Оюутолгойн мөнгө “хаачив”

85db0164dbe9ea413f5b689006b6aee0originalАрабын Дубай хотноо Монголын Засгийн газар болон “Рио Тинто” компанийн хооронд Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг баталсан.

Уг төлөвлөгөөний дагуу  далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд дэлхийн томоохон арилжааны банкуудаас гарааны мөнгө болох 4.2 тэрбум долларыг зээлэхээр, 2016 онд зургаан тэрбум, 2017 онд есөн тэрбум, нийтдээ 14 тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардагдаж байгааг “Эрдэнэс Оюутолгой”-н захирал Да.Ганболд хэлж байлаа.

Арилжааны банкуудаас зээл авах баталгааг зуун хувь “Рио Тинто” компани хариуцаж байгаа бөгөөд дэлхийн банк, санхүүгийн байгууллагаас зээл авах хэлэлцээ явагдаж байгааг албаны хүн онцолсон. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын дунд хүлээлт үүсгэж, анхаарлыг нь татсаар байгаа Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт ирэх оноос эхэлнэ гэсэн мэдээлэл байна. Тодруулбал, Далд уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай байгаа 4.2 тэрбум долларыг Дэлхийн банк болон бусад арилжааны 14 банкнаас ирэх арванхоёрдугаар босгох, мөн ирэх оны дөрөвдүгээр сараас   “Оюу Толгой” болон “Turquoise Hill Resources”, “Rio Tinto”-ийн ТУЗ “Оюу Толгой”-ийн далд уурхайг баталгаажуулж, бүтээн байгуулалт ирэх оны зургадугаар сараас албан ёсоор эхлэх гэнэ. Оюутолгойн ордын 80 хувийг далд уурхайгаас олборлох тооцоо байгаа юм.

“Turquoise Hill Resources”-ийн мэдээлснээр бүтээн байгуулалтыг сэргээхэд шаадлагатай бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталжээ. Мөн “Оюутолгой” компани  гүний уурхайг ашиглах шинэчилсэн ТЭЗҮ-ээ “Оюутолгойн далд уурхайн хөгжүүлэлт ба санхүүжилтийн төлөвлөгөө”-ний хамт АМГ-т хүлээлгэн өгсөн байна. Уг мэдээлэл цацагдсанаар “Turquoise Hill Resources хувьцааны ханш 4.9 хувиар өсч  гурван ам.долларт хүрчээ.

Энэ талаар Уул уурхайн сайд  энэ сарын 25-нд “Далд уурхайн бүтээн байгуулалт явуулахын тулд багагүй хэмжээний хөрөнгө хэрэгтэй. Тухайн хөрөнгийг олохын тулд гадаад зах зээлээс буюу банкнуудаас мөнгө зээлэх бэлтгэл ажил хийж байна. Төслийн хүрээнд улсын төсөвт энэ онд 350 орчим сая ам.доллар, 2016 онд 1.2 тэрбум ам.долларыг оруулахаар төлөвлөөд ажиллаж байна. Энэ төсөл хөдлөөд эхлэх юм бол хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж итгэж байна” хэмээн мэдээлсэн юм.

Төслийн хүрээнд авах 6.7 тэрбум долларын 4.2 тэрбум нь далд уурхайн бүтээн байгуулалтад зориулагдах бөгөөд үлдсэн нь  хөрөнгө оруулалт болон татварын зардалд зарцуулах аж. Мөн хөрөнгө оруулалт хийгдэх долоон жилд “Оюу толгой” компани Монголд Улсад нийт есөн тэрбум ам.доллар зарцуулахыг хувь нийлүүлэгчид хэлж байна.

Далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх бэлтгэлээ “Оюутолгой” компани базааж, Далд уурхай хариуцсан Ерөнхий менежерийн албан тушаалд Грег Фийлдийг томилжээ. Энэхүү албан тушаал нь Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхэд чухал ач холбогдолтой албан тушаалуудын нэг юм. Грег Фийлд нь энэ албан тушаалд томилогдсоноор Оюу толгойн далд уурхайн бэлтгэл ажлыг хангахад голлох үүрэг гүйцэтгэх аж.

Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг баталсан тавдугаар сард дотоодод долларын ханш 1880 болтлоо доошилж, олон улсын хөрөнгийн зах зээлд Монголын компаниудын хувьцаа сэргэлттэй гарсан юм. Тиймээс Оюутолгой төслийн ач холбогдлыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дубайгаас ирсэн даруйдаа чуулганы танхимд гишүүдэд байцаагдаж “Оюутолгой бол дэлхийн хэмжээний зэс-алтны орд юм. Үүнийг цааш хөгжүүлэх нь Монгол Улсын эдийн засагт чухал нөлөөтэй”-г онцолж байсан бол, Уул уурхайн сайд Р.Жигжид өнгөрснө долоо хоногт  “Оюутолгой” төсөл Монгол Улсын эдийн засагт маш их хэмжээний хөрөнгийг татна. Энэ төсөл амжилттай хэрэгжих юм бол хөрөнгө оруулалтыг хангалттай татах боломжтой юм” гэдгийг дуулгав.

Тэгэхээр “Оюутолгой”-н гүний уурхайн хөрөнгө оруулалтад шаардлагатай байгаа эхний ээлжийн 4.2 тэрбум доллар энэ оны сүүлээр орж ирж магадгүй байна.

Эх сурвалж: news.mn

URL:

Сэтгэгдэл бичих