Интернэт луйврын гэмт хэргээс сэрэмжлүүлж байна
Сүүлийн үед гадаад улсын гэмт бүлэглэлүүдийн зүгээс тухайлбал Малайз, Англи, Сенегал, Филиппин улсаас үйлдэж буй интернэт луйврын гэмт хэрэгт манай улсын иргэд хохирох байдал гарах боллоо.
Энэ төрлийн гэмт хэрэг нь ихэвчлэн фэйсбүүк орчныг ашиглан үйлдэгдэж байгаа бөгөөд иргэдэд их хэмжээний бэлэн мөнгө өгөх, санамсаргүй байдлаар сугалааны эзнээр сонгогдох, өв залгамжлахад минь санхүүгийн туслалцаа үзүүлээч гэх зэрэг байдлаар харилцаа холбоо тогтоож итгэл үнэмшил төрүүлэх зорилгоор утсаар хэд хэдэн удаа холбогдох, цахим шуудангаар харилцах, сүүлийн тохиолдлуудад хуурамч батламж, гэрчилгээ, төлбөрийн карт зэргийг шуудангаар илгээж үүний дараа урьдчилгаа төлбөр, татвар зэрэг шалтгаанаар бага бус хэмжээний мөнгийг өөрсдийн дансанд шилжүүлэн авдаг.
Гэмт этгээдүүд банкны данс ашиглахаас гадна Western Union, Moneygram зэрэг ОУ-ын мөнгөн шилжүүлгийн үйлчилгээг түгээмэл ашиглаж байна.
Иймд ард иргэд та бүхэн интернэт орчинд үл таних гадаад иргэдтэй ямар нэг байдлаар харилцахгүй байх, банкны мэдээллээ солилцохгүй байх, хууран мэхлэх аливаа үйлдэлд автагдахгүй байхыг Цагдаагийн байгууллагын зүгээс анхааруулж байна.
Цахим гэмт хэрэгтэй тэмцэх алба
URL: