“Оюу Толгой”-ийн далд уурхайн бүтээн байгуулалт ирэх оны зургадугаар сараас эхэлнэ
“Оюу Толгой” компани 2015 оны ТЭЗҮ-ийн хувиараа шинэчилж, Эрдэс Баялгийн Мэргэжлийн Зөвлөлд хүлээлгэн өглөө. Өмнөх ТЭЗҮ болон Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөний дагуу хийсэн ТЭЗҮ-ийг ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэж Уул уурхайн яамнаас мэдэгдээд байгаа юм.
Эх сурвалжийн мэдээлснээр төлөвлөгөөний дагуу ирэх сард “Оюу Толгой” компанийн Монголын талын гурав дахь ТУЗ-ийн гишүүнийг томилох юм байна. Мөн “Таван Толгой”-ийн цахилгаан станц болон зэс хайлуулах үйлдвэрийн судалгааг хийж гүйцэтгэнэ. Харин төсөлд шаардлагатай зургаан тэрбум хүртэлх ам.долларыг ирэх 12 дугаар сард босгохоор хувиарт тусгасан бол ирэх оны дөрөвдүгээр сард “Оюу Толгой” болон “Turquoise Hill Resources”, “Rio Tinto”-ийн ТУЗ “Оюу Толгой”-ийн далд уурхайг баталгаажуулж, бүтээн байгуулалт ирэх оны зургадугаар сараас албан ёсоор эхлэх аж.
“Turquoise Hill Resources”-ийн мэдээлснээр бүтээн байгуулалтыг сэргээхэд шаадлагатай бэлтгэл ажлын төлөвлөгөө батлагдаад байгаа юм байна. Өнгөрсөн тавдугаар сард баталсан Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний дагуу “Оюу Толгой”-д, долоон жилийн хугацаанд 6.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэхээс 4.7 тэрбум нь далд уурхайн бүтээн байгуулалтад зориулагдах юм.
Харин үлдсэн хэсгийг урсгал хөрөнгө оруулалт болон татварын зардалд зарцуулна. Мөн хөрөнгө оруулалт хийгдэх долоон жилд “Оюу Толгой” компани Монголд Улсад нийт есөн тэрбум ам.доллар зарцуулах төлөвлөгөөг хувь нийлүүлэгчид баталсан байдаг. Энэ онд 300 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх төлөвлөгөөтэй талаар холбогдох албаныхан хэлж байгаа юм.
URL: