Намрын эдийн засаг

db35d69c514bcf2f68ec56962f7ad218Намрын эдийн засаг ерөнхийдөө гандуу, гундуу байна. Зэсийн үнэ тонн тутамдаа төсөвт төлөвлөснөөс 2000 ам.доллараар унасан, овоо хэдэн доллар олоод ирдэг байсан нүүрсний экспорт нь зогссон шахуу, тариаланчид нь өнөө л буудайны чанар, ургацын тухай маргаанаа яамтайгаа өрнүүлсэн янзаараа.

Зэсийн үнэ өмнөх оны мөн үеэс 20 орчим, боловсруулсан нүүрсний үнэ 38, төмрийн хүдрийн үнэ 46, газрын тосны үнэ 40 орчим хувиар буурчихсан. Эрдсийн экспорт өмнөх оны өдийгөөс 204.7 сая ам.доллараар буурсан гэж статистикийнхан мэдээлж байна. Үнэ нь буурсан ч экспорт хийсээр байгаа. Нийт экспортын 90 орчим хувийг бүрдүүлдэг гээд бодохоор эрдсийн үнийн уналт төсөвт дарамт болохоос аргагүй.

Дажгүй хямдарсан хүнсний ногоо, ноолуур, боловсруулсан махны буураагүй экспорт, гадагшаа урсгадаг долларын хэмжээг хумьсан хэдэн үйлдвэр л гэгээтэй мэдээ болоод байна. Сүүлийн үед дуулдсан эерэг мэдээ гэвэл дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, адууны 20 орчим төрлийн мах, махан бүтээгдэхүүнийг бусад улсад экспортлохоор ажиллаж байгаа юм билээ. Боловсруулах салбарт ч өөдрөг тоонууд дуулдаж эхэлсэн. Тус бүрдээ нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай гурван цементийн үйлдвэр барих төсөл амжилттай хэрэгжсэн. Хөтөлийн цементийн үйлдвэр өнгөрсөн хавар, Монцемент үйлдвэр саяхан ашиглалтад ороод байна. Хөх цавын цементийн үйлдвэр төсөл 90 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа. Өнгөрдөг зун үүдээ нээсэн МАК-ийн хийт бетоны үйлдвэр гэхэд л улсын нийт хэрэглээний гурван хувийг дангаараа хангачихаар чадалтай. Түүхийгээр нь гаргадаг учраас үнэ багатай зардаг уул уурхайн үйлдвэрлэлд ч нааштай мэдээнүүд бий. Жилд 600 мянган тонн нүүрс баяжуулах чадалтай “Шарын гол”-ын нүүрс угааж, баяжуулах үйлдвэр зургадугаар сард ашиглалтад орсон. Нэг жилд 26 сая тонн хүдэр боловсруулдаг “Эрдэнэт” баяжуулах үйлдвэрийнхээ чадлыг зургаан сая тонноор нэмээд байна. Үйлдвэрээ өргөтгөснөөр төсвийн орлогыг 73 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ гэсэн тооцоо хийсэн байна лээ.

Гундуу эдийн засгийг өөд нь татах ямар гарцууд байгааг тоймлон хүргэе.

Эдийн засагт зээлээр ч хамаагүй доллар оруулж ирье

Эдийн засгаа өнөөд­рийнхөөс дордуулахгүй байх хоёр гарц бий. Эхнийх нь төлбөрийн тэнцэл, хоёр дахь нь төсөв. Хоёулаа алдагдал багатай гарч байж л эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ. Төлбөрийн тэнцлээ алдагдалгүй гаргахын тулд энэ намар эдийн засагт орж ирэх валютыг зээл тавиад ч хамаагүй нэмэгдүүлэх хэрэгтэй гэж шинжээчид сануулж байна. Хар үгээр хэлбэл гаднаас юм худалдан авч байгаа мөнгө, гадагшаа юмаа зараад олж байгаа мөнгөний зөрүүг төлбөрийн тэнцэл гээд байгаа юм. Энэ оны эхний хагас жилд төлбөрийн тэнцэл 83 сая ам.долларын ашигтай гарсан. Нүүрс, зэс гээд валют олдог эрдсийн үнэ навс уначихсан гэхэд дажгүй үзүүлэлт. Гаднаас авдаг бараагаа мэдрэгдэхээр танаж чадсан учраас ийм өөдрөг тоо гарсан хэрэг. Гадаад худалдааны ашиг оны эхний долоон сарын байдлаар гэхэд л 604 сая ам.доллар болчихоод байгаа. Түрүү оны долдугаар сараас 800 гаруй сая ам.доллараар өссөн гэсэн үг. Ийм эерэг тоонууд байгаа учраас төлбөрийн тэнцлээ алдагдалгүй гаргах боломж бидэнд бий. Шийдэл нь эдийн засагт шинээр валют оруулж ирэх.

