ЭРДЭНЭЗУУ ХИЙДИЙН ХАМБА ЛАМ Х.БААСАНСҮРЭН: ГОМДЛЫН ГУРВАН ТҮВШИН

11890415_1636067166671273_1767621664399675676_o

Та хэнд хамгийн амархан гомдох гээд байна. Тэр хүндээ л хамгийн хайртай байдаг. Бусдын ямар ч ааш авирыг тоодоггүй мөртлөө тэр хүнийхээ хэдхэн үгэнд жаахан хүүхэд шиг амархан гомдчихдог. Энэ нь түүнд эрхэлж байгаа нэг хэлбэр юм. Ийм ГЭНЭН ГОМДОЛ байдаг. Үүнд нэг их буруу байхгүй. Гэнэн гомдлын түвшинд гомдохгүй байна гэдэг нь хөндийрч байгаагийн илрэл байх нь ч бий. Гомдлын дараагийн хэлбэр бол айлгаж бусдыг эрхэндээ байлгах гэсэн ХАРАЛГАН ГОМДОЛ юм. Юм л бол нулимсаараа түрий барьж өөрийн хүссэнээрээ бусдыг байлгах гэсэн атгаг бодолд автдаг. Ийм гомдолд заль их байдаг. Үүний цаана цаад хүний эрх ашиг хөндөгдөж байдаг. Ийм гомдол хүмүүсийг чимээгүйхэн далдуур хөндийрүүлдэг. Мөн хоёулаа зовж шаналдаг. Гомдлын хүнд хэлбэр нь үзэн ядалт болдог. Бүх бурууг түүнд чихэж саяхан л хайр сэтгэл зарлаж байснаа одоо үзэн ядалт өс хонзон зарладаг. Удаан тээсэн өс нь уй гашуу ч болдог. Өнгөрсөн амдралдаа гутран нэг л хүнд хамаг буруугаа тохож түүнээс болж л аз жаргалгүй амьдарсан гэж харамсан гашуудан явдаг хүмүүс олон байдаг. Ийм хүнд гомдлыг МУЙХАР ГОМДОЛ гэдэг. Ийм гомдолд хүмүүс аль хэдийнэ холдсон байдаг. Гомдогч л өөрөө маш их зовдог.

ГОМДОЛ ҮГҮЙ БОЛ УУЧЛАЛТ ҮГҮЙ

Уучлах танд хэцүү байдаг уу? Уучилж чадахгүй зовж байхаар амархан гомддог зангаа л больчих. Гомдол үгүй бол уучлалт ч бас үгүй юм. Гомдоогүй юм чинь юугаа уучлах билээ. Өөрийгөө зовоож шаналгах зүйлсээс холуур явбал танд л амар бус уу? Таныг унтаж ч чадахгүй шаналан тарчилж байхад. Нөгөө хүн чинь дуг нойрондоо дугжирч байж ч мэднэ шүү. Гомдсоноор та юу хожих юм? Зовлон л хожиж байгаа юм биш үү? Ингэж өөрийгөө сайн дураараа зовоох хэрэг юу байна? Нэг бол хурдхан уучлаад санаа амар байх нөгөө бол анхнаасаа гомдохгүй амгалан тайван байвал танд л амар байх даа.

ГОМДООГЧ БА ГОМДОГЧ

“ГОМДООГЧ” Та хөгжих тусам мэдрэмтгий болдог.Та зөв болох тусам уяхан болдог. Зөөлөн болдог. Бусдыг гомдоочих вий гэдгээ анзаардаг болдог. Бусдад туслахсан гэсэн сэтгэлтэй болдог. Та хөрөх тусам мэдрэмжгүй болдог. Хөндий хүйтэн цэвдэг болдог. Амиа л бодогч бэртэгчин үзэлтэй болдог. Бусдыг гомдоочих вий гэж бодох нь битгий хэл гомдоосон ч тоодоггүй хэнэггүй нэгэн болж байдаг. Бусдын зовлонгийн шалтгаан болохоо болихсон. Өнөөдөр бусдыг гомдоосон бол өөр нэг өдөр бусдад гомдох л байх даа.

“ГОМДОГЧ” Байнга аргадуулж амьдрахыг хүснэ. Болж л өгвөл нүдэн доороо алга тосуулахыг хичээнэ. Амархан гомдогч өөрийгөө сайн дураараа дорой өрөвдөлтэй нэгэн болгож байдаг. Бие даах чадвар сул байдаг. Их эрх өссөн олон хэмжээст орж үзээгүй зовлон жаргалд нухлуулж үзээгүй хүмүүс гомдох нь хялбархан байдаг. Зовлонгоо чамаас л боллоо гэж бусад руу чихэхээ болихсон. Таны л амьдрал. Таны л сонгосон зам. Таны л үйлийн үр.

ГОМДОЛ

Гомдол бол урам хугаралт юм. “Арай ч дээ”-ээс гомдол үүснэ. Тэр бас биелээгүй хүсэл юм. “Үгүй байлгүй дээ” гэж гомдол эхлэнэ. Удаан тээсэн гомдол “Өс хонзон” болж хувирна. Цаад хүнээ ялахыг хүснэ. Миний буруу биш чиний л буруу байгаа биз дээ гэж цаад хүнээр өөрийнхөө зөв байсныг батлуулж өөрийг нь буруу байсныг нь хүлээн зөвшөөрүүлэхийг хүснэ. Ялалтыг өөртөө авч ялагдлыг түүнд өгч байж тайвширна. Гуйлгаж байж л санаа амарна. Тэр хүн чамайг гомдоохгүйн тулд л амьдарч байгаа хүн мөн үү? Тэр хүн зөвхөн чиний төлөө л амьдарч байгаа бол зөвхөн чиний зарц бол энэ боломжтой. “Тийм их тус болж байхад” “Ийм хайрлаж байхад” ингэх гэж та бодож байж болно. Гэхдээ тэр ч гэсэн хүн шүү дээ. Мэдээж бусдыг гомдоох нь буруу. Гэхдээ хэн ч бусдыг гомдооё гэж боддоггүй юм. “Гомдчих вий” гэж анзаарч чадаагүйгээс л бусдыг гомдоочихдог юм. Эсвэл чиний хэт их шаардлагаас, хэт их хариуг түүнээс хүссэнээс чинь гомдол үүссэн байдаг.


URL:

Сэтгэгдэл бичих