Тэрбум, тэрбумаар нь идсэн гэх А.Шоовдор нарын хэргийг яагаад хэрэгсэхгүй болгов?
2013 онд АТГ-аас “Хөтөлийн цемент шохой” компанийн удирдлагуудыг 38 тэрбум төгрөг төсвөөс завшсан хэмээн шалгасан. Тодруулбал, тус компанийн захирал А.Шоовдор, дэд захирал Д.Валяхүү, үйлдвэр хангамжийн хэлтсийн дарга болон ерөнхий нягтлан бодогч Н.Бадарч, Н.Энхтуяа нарын долоон хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, дөрвийг нь цагдан хорьж байсан билээ. Тэр ч бүү хэл компанийн захирал А.Шоовдорыг гэр бүлтэй нь хамт барьж хорьсон юм. Энэ явдлаас үүдэн улсын цементийн нөөцийн багагүй хувийг бүрдүүлдэг “Хөтөлийн цемент шохой” компани эмх замбараагүй болж, дарга удирдлагууд нь ч солигдож байсан цаг саяхан.
Мөн АТГ-ын зүгээс “Төсвийн хөрөнгийг ашиглаж хамт олноороо төрийн өмчийн компанийн дэргэд хувийн компани байгуулсан. Улмаар төрийн өмчийн компани биш хувийн өмчийн компанийхаа ашгаар их хэмжээний мөнгө ашиглаад байгаа асуудлыг шалгаж байна. Өөрөөр хэлбэл, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр хоорондоо компани байгуулж, үгсэн хуйвалдаж нэг гэр бүлийн компани юм шиг болсон байсан. Үүнээс болоод их хэмжээний хөрөнгө үрэгдээд эхэлсэн байгаа. Энэ хэрэгт 20 гаруй хүн татагдсан” гэж байв.
Тэгвэл яахын аргагүй олон холбогдогчтой, их хэмжээний мөнгөн дүн яригдсан уг хэрэг ямар учраас 2 жил гаруйн хугацаанд шалгагдаж, нам жим байв.
Үүгээр зогсохгүй Сэлэнгэ аймгийн прокурорын байгууллагад хянагдаж байсан А.Шоовдор нарын хэргийг шүүхээс чухам ямар учраас “хэрэгсэхгүй” гэж дэнслэв. Энэ бүх эргэлзээтэй асуудлын эргэн тойронд бид уг хэргийг нэхэн сурвалжиллаа.
Дээрх хэргийг хэрэгсэхгүй болгохтой зэрэгцэн “Хөтөлийн цемент шохой” компанийг хувьчлах шийдвэрийг улс төрийн эрхэм түшээдүүд гаргав. Энэ нь цаанаа бүх юм уялдаа холбоотойг илтгэх мэт…
Цаашлаад Өршөөлийн хуультай зэрэгцэн А.Шоовдор нарын хэргийг хэрэгсэхгүй болгож байгааг учир мэдэх хүмүүс янз бүрийн л өнцгөөс харж тайлбарлаж байна.
Чухам ямар учраас сүр дуулиан болон шалгаж, гэр бүлээр нь хоморголон хорьж байцааж байсан хэрэг хэрэгсэхгүй болгосон талаар олон нийт төдийлөн ойлголтгүй байна. АТГ ч анх мэдэгдэж байсан шигээ яагаад хэрэгсэхгүй болгосныг тайлбарласангүй.
Тиймээс тус хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж байсан өмгөөлөгч Ц.Цэрэнжээтэй холбогдож шүүхийн шийдвэрийн талаар лавшруулахад “Гэм буруутай нь тогтоогдоогүй учир хэрэгсэхгүй болгох шийдвэрийг шүүхээс гаргасан” гэлээ.
Энэ бүгдээс харахад эгэл жирийн иргэд АТГ-ын хардлагаас болж хохирч үлдсэн бололтой. Анх 20-иод холбогдогчтой хэргийг шалгаж байгаа гэсэн ч явцын дунд хасагдсаар адаг сүүлд нь А.Шоовдорын гэх сүр дуулиантай хэрэг хэрэгсэхгүй боллоо. Хэрэв хэрэг үйлдээгүй, энэ нь хөдлөшгүй баримтаар нотлогдоогүй тохиолдолд, мөрдөн байцаалтын явц дундуур мэдэгдэл хийж, ийм их хөрөнгө завшсан хэрэгт шалгагдаж байгаа хэмээн наанадаж хүний нэр төрд халдах хэрэг байна уу. Энэ асуудал нэг биш нэжгээд хүн дээр гарч байгаа юм.
Д.Дуулим
24tsag.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ha ha ha
Uh.
ХЭРЭГСЭЭЧЭЭ