Санхүүгийн хараат болсныг гэрчлэв үү

орхон аймаг_700x700Орхон аймгийн Аудитын газраас өнгөрсөн онд аймгийн төр захиргааны болон орон нутгийн хурлын байгууллагын удирдах ажилтнууд буюу төсвийн ерөнхийлөн захирагч нарын ажлыг хянан шалгасанаа мэдээлсэн.Энэхүү хөрөнгө мөнгө хэрхэн зарцуулсан талаарх мэдээлэл нь олон нийтэд хүртээмжтэй хүрдэггүй учир манай сонин төрийн хяналтын байгууллагын нэгдсэн дүнг уншигчиддаа цувралаар хүргэж байгаа билээ.

Энэ удаагийн дугаарт нийцлийн аудитаар илэрсэн төрийн байгууллагын удирдах албан тушаалтны шууд хариуцах төлбөр, зөрчлийн талаар дэлгэрэнгүй хүргэж байна.

Нэг. Төлбөр хариуцагч албан тушаалтан Б.Мягмарсүрэн \Аймгийн ИТХ\:

1.Аймгийн ИТХ-аар батлуулсан дүнг нэмэгдүүлэн тендер шалгаруулж, гэрээ байгуулсны дараа аймгийн ИТХ-аар батлуулан долоон ажилд 585.2 сая төгрөгийн зөрүүг нэмж, тодотгон баталсан.

2.Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сурын талбайн засвар, тохижилтын 22.9 сая төгрөгийн өртөгтэй ажлыг батлаагүй, гэрээ байгуулаагүй байхад ажлыг эхлүүлсэн.

Хоёр. Төлбөр хариуцагч албан тушаалтан Д.Мөнх-Эрдэнэ \аймгийнЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтэс\

1.Барилга байгууламж, их засвар, тоног төхөөрөмжийн нэр, байршил өөрчлөгдсөн, батлагдсан төсөвт өртөгийг хэтрүүлэн тендер зарлаж гэрээ байгуулсан долоон ажилд санхүүжилт олгосон нь нэг тэрбум 254.7 сая төгрөгийн зөрчил үүсгэсэн.

2.Аймгийн ИТХ-аар батлуулаагүй Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сурын талбайн засвар тохижилтын 22.9 сая төгрөгийн өртөгтэй ажлыг эхлүүлсний дараа батлуулсан.

3.Баян-Өндөр, Жаргалант сумдад төсөл, арга хэмжээ бүрт “Хяналтын хүснэгт”-нд тусгагдсан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг бүрэн хангасан эсэхийг хянаж баталгаажуулдаггүй.

4.Орон нутгийн хөгжлийн сангаас сумдын ОНХС-д олгох орлогын шилжүүлгийг батлагдсан сар, улирлын хуваарьгүй шилжүүлсэн.

Гурав. Төлбөр хариуцагч албан тушаалтан Н.Жаргалсайхан /Баян-Өндөр сумын ИТХ/

1.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр ТЭЗҮ болон зураг төсөв хийгдээгүй хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээг баталснаар үр дүнгүй ажлууд хийгдсэн.

2.    Баян-Өндөр сумын ИТХ нь долоон ажилд 150.4 сая төгрөгийн төсвийг тодотгон баталж хууль журам зөрчсөн.

Дөрөв. Төлбөр хариуцагч албан тушаалтан Б.Хүрэл-Эрдэнэ /Аймгийн Өмчийн харилцааны газар/

1.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгүүдийг бүрт­гэлд тусгаагүй, ашиглагч байгууллагад хүлээл­гэн өгөөгүй, ашиглалтын байдалд хяналт хэрэгжүүлээгүйн улмаас 523.6 сая төгрөгийн зөрчил гаргасан.

2.Барилга, засварын ажлуудыг жилийн санхүүжилтийн дүнгээр бүртгэснээс хөрөнгийн өртөг нэмэгдэж, элэгд­лийн зардал өсөх эрсдэл үүсгэсэн.

3.Багуудын нэгдсэн байранд байгаа багийн эмнэлэгт агааржуулалт муутай, зарим өрөөний цонх онгойдоггүй, 00 өрөөний сантехник муу, гадна хаалга эвдэрсэн зэрэг зөрчилтэй чанаргүй барилга хүлээн авсан байна.

4.Жаргалант сумын НЭМТ нь ОНХС-ийн хөрөнгөөр авсан тоног төхөөрөмжүүдийг ашиглаагүй.

Тав. Төлбөр хариуцагч албан тушаалтан И.Баасанжав /Баян-Өндөр сумын ЗДТГ/

1.    Баян-Өндөр сумын иргэдийн санал аваагүй 45 ажлыг хурлаар батлан эрэмбэлж, гүйцэтгэгчид гэрээ байгуулах эрх олгон нэг тэрбум 156.8 сая төгрөгийн зөрчил гаргасан.

2.ОНХС-аар санхүү­жүүлж болох хөрөнгө оруулалтын төрөлд огт тусгагдаагүй 23 ажлыг Иргэдийн хурлаар эрэм­бэлэн баталж, гүйцэтгэгчид гэрээ байгуулах эрх олгон санхүүжүүлж 664.7 сая төгрөгийн зөрчилтэй ажилласан.

3.Захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд байгуулсан хэлцлийн гэрээний холбогдох заалтыг зөрчиж, ажил дуусгах огноог 171 хоногоор хэтрүүлсэн есөн гүйцэтгэгчид торгууль тавилгүй, санхүүжилтийг бүрэн олгосон.

4.    Баян-Өндөр сумын ОНХС-аас сумын баяр наадам болон 20 жилийн ойн  хүндэтгэлийн арга хэмжээнд 3.5 сая төгрөг зарцуулсан.

5.Олон нийтийн оролцоотой хийгдсэн ажлуудын гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээнд хоёр талын үүрэг хариуц­лагыг тодорхой зааж өгөө­гүй. Баян-Өндөр сумын ЗДТГ-аас томилсон ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нэгээс бусад нь мэргэжлийн бус хүмүүс оролцон үе шатны хяналтыг цаг тухай бүрт нь хийгээгүй зэргээс шалтгаалж 12 ажил чанаргүй, үр дүн муутай хийгдсэн байна.

Зургаа. Төлбөр хариуцагч Аймгийн Засаг дарга С.Дангаасүрэн /Аймгийн ЗДТГ/

1.    Орхон аймгийн 2014 оны хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Сангийн сайдын 43 дугаар тушаалаар батлагдсан ОНХС-аар санхүүжүүлж болох хөрөнгө оруулалтын төрөлд огт тусгагдаагүй, иргэдийн санал аваагүй хоёр ажлыг Иргэдийн хур­лаар ба­талж, гүйцэтгэгчид гэрээ байгуулах эрх олгон санхүүжүүлж нэг тэрбум 372.2 сая төгрөгийн зөрчил гаргасан.

Долоо. Төлбөр хариуцагч Э.Бөхтулга /Жаргалант сумын ЗДТГ/

1. Жаргалант сумын  хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар иргэдийн санал аваагүй  ажлыг хурлаар батлан эрэмбэлж, гүйцэтгэгчид гэрээ байгуулах эрх олгон санхүүжүүлж, 129.5 сая төгрөгийн зөрчилтэй ажиллажээ.

2.Сангийн сайдын 2014 оны гуравдугаар сарын 06-ны өдрийн 43 дугаар тушаалаар ОНХС-аар санхүүжүүлж болох хөрөнгө оруу­лалтын төрөлд огт тусгагдаагүй дөрвөн ажлыг Иргэдийн хурлаар батлан эрэмбэлж гүйцэтгэгчид гэрээ байгуулах эрх олгон санхүүжүүлж 15.8 сая төгрөгийн зөрчил гаргажээ.

Найм. Төлбөр хариуцагч С.Даваасүрэн /Хот байгуулалт, барилга захиалагчийн алба/

1.Уртбулаг багийн амралт чөлөөт цагийн талбай тохижуулах ажлын гүйцэтгэл бүрэн дуусаагүй байхад хийгдээгүй ажлын гүйцэтгэлийг баталгаажуулснаас 4.5 сая төгрөгийн санхүүжилт, Эрдэнэ, Их залуу, Наран багийн амралт чөлөөт цагийн тоглоомын талбай байгуулах ажлууд хүйтний улиралд чанаргүй хийгдсэн ажлын гүйцэтгэлийг ба­тал­гаажуулж санхүүжилт олгосон учир 46.7 сая төг­рөгийн зөрчилтэй ажиллажээ.

2.Орон сууцнуудын дээвэр засварын 33 ажил хийгдсэн бөгөөд явцыг тулгахад 2014 онд хийгдсэн зарим ажлууд үр дүнгүй хийгдэж, “Фүжи Алтай” ХХК-ийн гүйцэтгэсэн Дэнжийн байрны хоёр блокын дээврээс ус гоожиж, чанаргүй ажил хийгдсэн.

3.Барилга угсралт, засварын ажлын гүйцэтгэлд тавих хяналт хангалтгүй хийгдсэнээс төсвийн хөрөнгө үргүй зарцуулагдаж, Говил ба­гийн гудамжны гэрэлтүүлгийн ажил хугацаа хоцорч одоо хүртэл дуусаагүй байна.

4.Хэлцлийн гэрээг үнэн зөв дүгнэдэггүйгээс хугацаа хоцорсон аж­луу­дад алданги тоо­цож санхүүжүүлэх та­лаарх мэдээллийг сан­хүүжилт олгох эрх бүхий байгууллагуудад хүргүүлээгүй байна.

5.Хяналтын инженерүүдийн ажлын гүйцэтгэлд дотоод хяналт хэрэгжүүлдэггүйгээс хя­налт муу, үр дүнгүй хийг­дэж, төсвийн хөрөнгийг үр дүнгүй зарцуулсан байна.

Аудитын байгууллагын дээрх шалгалтын дүнгээс харахад, нийт найман байгууллагын удирдах албан тушаалтны нэр дээр хариуцлага тооцох зөрчил илэрсэн байна.Хамгийн олон тооны зөрчлийг Баян-Өндөр сумын Засаг дарга И.Баасанжав, Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны дарга С.Даваасүрэн нар тус бүр таван удаагийн зөрчлөөр тэргүүлжээ. Зөрчлийн мөнгөн дүнг харьцуулахад, улс болон орон нутгийн төсөвт хамгийн их буюу нэг тэрбум 825 сая төгрөгийн зөрчил гаргаснаар И.Баасанжав магнайлж, удаах байрыг аймгийн Засаг дарга С.Дангаасүрэн нэг тэрбум 372.9 сая төгрөгийн зөрчилтэйгөөр удаалсан нь анхаарал татахаар байгаа юм. Мөн төрийн байгууллагын шалгалтаас дүгнэхэд, Орхон аймгийн Засаг дарга С.Дангаасүрэн, Баян-Өндөр, Жаргалант сумдын Засаг дарга нар болох И.Баасанжав, Э.Бөхтулга нар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын дийлэнхийг иргэдээс санал авалгүй, өөрсдийн дураар хийсэн байна.Багийн Иргэдийн нийтийн хурлаар хоолойгоо сөөтөл хэдэн хүн ярьж “манай багт ийм зүйл хийж өгнө үү” гэсэн санал гаргаж бөөн чирэгдэл болдог нь жүжиг тавьдаг байсныг илтгэнэ.Мөн хийгээгүй болон дуусаагүй ажлын гүйцэтгэлийн төлбөрийг бүрэн гаргаж өгдөг нь төрийн байгууллагын дарга нар хувийн компаниас санхүүгийн хувьд хараат болсныг гэрч­лэх бус уу.Энэ мэтчилэн хөрөнгө оруулалт, барилга, засвар нэрээр иргэдийн нэрийг барьж, албан тушаалтнууд хөлжсөөр, төрөөс төрж буй тэрбумтнуудын эгнээг Орхон аймагт нэмсээр байгааг баримттай хүргэлээ.

М.МӨНХЦЭЦЭГ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 


URL:

Сэтгэгдэл бичих