АМГ-ын гацалт үүрэг гүйцэтгэгч Д.Үүрийнтуяагийн халаа сэлгээнээс үүдэв үү
Сүүлийн үед Ашигт малтмалын газраас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаар олгох бүртгэлийг цахим хэлбэрээр явуулсан нь олон нийтийн зүгээс шүүмжлэл хүртээд буй. Тодруулбал, өнгөрөгч долоо хоногийн Даваа гараг буюу 08 сарын 24-ний 09 цагт Ашигт малтмалын газраас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг аж ахуйн нэгж, компаниудад цахим хэлбэрээр олгох бүртгэл явагдсан. Гэвч цаг эхэлж, хуудас нь нээгдсэн даруйдаа гацаж, бүртгүүлэх боломжгүй болоод байсан. Улмаар цаг дуусах сүүлийн минутад 120 компани автоматаар жагсч, хоёр, гуравдугаарт орсон аж ахуй нэгжүүд секундын зөрүүтэй эрэмбэлэгдсэн юм.
Улмаар сүлжээг цаанаас нь гацааж байгаад аж ахуй нэгжийн нэрсийг нэг, нэгээр нь зөөж байрлуулж байх явцдаа анзааргагүйгээс секунд зөрүүлсэн гэх хардлага ч иргэдийн дунд төрсөн юм.
Үүнийг Ашигт малтмалын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа ” Төхөөрөмж алдаатай ажиллаа гэсэн үг. Тиймээс ажлын хэсэг хуралдаад өнөөдөр /08.24/-ийн жагсаалтыг 100 хувь хүчингүйд тооцлоо, илүү сайн ажиллах шаардлагатай байна. Ялангуяа гацсан асуудлаасаа болж дугаарлалт нь хойно урдаа орох магадлалтай байна. Тийм учраас сервер унаагүй байх үед бүртгүүлсэн 51 аж ахуй нэгжийг ч дахин эхлүүлэхээс аргагүйд хүрлээ.
Мөн Эрүүгийн цагдаагийн газрын Кибер аюулгүй байдлын газарт гадны гэмт халдлагад өртсөн байна уу гэдгээ шалгуулахаар өгсөн” хэмээх тайлбарыг өгсөн.
Угтаа Ашигт малтмалын газар бол Монгол Улсын байгалын баялаг, үнэт ордны бүх мэдээллийг хадгалж байдаг байгууллага. Тиймдээ ч улсаас хөрөнгө үл хайрлан хамгийн сүүлийн үеийн гэсэн техник технологиор шинэчлэдэг. Үүнийг ч батлах мэт Тагнуулын Ерөнхий газраас цахим гэмт халдлагад өртөх эрсдэлгүй, нууцлалын зэргийг хамгийн сайн хангасан байгууллагаар АМГ-ыг тодруулж байсан удаатай. Иймд АМГ-ыг хакердаж, цахим дугаар олголтыг санаатайгаар бусниуллаа гэдэгт итгэх хүн тун ховор байсан юм.
Тэгвэл энэ гацаж, будлиантсан асуудал нэг бол олон нийтээс таамаглаж буйгаар АМГ-аас санаатайгаар гацааж, урьдаас бэлдсэн зарим нэг компанийн нэрсийг оруулах гэсэн, үгүй бол цомхотгол нэрийдлээр туршлагатай мэргэжилтнүүдээ халснаас үүдэлтэй байж болох сэжүүр байна.
Энэ талаар нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжийн мэдээлснээр “Ашигт малтмалын газар онлайнаар тусгай зөвшөөрөл олгож эхлэхээсээ урьтаж, 2014 оны 08 сарын 25-ны өдөр “Орон тоог цөөрүүлж, бүтэц батлах” нэрийдлээр сүлжээний ерөнхий инженер Д.Болдбаатарыг ажлаас нь халсан. Д.Болдбаатарын хувьд мест дээрээ арав гаруй жил ажилласан туршлагатай, байгууллагынхаа бүх цахим сүлжээг хариуцдаг мэргэжилтэн байсан юм.
Гэвч түүний оронд Б.Мэндбаяр гэж хүнийг орон тоо бөглөх зорилгоор аваад сүлжээнд огт ойртуулдаггүй байсан” гэх мэдээллийг өгөв.
Түүнчлэн “Д.Болдбаатарыг Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүхээр ажлаас нь үндэслэлгүй халсан хэмээн тогтоож, ажилд нь эргүүлэн авах шийдвэрийг 2015 оны 05 сарын 21-ний өдөр гаргасан ч өнөө хэр ажилд нь авахгүй байгаа нь түүнийг орж ирээд хамаг булхайг нь мэдчихнэ гэсний үндсэн дээр авахгүй байгаа байх” гэв.
Дашрамд дурдахад, Ашигт малтмалын газрын даргыг өнөө хэр Төрийн албаны зөвлөлөөр хуралдаж тогтоогоогүй байгаа бөгөөд ямарсайндаа л түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалыг 15 сар хашиж байгаа Д.Үүрийнтуяа өөрийгөө тус газрын жинхэнэ дарга хэмээн итгэж, гол, гол албан тушаалтнуудыг хольж солиод зогсохгүй бүр өөрийхөө жолоочоор ажиллаж байсан н.Мөнхбаяр хэмээх залууг Турк улсад байрлах Монгол Улсын элчин сайдын яаманд дипломатчаар явуулж чадсан гэдгийг эх сурвалж мэдээлсэн юм. Тэгэхээр үүрэг гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа маань аль хэдийн өөрийн багийг бүрдүүлсэн бололтой.
Ямартай ч үүрэг гүйцэтгэгчээр ахлуулж яваа тус байгууллага өнгөрсөн долоо хоногт явуулсан гурван удаагийн туршилтаар серверийн асуудлаа шийдэж чадсан байна. Өнөөдөр албан ёсоор хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаар олголтыг цахим хэлбэрээр амжилттай явуулж 120 компанийн нэрс тодорсон юм.
Today.mn
URL: