БОЛОВСОРСОН “ХУРД” БУЮУ СПИД-МЕТАЛ УРСГАЛ

11401189_1447691842217200_107687541569810481_nОчирбатын Рэнцэнханд хэмээх бүсгүй миний спид метал урсгалын тухай нэгэн нийтлэлийг нетээс олж татаад өмнөтгөлд нь “Уншихад нэн таашаалтай. Ихэвчлэн рок, поп дууны шүлэг бичдэг зохиолч, сэтгүүлч Б.Ойдов нь эстрад урлагийн талаар олон арван нийтлэл бичиж, “Хурд” хамтлагийн тухай “Хурд-20 жил”, “Айзам” хамтлагийн тухай “Эстрад урлагаар замнасан 40 жил” хэмээх хоёр том номын ард гараад байгаа хүн. Түүний рок поп урлагийн тухай нийтлэлүүд гэвэл “Амьдралын нугачаанд зэвэрч нугараагүй ган”, “Брайн Жонсыг шүтэгчийн төгс үхэл”, “AC/DC мандтугай!“ гэх мэт. Мөн тэрбээр “Соёл-Эрдэнэ”, “Инээмсэглэл”, “Аясын салхи” “Дөмөн” зэрэг хамтлагуудад зориулж томоохон нийтлэл бичжээ” гэж өгүүлсэн байв. Ингээд энэ бүсгүйн санал болгосон “СПИД-МЕТАЛ” урсгалын тухай нийтлэлээ хүргэе.

БОЛОВСОРСОН “ХУРД” БУЮУ СПИД-МЕТАЛ УРСГАЛ

Соц нийгмийн үед Монголд рок хамтлаг гэж байсангүй. “Соёл-Эрдэнэ” хамтлагийг хэзээ хойно “Поп рок” гэж нэрлэснийг эс тооцвол шүү дээ. Харин 1980-аад оны сүүл үеэс Монголд ардчиллын салхи сэвэлзэж эхэлсэнтэй зэрэгцээд гадаадын зарим нэгэн рок хөгжмийн урсгал бага сага нэвтэрсэн билээ. Гэхдээ л “Heavy metal”, “Thrash metal”, “Death metal”, “Doom metal” гээд дэлхийн хөгжмийн биеэ даасан хүчирхэг том урсгалуудыг “өвчсөн” хамтлаг, дуучид хараахан гарч ирээгүй байлаа. Гэтэл цаана нь дэлхий дахинд рок домог үргэлжилсээр, улам л хөгжиж янз бүрийн нэр томъёонд шилжсээр байдаг. Гадаадад олон жил суралцсан манай юм үзэж, нүд тайлсан залуус дээрхи урсгалуудыг битүүхэн хүсэмжлээд байдаг. Манай урлагийнхан нөгөө л поп роктойгоо зууралдсаар байдаг. Харин тухайн үед залуусын хүсэл сонирхолыг өдөөж, хэви-метал урсгалын орон зайг бөглөхөөр “Хурд” хамтлаг зориглон гарч ирсэн юм. Хэдийгээр Монгол улс буурай хөгжилтэй ч хүмүүс нь урлагийн авъяастай, сэтгэлгээний хувьд тийм ч ядуу биш. Тийм ч учраас Монголд тэртээ наяад оны сүүл үеэс, коммунист дарангуйллын лантуун дороос метал хөгжим чадах ядахаараа өндөлзөж ирсэн түүхтэй. Тэрхүү зоригтой, эрч хүчтэй, ховорхон хамтлагууд бол треш-метал “Аясын салхи”, хэви-метал “Хурд”, хард-рок “Харанга” зэрэг болой. Хэви-метал буюу хүнд метал гэсэн энэхүү стиль нь 1980-аад оноос эхлээд Америк, Англи тэргүүтэй барууны орнуудад маш эрчимтэй хөгжсөн бөгөөд үүнийг хард-рокийн партизанууд болох “Led Zeppelin” , “Deer Purple” , “Nazareth”, “Blue Cheer” ,“Cream” зэрэг хамтлагууд хөгжүүлж ирсэн түүхтэй. Түүнчлэн гитарын хүчтэй рифф, соло гитарын гоцлол, бөмбөрийн хурдтай ритмийг Английн “Diamond Heads ”, “Iron Maiden” зэрэг хүнд рок хамтлагууд бий болгосноор хэви-метал урсгалаас спид-метал, трэш-метал урсгал үүсчээ. 