Хятадад цуурхал тараасан гэх 197 хүнд хариуцлага тооцно
Өнгөрсөн долоо хоногт Хятадын “Shanghai Composite” биржийн үндсэн үзүүлэлт 8.49 хувийн уналттай гарсны дараа Азийн хувьцааны зах зээлүүдэд ч огцом уналт ажиглагдаж эхэлсэн юм. Үүнээс хэдхэн хоногийн өмнө Тяньжинь хотийн химийн агуулахад томоохон дэлбэрэлт гарч 150 хүний амь эрсдэж, 23 хүн өнөөг хүртэл сураггүй байна.
Харин өнгөрсөн пүрэв гарагт болсон хуралдаанаар Хятадын Засгийн газар үнэт цаасны зах зээлийг тогтворжуулах, хөрөнгийн зах зээлийн тогтворгүй байдалд нөлөөлөх мэдээлэл цацсан хүмүүсийг шийтгэх шийдвэр гарчээ. Одоогийн байдлаар Бээжин онлайнаар цацагдсан мэдээллийг нарийн хянаж байгаа бөгөөд өмнө нь цуурхал тараасан хэрэглэгчдийг яллахаар болоод байна.
Тус улсын хуульд зааснаар, худал мэдээллийг 500-аас дээш удаа нийтлэх, 5000-аас дээш хүн уншсан тохиолдолд 3 хүртэлх жилийн хорих ялаар шийтгэдэг аж.
Хятадын эрх баригчид Тяньжинийн дэлбэрэлт болон хөрөнгийн зах зээлийн уналтын талаар олон нийтийн сүлжээнд цуурхал тараасан 197 хүнийг шийтгэсэн байна. Баривчлагдсан хүмүүсийн дотор сэтгүүлчид болон хөрөнгийн биржид ажилладаг хүмүүс багтсан гэж Синьхуа агентлаг мэдээлжээ.
URL: