ТҮҮХЭН ГОВЬ НУТАГ

11873377_1483024582017259_1858744396309681581_n

Араатан үл зүглэж, жигүүртэн холуур тойрох
Ангамал говийн бүгчим халуун агаар
Нүсэр их хүнтэй Цин гүрний халдлагаас
Нүүдэлчин омгуудыг хамгаалж ирсэн түүхтэй

Хүннүгийн догшин цэргийг тогтоож чадахаа болиод
Хүчирхэг Цин гүрэн хөх туйпуун хэрэм босгосон бол
Бардам омголон нүүдэлчдийн гал голомтыг
Байгаль эх харин өөрийнхөө бүтээлээр урлаж
Бат бөх цайзаас ч илүү галбын говийг цогцлоожээ

Хэрлэн, Туул, Ар, Өвөр, Алтай, Хангайн өмнүүр
Хэрж туулахын аргагүй их говь цэлийгээгүйсэн бол
Хэдийнээ Нанхиадын үрс эх нутагт маань ирчихээд
Язганатал өсч үрждэг голио царцаа шиг тариачид нь
Яншуй будаагаа тариад, мантуугаа жигнэж суух байлаа

Хэрвээ их говийн элсэн манханууд
Хэрэм цайз шиг Монголын өмнүүр ороож
Хэдэн зуунаар биднийгээ халхлаагүйсэн бол
Хэрзийсэн шавар тагзнууд тал нутгаар минь нэг хөглөрч
Хэвтээ дөрвөлжин ханзаар л энэ шүлгийг бичих байлаа

Орхоны хөвөөнд Халхын дайчдад бут цохиулаад
Олон мянган хятад гэдрэг тархан зугтсан ч
Мэснээс илүү үхлийн аюулт цөл рүү давхиж ороод
Мин гүрний цэргүүд нутагтаа ч очиж амжилгүй
Өлсөж цангасандаа зуурдын чөтгөр болцгоож
Өнөө хүртэл тэндээ сүүтэгнэж байдаг гэлцнэм

Буман шушмааны толгой залгисан Монголын говь
Бурханы ерөөл, тэнгэрийн зарлигтай хэрэм байжээ
Түмэн цагаачийн ясыг өлгийдсөн Төв Азийн цөл
Түүхэнд мөнхөрсөн нүүдэлчин гүрний дархлаа байжээ…

Б.ОЙДОВ


URL:

Сэтгэгдэл бичих