1990-ээд оны дунд үед “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан “Хурд” хамтлагийг спид-метал рок гэж онцолж байлаа. Ухаандаа “Хурд”-ынхан хэви металаасаа хөгжил рүү тэмүүлж спид-метал болж дэвшиж байсан хэрэг. Энэ тухай “Хурд” хамтлагийн ахлагч Д.Ганбаяр өгүүлэхдээ “Ерээд оны үед бидний үндсэн зорилгоо болгож, стиль, имижийг нь сонирхож байсан хамтлагууд бол Америкийн “Wasp”, Английн “Iron Maiden” хамтлагууд юм. Мөн тэр үед хэви метал стилийн “Judas Prest” дэлхийд гарч ирсэн. Эдгээр хамтлагуудыг бид их сонсдог байлаа. Тэр үед манайд поп стилийн хамтлагууд олон байсан. Харин рок хамтлаг байдаггүй байлаа. Тиймээс бид шинийг эрэлхийлж, бас дэлхийн хөгжмийн чиг хандлагыг дагаад шинэ урсгал оруулж ирье гэж зориглоод хэви метал стилийг гаргасан. Энэ стиль маань цаанаа хатуу, хүнд юм шиг мөртлөө бас уянгалаг. “Хурд” хамтлаг спид-метал буюу хурдан метал гэсэн чиглэлээр өөрийн гэсэн өнгө төрхтэйгөөр гарч ирсэн. Үүний төлөөлөл болох дуунууд бол “Чоно”, “Алив бос”, “Миний найз миний дайсан” зэрэг рок дуунууд” гэж онцолсон юм.
“Харанга” хамтлаг бол цэвэр хард стилийг барьж тоглодог бол “Хурд” хамтлаг спид-метал чиглэлээр өнөөдрийг хүртэл тоглож байна. “Аясын салхи” болохоор треш метал чиглэлээр тоглодог. Өнөө цагт спид-метал, хэви-метал, хард-рок, совт-рок гэх мэтийн урсгалууд бүр задраад маш олон чиглэлтэй болчихлоо. Дэлхий дахинд спид метал чиглэлийн томоохон төлөөлөл бол “Iron Maiden”, “Wasp”, “Judas Prest”, “Мetallica” зэрэг хамтлагууд юм. Ер нь манай рок хамтлагууд спид-метал чиглэлээ бариад, рок дуугаа түлхүү дуулаад явахад адаглаад л дэлхийн хөгжмийн урлагаас хоцрохгүй. Үүнээс үүдээд “Хурд”-ын аргил гитарчин Нааяагийн хэлсэн үг санаанд орчихлоо. “Манай уянгын дуунууд хүмүүст илүү хүрээд байдаг. Бараагаар бол рок дуу маань бага борлогдоод, уянгын дуу түргэн борлогдоод байна. Уг нь бид Монголдоо рок дууг түлхүү дуулж байх учиртай юм” гэж хэлсэн нь өдрөөс өдөрт даяаршиж буй өнөөгийн нийгэмд яг л тохирох үг. Ер нь метал хөгжим нь орчин үед, энэхэн цаг мөчид сонгодог хөгжим, балетын урлагтай эн зэрэгцэн нэг шатанд гарч ирж байгаа ба өөрийн агууламж, хамрах хүрээ, зорилгоороо дээдсийн хүрээний урлаг хэмээн тооцогдох болжээ. Би бээр аль наяад оноос эхлээд л Монголд метал урсгал нэвтрүүлэх гэж оролдож ирсэн “Аясын салхи” хамтлагийн ахлагч Энди буюу Энхтэгшид зориулж “Амьдралын нугачаанд зэвэрч нугараагүй ган” хэмээх хөрөг найруулал бичиж байхдаа метал хөгжим гэж ямар агуу болохыг бага сага гадарласан. Энхтэгш метал хөгжмийн тухай өгүүлэхдээ “Та бүхэн харь арьстай балетчин гэж хараагүйн адил манай метал хөгжимд мөн л хар арьстай хүмүүс байдаггүй юм. Энэ бол дээдсийн урлаг, үүгээрээ л байх болно. Ер нь метал хөгжмийг та хүндэлдэггүй, ойлгодоггүй, муулдаг бол маш ихээр хол хоцрогдож явна гэж өөрийгөө ойлгоход буруудахгүй шүү” гэж билээ. “Оюуны чадавх өндөртэй газар л метал рок хөгжим хөгждөг” гэсэн сургаалтай бөгөөд нээрээ ч өндөр хөгжилтэй Америк, Европт хэви-метал, спид-метал, треш метал урсгал нь хөгжлийнхөө дээд цэгт хүрчээ. Харин ертөнцийн соёлоос хол тасарсан буурай хөгжилтэй, ард иргэд нь ядуу сэтгэлгээтэй, урлагийн авъяас чадлаар маруухан улс орнуудад бол метал хөгжим огт хүртээлгүй юмсанж. Гэхдээ манай Монголд аль ерэн оноос эхлээд л хүртээлтэй болж ирсэн.