“Рио” Оюу толгойн далд уурхайн санхүүжилтийн эхний хэсэг болох 300 сая ам.долларыг оны эцэс гэхэд оруулаад ирнэ гэдгээ мэдэгдчихсэн. Энэ мөнгө ондоо багтаад орж ирэх эсэх нь улстөрчдийн шийдвэрээ хэр түргэн гаргахаас хамаарна. Оюу толгой гэдэг мега төслийн далд уурхайн бүтээн байгуулалт саадгүй үргэлжилбэл ирэх жилээс эхлэн дөрвөн тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ. Энэ мөнгө гурваас дөрвөн жилийн хугацаанд эдийн засагт орж ирэх юм. Засгийн газрын хувьд дотоодынхоо банк санхүүгийнхэнтэй хамтарч нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө босгох шаардлага байгаа гэсэн тооцоог эдийн засагчид аль хэдийнэ гаргачихсан. Засаг Азийн хөгжлийн банкнаас 150 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах бэлтгэлийг хангаад байгаа юм билээ. Эхний бодитой алхам. Хувийн хэвшлийнхэнд олон улсын зах зээлд бонд арилжаалах, зээл авах магадлал бий. Он дуусахаас өмнө компаниудаар дамжиж овоо хэдэн ам.доллар ороод ирэх боломж байгаа. За тэгээд Таван толгойн гэрээг шийдэж чадвал дор хаяж таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт эдийн засагт орж ирэх тооцоо дуулддаг.

Улсын төсөв долдугаар сарын байдлаар гэхэд л 635 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчихаад байгаа. Тэгэхээр энэ намар төсвөө тодотгож, байхгүй орлогоо хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Худлаа зарцуулалтаа үнэн болгохгүй бол эдийн засаг хэцүүднэ. УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх хамгийн эхний асуудал төсвийн тодотгол байх болов уу. Ирэх жил сонгууль болно. Өмнөх шигээ гишүүд нь тойргууддаа ахиу мөнгө хуваарилуулах гэж зүтгэсэн сонгуулийн төсөв баталбал байдал өнөөдрийнхөөс ч дордоно. Сонгуулийн жил бүр худал амлалт өгч, биелэхгүй орлого төлөвлөж, бүтэшгүй зарцуулалт төсөвлөж, улсаа хорлодог уламжлалаасаа энэ жил татгалзахаас аргагүй нөхцөл үүсчихсэн. Ирэх оны төсвөө алдагдалгүй батлах ёстой гэх гээд байна л даа. Алдагдалтай төсөв батлах нь хоёр том гэмтэй. Нэг бол улсын өр нэмэгддэг. Үгүй бол хувийн хэвшил шахагдаж, ажилгүйдэл өсдөг. Долоон хувьтай байгаа инфляцийг галзууруулахгүй байх эсэх нь төсвөөс хамаатай.

Мега төслүүдээ амилуулбал хөрөнгө оруулалт сэргэнэ

Гадаадын шууд хөрөнгө оруулалт өмнө нь ДНБ-ий талтай тэнцдэг байсан бол одоо нэг хувьд нь хүрэхтэй үгүйтэй байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтгүй бол эдийн засаг яваандаа зогсонги байдал руу орох эрсдэл бий. Гаднаас орж ирэх хөрөнгө оруулалтыг өсгөх нэг л гарц бий. Тэр нь Оюу толгой, Таван толгой зэрэг мега төслүүдээ амь оруулах. Цаашлуулаад тоочвол хөрөнгө оруулалт татах боломжтой, шийдлээ хүлээж байгаа төслүүд өчнөөн бий. Жишээ нь Тавдугаар цахилгаан станц, Гацууртын орд, төмөр замын төсөл байна. Хүнд, хөнгөн үйлдвэрлэл, дэд бүтцийн том төслүүдийг ч дурдаж болно.

Хариуцлагатай улс төр л эдийн засгийг анагаана

Товчхондоо улстөрчид том болцгоомоор байна. Өнгөрсөн 25 жилийг эргээд харахаар улстөрчдийн бодлогогүй, ухаалаг бус шийдвэрээс болж эдийн засаг доройтсон байдаг. Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хууль, Урт нэртэй хууль гээд яривал эдийн засгийг хорлосон популист хуулиуд хэдэн арваараа бий. Шинэ сайдуудыг томилох, эдийн засгийг хөдөлгөх төслүүд дээр эцсийн шийдвэр гаргах гээд энэ намрын чуулганаар шийдэх асуудал олон байгаа.

Эцэст нь давтан хэлэхэд энэ намрын эдийн засгийн хамгийн гол анхаарах асуудал нь шинэ валют, зөв төсөв, хариуцлагатай улстөр л байна даа.

http://www.dnn.mn


URL:

Сэтгэгдэл бичих