг ч гэсэн бүхэл бүтэн нэг улсын ерөнхий сайд хүн эцсийн дүгнэлт гараагүй ,эзэн холбогдогч хөдөлшгүй баритаар тогтоогдоогүй, зүйлийг нийтэд яриад сууж байдаг нь манай төр засагт ажиллаж хүмүүсийн чадвар,хүнийг хэлмэгдүүлэхээ юман чинээнд боддоггүй,хэт улс төржилт хэрээс хэтэрсэнийг ард түмэнд яруу тодоор харууллаа