Тэртээ ерээд онд “Хурд”-ын шинэ бүрэлдэхүүн болох Отгонбаяр, Нааяа, Отгонбаатар нарын залуус тухайн үедээ дэлхийн хөгжмийн чиг хандлагыг мэдэрчихээд “Уянгын дуу дуулахгүй ээ, рокоор алаад өгнө” гээд л урт үсээ сэгсэлзүүлэн хашгирч явсан түүхтэй. Энэ тухай Отгонбаяр өгүүлэхдээ “Анх бид бүхэн ер нь гадаадын хамтлаг, дуучдыг их сонсож байсан. Голдуу барууны урсгалын, тэр дундаа Америкийн хамтлаг, дуучдыг түлхүү сонсоно. Ер нь америк, англичууд дэлхийн хөгжмийг тодорхойлдог. Анх гарч ирж байсан үеийнхээ урт үс, кнопон куртка, гинж зүүсэн хэв маягаа бид одоо хүртэл алдаагүй байгаа. Сүүлийн үеийн залуу хамтлаг, дуучид маань харин үсээ тайруулаад, стиль имижээ өөрчилж байна. Гэхдээ яг үндсэн рок хамтлагууд урт үстэй хэвээрээ байгаа. Бид бүхэн хар багаасаа “Smokie”, “Rolling Stouns”, “Queen” гэх мэт хамтлагуудыг сонсож өссөн. Мөн Америкийн “Metallica”, “Aerosmith” гэх мэтийн залуучуудыг байлдан дагуулж байсан хамтлагуудыг сонсож, түүнээс үлгэр дууриалал авч, үүнийг Монголд нэвтрүүлэхийн тулд сайхан монгол пентатоник аялгууг хольж, монгол рок маягийн хамтлагийг гаргаж ирсэн. Бид амьтай, сүнстэй дуунуудыг сонсох дуртай. Ялангуяа симфони оркестр сонсох гоё шүү. Грекийн хөгжимчин Яныг сонсох их дуртай. Ер нь дал, ная, ерээд оны гадаадын хамтлагууд аймаар. Сонсох тусам кино үзэж байгаа юм шиг л татагдаад байна. Манай залуу үеийн хамтлаг, дуучид үнэхээр юм сонсохгүй байна. Хэтэрхий электрон болж байна, стиль хэв маяг нь ч ойлгогдохоо байлаа. Рок, поп хөгжмийн ул суурийг ойлгоогүй бол цаашаа хол явахгүй. Тиймээс дал, наяад оны хамтлагуудыг сонсооч гэж хэлмээр байна. Ер нь дэлхийг байлдан дагуулж явсан арваад л хамтлаг байгаа шүү дээ. Ерээд оны үед би “Мetallica”, “Guns N Roses”, “Aerosmith” хамтлагуудын солиудыг нэг нэгээр нь кассетнаас сонсоод л гитар дээр гаргадаг байсан. Тэр үед ямар видео, интернет гэж байсан биш. Сүүлдээ нүдээ аниад сонсоход гитарын өлгөлт, гарынх нь хөдөлгөөн нүдэнд харагдаж эхэлнэ шүү дээ. Залуу уран бүтээлчдэд хандаж хэлэхэд хуучны домогт хамтлагуудыг сонсон судалж, бусдын хийж байгааг маш сайн анзаарч байх хэрэгтэй” гэж захисан юм. Яваандаа “Хурд” хамтлаг нийгмийн хөгжил, дэлхий нийтийн чиг хандлагыг дагаад треш-метал урсгал руу бага сага хэлбийж мэдэх л юм. Учир нь тэдний биширдэг “Мetallica”, “Sepultura” нар сүүлийн үед треш-металын сонгодог жишээ болчихоод байгаа юм байна. Хэви-метал рокоос гаралтай треш-метал стиль нь