Монголын мэргэн буучид медалийн буухиаг үргэлжлүүлэв
БНХАУ-ын Шэнжэнь хотноо дэлхийн оюутны зуны 26 дугаар “Универсиад” наадам үргэлжилж байна. Манай улсаас баг тамирчид спортын 12 төрөлд энэ наадамд өрсөлдөж байгаа. Наадмын анхны медалийг жүдо бөхийн 60 кг-ын жинд ОУХМ О.Чинбат хүртсэн. Харин өнгөрсөн баасан гаригт Монголын баг тамирчид хоёр дахь медалиа хүртлээ.
Наадмын буудлагын төрөлд ОУХМ С.Адилбиш дасгалжуулагчтай эрэгтэйчүүдийн баг мөнгөн медалийн эзэд болсон байна. Хийн гар бууны 10 метрт 18 улсын тамирчин оролцсоноос ОУХМ Д.Бишрэл 593, Н.Баяраа 594, Д.Ганзориг 582 оноо авсан. Харин эмэгтэйчүүдийн хувьд 40 буудаж, 400 онохоос ОУХМ Ч.Нарантуяа 391, ОУХМ О.Янжинлхам 393, Ө.Саранцацрал 393 онож, долдугаар байрт шалгарчээ.
Гар бууны төрөлд Э.Даваахүү 536, Д.Мөнх-Эрдэнэ 516, Э.Бадамгарав 515 оносон бөгөөд энэ төрөлд Хятадын баг алтан медалийн эзэд болж мөнгө, хүрэл медалийн эздээр БНСУ, Польшийн баг тодорлоо. Урт бууны 50 метрийн хэвтээ байдлаас буудах 60 сумны төрөлд Д.Бишрэл 593, Д.Ганзориг 591, Н.Баяраа 589 онож, нийлбэр оноогоор 1773 оноо авч мөнгөн медаль авлаа. Энэ төрөлд Беларусь улсын баг 1773 оноо авч алтан медаль, Швед улсын баг 1769 оноогоор хүрэл медаль хүртсэн.
Эмэгтэйчүүдээс Ч.Нарантуяа 588, Я.Заяа 589, О.Янжинлхам 582 оноо тус тус авч, 18 орноос зургадугаар байрт орсон байна. Оюутны зуны “Универсиад” наадам аэробик, таеквондогийн төрлөөр үргэлжилж байна. Монголын аэробикийн тамирчид Шэнжэнь хотноо өнгөрсөн баасан гаригт бэлтгэн бие халаалтаа хийцгээсэн юм.
Монгол Улсаас аэробикийн тэмцээнд ШУТИС-ийн багш, олон улсын шүүгч Г.Ерөөлбат дасгалжуулагчтай баг тамирчид стэп аэробикийн төрөлд, МУБИС-ийн багш Б.Номин, МУИС-ийн багш Д.Түмэнтөгс дасгалжуулагчидтай баг тамирчид хос, гурвалсан, холимог баг, бүжгийн аэробикийн төрөлд тус тус оролцоно.
Бүжгийн аэробикийн төрөлд Итали, Унгар, БНХАУ, ОХУ зэрэг 10 орны баг тамирчид өрсөлдөх ба манай улсаас МУБИС-ийн оюутан Б.Гандулам, Т.Оюундарь, Э.Шинэтөр, Г.Наранхүү, Г.Дарханзул, Б.Бямбасүрэн нарын зургаан тамирчин оролцов. Хосын төрөлд БНХАУ, БНСУ, Итали, ОХУ-аас тус бүр хоёр, хоёр баг оролцуулж байгаа ба Монгол Улсаас Б.Гандулам, Г.Наранхүү нар эдгээр ширүүхэн баг тамирчидтай өрсөлдөж байна. Аэробикийн тэмцээн өнөөдөр дүнгээ гаргана.
Хятадын баг тамирчид 54 алт, 38 мөнгө, 28 хүрэл медальтайгаар наадмыг тэргүүлж байна. Тэдний араас 32 алт, 31 мөнгө, 35 хүрэлтэй Оросын баг нэхэж явна. 22 алт, 25 мөнгө, 32 хүрэлтэй Японы баг явж буй. Одоогоор 57 орны баг тамирчид ямар нэгэн медаль хүртээд буй. Монголын баг гурван мөнгөн медальтай 41 дүгээр байрт явна.
М.Хүслэн
URL: