“Та хэд ингэж байж ар дагзаараа хүчтэй савав даа”

b5bdc8bbb1292007original- АН ФРАКЦИЙН ТОХИРОО, ШАНТААЖААР ТОМИЛГООХИЙДЭГ НАМ -

Хоолондоо орохоор яарсан гурав, дөрөвдүгээр ээлжийнхэн тогтож ядан байгаа энэ үед сонгох гэж байгаад нь ч сонгуулах гэж байгаад нь ч ар дагзаараа хүчтэй савах өдөр ирэхвий гэдгийг АН-ын гишүүн санууллаа. Ингэхдээ бүр олон нийтийн сүлжээгээр, ил тодоор сануулав. Х.Тэмүүжин гишүүний энэ сануулга сайдын руу суудал руу хөлөө хугалах шахам гүйж байгаа нөхдөд томоохон дохио боллоо. Төрийн дээр сандайлсан АН-ынхан сүүлийн үед намынхаа Гүйцэтгэх зөвлөлөөрөө дамжуулан төрийн ажлыг явуулдаг болсон нь нууц биш. Сайдын марафон эхлүүлэхийн шалтгийг ч тэд ГЗ-өөсөө л гаргаж ирсэн.

Өөрөөр хэлбэл, гэнэт л нэг өдөр УИХ дахь намын бүлэг энэ тэрээрээр хэлэлцээгүй байтлаа ГЗ-өө хуралдуулаад л хамтарсан гэрээний хэрэгжилтийг Шаргал ордны гаднаас дүгнэчихсэн. Бас болоогүй ингэхдээ “Гэрээний хэрэгжилт хангалтгүй” гэж дүгнээд МАН-ын зургаан сайдыг засгаас гаргахаар шийдсэнийг нь намынх нь бүлэг хүлээж аваад ёсоор болгож байх жишээтэй. Ердөө энэ жишиг бол монгол төрийн ажлыг гудамжнаас удирддаг болсны тод илрэл. Нэг удаа ингэж дүрэмгүй аашилсан АН-ын Гүйцэтгэх зөвлөл гэгч байгууллага өдгөө хаданд гарч, салбар хариуцах сайд нараас гадна дэд сайдуудын асуудлыг авч хэлэлцээд Ерөнхий нарийн бичгийн дарга нь таван ч хүний нэрийг санал болгосон ч хоёрыг нь хүлээж аваагүй бол гурав нь дэд сайдын тамгаа даруулаад байгаа сурагтай.

Нөгөө талаар манай улс төрчид, өндөр албан тушаалтнууд сүүлийн үед твиттер, фэйсбүүкээр улсын ажлыг явуулдаг болоод байгаа. Үүний дагуу АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр “АН-ын дүрмээр З.Энхболд Гүйцэтгэх зөвлөлд таван хүний нэр оруулснаас Дархан-Уул аймгийн АН-ын дарга Н.Мөнхдаш, Дорнод аймгийн АН-ын Н.Цэрэнчимэг, Хөвсгөл аймгийн АН-ын Ч.Батцогт нарыг дэд сайд болгох нь зүйтэй гэж үзлээ” хэмээн жиргээд байна. Өөрөөр хэлбэл, өмнө нь яригдаж байсан ШӨХТГ-ын дарга асан О.Магнай, “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван нар олонхийн дэмжлэг авч чадалгүй унасан бололтой юм. Ямартай ч өнөөдрийн байдлаар дэд сайдын зургаан суудлыг3+3-1 гэсэн квотоор хувааж авахаар тохиролцоод байгааг эх сурвалж хэлж буй.

Үүний дагуу АН-аас дээрх гурван хүн тунаж үлдээд байгаа бол“Шударга ёс” эвслээс Эрүүл мэнд, спортын дэд сайдад Эрүүл мэндийн сайд асан, МАХН-ын гишүүн Н.Удвал, Уул уурхайн дэд сайдад МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын сайдын ажлын албаны дарга Б.Цогтгэрэл, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдад МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж нарыг ярьж эхлээд байна. Харин Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдад ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг нарын нэр сонсогдож эхлээд буй. Сайд нарын нэр дөнгөж яриа хэлэлцээрийн төвшинд явж байна.

Намууд хоорондоо энэ асуудлаар сайтар тохиролцож амжаагүй байгаа ч гурав бүү хэл, дөрөвдүгээр ээлжийнхэн хоолондоо орохоор ийнхүү улайрч байх юм. Хэдийгээр энэ бүхэн эхний байдлаар ярьж байгаа нэрс төдий ч дэд сайдад нэр дэвшиж буй хүмүүсийн тухайд олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа. Гэтэл үүний хажуугаар АН-ын хэдхэн нөхөр энэ намын бүх ажлыг, томилгоо, тохироог хариуцдаг болоод удаж байгаа нь жирийн гишүүдийнх нь ч дургүйг хүргэж буй бололтой. АН-ын дарга З.Энхболдын дэд сайдаар нар дэвшүүлэхээр оруулж ирсэн таван хүний нэрийг АН-ын шинэчлэлийн хөдөлгөөнийхөн эрс эсэргүүцэж байгаа юм. Тиймээс тэд намын удирдлагууддаа хандан мэдэгдэл хүргүүлээд байгаа аж.

Тэд энэхүү мэдэгдэлдээ “Ерөнхий сайд болон намын дарга нарын зөрчилдөөний улмаас Засгийн газрын зарим гишүүнийг нөхөн томилох асуудал удааширч, төрийн ажил цалгардаж байна. Энэ нь ихээхэн шүүмжлэл дагуулж, олон нийтийн дунд бухимдал үүсгэлээ. Гэтэл энэ цаг үетэй давхцан намын Гүйцэтгэх зөвлөл нэр бүхий хүмүүсийг дэд сайдаар томилуулах шийдвэр гаргасан нь АН-ыг хүний нөөцийн чадамжгүй мэт харагдуулж, зөвхөн фракцийн эрх ашгийн тохироо, шантаажаар томилгоо хийдэг нам гэдэг ойлголтыг олон нийтэд төрүүлэх боллоо.

Нөгөөтэйгүүр намын даргын зүгээс дэд сайдад санал болгосон хүмүүс нь орон нутаг болон УИХ-ын сонгуульд намаа удаа дараа ялагдуулсан, хагалж хуваасан, улс төрийн чухал хариуцлагатай албан тушаалд томилогдох бус харин ч хариуцлага хүлээлгэвэл зохих хүмүүс байна. АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг томилсноор эхэлж, ийнхүү үргэлжилж буй улс төрийн буруу томилгооны жишиг нь АН-ыг гутааж, гишүүд дэмжигчдийн итгэлийг алдагдуулж байгаад харамсч байна” гэжээ. Мөн тэд энэхүү шаардлагадаа Гүйцэтгэх зөвлөлөөр батлуулсан дэд сайд нарын томилгооны саналаа татан авч, илүү мэргэжлийн чадварлаг нэр дэвшигчдийг сонгон томилуулахыг уриалаад байна. Шинэчлэлэлийн хорооныхны энэхүү мэдэгдэл бол АН-д өрнөөд буй бодит байдал. Үүнд илүү тайлбар ч хэрэггүй.

Тэд яг л ийм зам, хатуу зарчмаар томилгоо, сандал ширээгээ хувааж байгаа. Үнэхээр л АН бол фракцийн тохироо, шантаажаар томилгоо хийдэг нам гэдэг нь хэн хүний нүдний өмнө илхэн болчихоод байгаа энэ цаг үед намых нь Шинэчлэлийн хорооныхон ийнхүү бодит байдлыг түмэнд дэлгэлээ. Шинэчлэлийн хороо ных ны хэлсэнчлэн салбарын сайд болон дэд сайд нарын томилгоон дээр тохирч чадахгүй байгаагийн гол учир нь АН-ын фракцийн тохиролцоо чухал байгаа. Өөрөөр хэлбэл, “Алтангадас”, “Шонхор”, “МҮДН”, “Нэг ардчилал”, “Кроун”, “МоАХ” гэх фракцийн аль төлөөлөл сайд болохоос шалтгаалж хоосон хоцорсон хэсэг нь дэд сайдын суудлаас зулгаах бололтой.

Иймд тус намаас хэн ч дэд сайд болж болзошгүй. Харин шударга ёс эвслийн хувьд дэд сайдад намынхаа нарийн бичгийн дарга нараас шууд томилох магадлалтай. Иймд дэд сайдын томилгоог хийхээс өмнө заавал сайдын асуудлыг шийдэх байх гэж улс төрийн хүрээнийхэн ам уралдан ярьж байна. Хэдийгээр дэд сайд нарын асуудлыг ярихад эрт байгаа ч гэсэн албан тушаалд очих хүсэлтэй залуус дэд сайдын сунгаанд аль хэдийнэ оролцоод эхэлжээ. Дэд сайд нарыг Засгийн газрын хуралдаанаас томилдог.

Гэхдээ Ерөнхий сайд нэр бүхий зургаан сайдын нэрийг УИХ-д өргөн мэдүүлсний дараа дэд сайд нарыг томилохгүй бол хууль зөрчиж болзошгүй гэх ч эл асуудлыг тодорхой зохицуулсан зохицуулалт байхгүй гэдгийг зарим хүн хэлж буй. Ямартай ч сайд нарын нэрийг ирэх сарын6-ны дотор өргөн барихыг УИХ-ын дарга Ерөнхий сайдад үүрэг болгосон. Учир нь“Засгийн газрын гишүүний орон тоо гарсан тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно” гэсэн хуулийг өдгөө мөрдөж байгаа юм.

 

 

М.Өнөржаргал


URL:

Сэтгэгдэл бичих