харгис, хүнд, чанга, хурдан гэдгээрээ бусад рокуудаас ялгардаг бөгөөд ийм стилээр тоглоход хөгжимчнөөс асар их мэдрэмж, өндөр техник шаарддаг аж. Түүнчлэн треш-метал нь хөгжмийн ямар ч абсурд болон жанрыг шүтэн бишрэгчдээсээ гуйж царай алддаггүйгээрээ онцлогтой. Даяаршиж буй өнөөгийн дэлхий ертөнцөд дайн тулаан, алаан талаан, бөмбөг тэсрэлт, терроризм, өлсгөлөн, ядуурал, цуннами, дэлхийн дулаарал, байгалийн гамшиг, сүйрэл гээд элдэв дээдийн үзэгдэл давамгайлах болсон бөгөөд үүнийг дагаад хүмүүсийн үзэж сонирхох зүйл хүртэл өөрчлөгдөж, тэр бүхнийг треш-метал гүйцэтгэх болжээ. Нийгмийн захиалга ч гэж хэлж болно. Метал хөгжим нь ихэвчлэн амьдралын хар бараан зүйлийг тусгаж байдаг ч нийт хүмүүсээс мэдрэмж, оюунаараа хэтийдсэн, танхай сэтгэлгээтэй (ганцаардсан буюу нийгмээс тасарсан гэж ч хэлж болно) тодорхой хүрээний хүмүүст зориулагдсан гэмээр маш хүнд философи утга учир бүхий хөгжим юм. Уг хөгжмийн албан ёсны тодорхойлолтонд өгүүлэхдээ “Дэлхийн хоёрдугаар дайны дараа үүссэн метал хөгжим нь хэн нэгэн хүнд асар утга учиртай хүнд аялгууг мэдрүүлдэг. Тэр аялгуу нь энгийн хүнд сайхан таатай мэдрэмж үл төрүүлдэг бөгөөд уур амьсгал хүйтэн хөндий бас жигшмээр жихүүн байдаг.Хэн нэгэн хүнд амьдрал ямар ч утгагүй санагдах үед метал хөгжим нь өөрийн амьдралын гарцаа олоход тусалдаг” хэмээжээ. Тэгэхээр энэ нь тун ховор бөгөөд хэцүүхэн урсгал болж таарах гээд байна. Дэлхийн рок хөгжмийн түүхээс үзэхэд метал рок нь 1966 оноос хүчээ авчээ. Хамгийн анх “Cream”, “Jimi Hendrix”, “Blue Cheer”, “Led Zeppelin” гэх мэт хамтлаг эхлэлийг нь тавьжээ. Ялангуяа “Led Zeppelin” хамтлаг бол метал урсгалд маш их хувь нэмэр оруулсан юм байна. Үүний дараа “Вlack Sabbath”, “Моuntain”, “The Stooges” зэрэг хамтлаг гарч ирснээр метал хөгжмийн жинхэнэ утга учрыг бий болгожээ. Үүнтэй зэрэгцээд Нard Rock, Shock Rock хөгжмийн эхлэл тавигдсан байна. Гэвч метал хөгжмийг хүмүүс ихээр сонирхдог байсан ч энэ нь хязгаарлагдмал, олон нийтээс хол байх ёстой гэж үздэг хүмүүс байсаар л байв.Одоо ч тийм. Гэхдээ хөлдүү нийгмийг цочроохын тулд, мөн гутарч ганцаардсан хэн нэгэн хүнд амьдралын гарцаа олоход нь туслахын тулд манай рок хамтлагууд хааяа нэг треш-метал хашгирчихаж байхад гэмгүй. Модернист найрагч Б.Галсансүхийн шүлгэнд задаргаа хийсэн авъяаслаг шүүмжлэгч Б.Бадрал “Шоргоолж янаглаж, хуруудна, жүнз, онгоц бодлогоширно. Энд экспрессио-футурист эрч байхгүй, меланхолик гуниг үгүй. Хааяа хард рок, гитарын хяхтнаа сонсогдох ч бүхэлдээ блюз-энерги л урсана” гэж онцолсон байдаг. Үүн лүгээ рокоор мэргэшсэн манай зарим хамтлагууд уянгын дуу, спид-метал рокоо бүхэлд нь урсгах далимандаа хааяа нэг бурангуй нийгмийг цочроосон этгээд хурц үгтэй треш-метал хангинуулчихаж байгаасай гэж хүснэм.

ЗОХИОЛЧ, СЭТГҮҮЛЧ Б.ОЙДОВ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих