Хоршооллыг эрчимжүүлэх шийдэл

olloo_mn_1427176938_haa01

Малчин хүний дуслуулсан хөлсөөр амьдралыг хэмждэг бол тэд маань хүссэн бүхнээ эдэлж, хэрэглэж  “жаргах” ёстой хүмүүс.  Маш их хөдөлмөрлөчихөөд тэр хөдөлмөрлөснийхөө дайнд амьдарч чадахгүй байгаад хэн нэгний буруу байна уу.  Хэн их хөдөлмөрлөсөн нь сайхан амьдарна гэдэг хууль шууд утгаар үйлчлэхгүй, хэн ард түмний эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж чадна тэр илүү сайхан амьдарна гэсэн зах зээлийн нийгэмд амьдарч байна. Энэ бол зах зээлийн хууль. Малчдын гол дутагдал бол зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн, эдийн засгийн үр ашигтай үйлдвэрлэлийн төлөө бус, өрхийн хэрэгцээг хангах, цаашлаад багахан хэмжээний борлуулалт хийх хэмжээний л үйлдвэрлэл эрхэлж ирсэнд байгаа юм. ҮСХ-ны 2013 оны статистик мэдээгээр ХАА-н салбарт ажиллагсдын тоо Монголын нийт ажиллагсдын 29.8%-г эзэлж байгаа хэдий ч, ДНБ-ны 14.5%-г үйлдвэрлэж байна гэж бодохоор улсын дундаж бүтээмжээс даруй хоёр дахин бага бүтээмжтэй ажиллаж байгааг илэрхийлж байна. Тэгэхээр энэ зах зээлийн нийгэмд малчид үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээ эдийн засгийн үр ашиг талаас харж, зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн үйлдвэрлэл бий болгохын төлөө байгууллагын зохион байгуулалтад орж, хоршоо хэлбэрээр ажиллах шаардлага зүй ёсоор тулгараад байгаа юм.

Төрөөс хоршоог дэмжих талаар зорилт тавьж ажиллаж байгаа хэдий ч малчид хоршоо байгуулъя гэхээр байгууллагын болоод удирдлагын мэдлэг, чадвар муутайгаас болоод ч тэрүү төдий л амжилттай явахгүй байна. Иймээс хоршоодыг бизнесийн зохион байгуулалт, үйл ажиллагааны менежментээр хангах хэрэгтэй байгаа юм. Тодруулбал: Төрийн бодлогын хүрээнд Малчдын хоршоонд бизнесийн зохион байгуулалт, үйл ажиллагааны менежментийн үйлчилгээ үзүүлэх “Институци байгуулахад төр санхүүгийн болоод хууль эрх зүйн бодлогоор дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна. Энэхүү институци нь хоршоодыг урт хугацаанд бизнесийн үр ашигтай ажиллуулах зорилгын үндсэн дээр дараах ажилуудыг хийвэл зохилтой.

  • Хоршооны хэтийн зорилго, зорилт, алсын хараа, стратеги бодлогыг тодорхойлж, бизнесийн дунд болон богино хугацааны төлөвлөлт гаргах
  • Хоршооны өдөр тутмын үйл ажиллагааны дүрмийг хоршоодын гишүүдээр хэлэлцүүлэн батлах
  •  Хоршооны бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлох, хүний нөөц, цалингийн бодлого, түүний дүрэм журмыг боловсруулах
  • Хөрөнгийн үнэлгээ хийх, хоршоодын эздийн хөрөнгө эзэмшлийн хувийг тодорхойлох арга, арга зүйг боловсруулах
  •  Хоршооны мөнгөн хөрөнгийн удирдлагын бодлогыг тодорхойлох
  • Хоршооны үйлдвэрлэх бүтээгдэхүүн бүрийн ашигт ажиллагааг тооцох, хоршооны хөрөнгө оруулалтын үр ашгийн тооцоо хийх

ХХААЯ-ны малчдын хоршооллыг дэмжих бодлогын хүрээнд энэхүү хувийн институцийг бий болж, хоршоодыг эдийн засгийн хувьд ашигтай байлгахын төлөө уг институц ажиллах хөшүүргийг бий болгох үүднээс төрөөс уг институцид үйл ажиллагааны зардал, цалингийн зардал болоод хамгийн гол нь үр дүнгийн урамшуулал олгох зэргээр дэмжлэг үзүүлж оролцох нь зүйтэй. Төр оролцох үндсэн шаардлага нь хоршоодод менежментийн үйлчилгээний хэрэгцээ шаардлага байгаа хэдий ч хоршоод тэрхүү институцийн үйлчилгээг үнэ төлж авна гэхэд дөнгөж эхэлж байгаа хоршоодод санхүүгийн хувьд хүндрэлтэй. Иймд хоршоодын өмнөөс тус институцид төр санхүүжилтийг нь хийж, тус институциуд бие даан бодлого чиглэлээ гаргаж, чөлөөтэй өрсөлдөх хууль эрх зүйн болоод бусад талын боломж олгох хэрэгтэй. Яваандаа хоршоод санхүүгийн хувьд бие даагаад эхлэхээр энэхүү институцийн менежментийн үйлчилгээг хоршоод өөрсдөө худалдаж авах бөгөөд төр цаашдаа оролцох оролцоо бага болж, уг институцууд нь бие даасан бизнесийн байгууллага болоод явах боломжтой болно гэж харж байна.

Энд нэг зүйлийг сануулахад мэдээж хоршоодын эзэд нь мал болон бусад капитал, санхүүгийн хөрөнгийг эзэмшдэг малчид зэрэг хүмүүс байх бөгөөд менежментийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага нь зөвхөн үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй бөгөөд эцсийн шийдвэр гаргах эрх мэдэл хоршоодын эздэд байна. Томоохон бизнесийн байгууллагын хөрөнгө оруулагчид компаниа ур чадвартай менежментээр хангах үүднээс гүйцэтгэх захирал болон менежментийн багийг head hunting болон бусад аргаар бүрдүүлдэг нь бизнесийн тогтсон, эрүүл үзэгдэл билээ. Энэ зарчмаар хоршоодыг менежментээр хангаснаар малчид Монголын томоохон үйлдвэрлэгчид болж, сайхан амьдрах боломжийг бий болгож чадна гэдэгт эргэлзэхгүй байна.  Энэ институц малчдын амьдралд ач тусаа өгөөд зогсохгүй МУ-ын эдийн засаг, экспорын орлогын гол бүтцэд ХАА-н хувь нэмрийг улам нэмэгдүүлж, улмаар хоршоодын шууд болон шууд бус нөлөөгөөр Монголын нийт ард иргэдийн амьдрал ахуйд хувь нэмрээ оруулна гэж итгэж байна. Монголын малчид үр хүүхдээ өөрийнхөө замаар явуулахгүйн төлөө биш, хоршоогоо удирдах мэдлэг чадварыг эзэмшүүлэхийн төлөө эрдмийн замд нь хөтөлдөг тэр цагийн эхлэл нь энэхүү институци байна гэдэгт итгэлтэй байна.


URL:

Сэтгэгдэл бичих