Мал өслөө гэж шоуддаг дарга нар цөөрүүл гэж үүрэгддэг болжээ
Монгол Улс 1990-ээд оны дундуур малыг малчдад, орон сууцыг эздэд нь үнэгүй хувьчилсан. Мал сүргийг ийнхүү хувьд шилжүүлснээр тоо толгой нь жил дараалан өсч 50 саяд хүрсэн юм. Манай орон нэг хүнд ногдох малын тоогоороо дэлхийд нэгдүгээрт бичигддэг болов. Энэ бол байгаль цаг уурын эрс нөхцөлд нар салхинд гандан, мал сүргээ өсгөхийн төлөө зүтгэдэг малчдын хөдөлмөр юм. Харамсалтай нь үе үеийн Засгийн газар мал сүргийн тоо толгойн өсөлтийг өөрсдийнх нь хийсэн ажил, байгуулсан гавъяа мэтээр шоудсаар ирсэн. Харин өнөөдөр байдал эсрэгээрээ эргэж малаа өсгөх шаардлагагүй, цөөрүүл гэж үүрэгддэг болжээ.
Өвөлжилт хүндрэх сургаар Шадар сайдыг орлон Улсын онцгой комиссыг даргалагч Хууль зүйн сайд Д.Дорлигжав өвөлжих малын тоог цөөлөхөд анхаарах үүргийг Хүнс, хөдөө ажахуйн сайд Р.Бурмаад өглөө. Д.Дорлигжав сайдын хэл нь халтираад хэлчихэв үү гэж бодтол Улсын онцгой комиссоос ирсэн албан мэдээнд ч энэ тухай дурдагдсан байлаа. Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 5-д “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг. Энэ нь мал сүрэг төрийн өмч биш ч бодлогоор хамгаална гэсэн утгыг илэрхийлнэ. Түүнээс биш малчин Доржийг хэдэн малтай байхыг заана гэсэн үг яавч биш. Гэтэл Засгийн газар өвөлжилт хүндхэн болох сургаар өнөөх л шоуддаг зангаараа ажил хийсэн болж харагдахын тулд хувийн өмчид халдах алхам хийх нь. Мал хувийн өмч учраас малаа зуднаас бүрэн бүтэн авч үлдэх нь эсэх нь малчдын хариуцлагын асуудал. Харин найр наадмаа багасгах, наадам хэсээд ажилдаа ирэхгүй байгаа дарга нарыг ажилд нь дуудах, улсын нөөцийн тэжээлээ бэлтгэж, оновчтой хуваариалах, цаг агаарын урьдчилсан мэдээгээ үнэн зөв өгөх, техник, тоног төхөөрөмжийнхөө бүрэн бүтэн, бэлэн байдлыг хангах нь Улсын онцгой комиссын үүрэг. Түүнээс биш малчдын малынх нь тоог тогтоох гэж өмнө нь аахилах шаардлагагүй.
Үндсэн хуульд заасны дагуу мал сүргийг бодлогоор хамгаалах ёстой хүмүүс мууг зөгнөж байгаа юм шиг тэртэй тэргүй зуд болж үхэхээс хойш өрсөөд “нядалчихъя” гээд ярьж суух нь хэр зэрэг зохимжтой вэ. Монгол хүн амны бэлгээс ашдын бэлгийг бодож өвөлжилт хүндрэх сургаар малаа нядлах тухай ярихын оронд зуд боллоо гэхэд мал сүргээ бүрэн бүтэн авч үлдэхийн тулд ямар ажил зохион байгуулах вэ гэдэгт л анхаармаар санагдах юм. Үнэхээр малаа цөөлөх шаардлага гарвал малчид өөрсдөө хэнээр ч заалгахгүйгээр тарга тэвээрэг муутайгаасаа хүнсэндээ хэрэглэж илүү гарсныг нь нядалдаг, худалддаг.
С.ШИЙЛЭГТӨМӨР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: