УИХ-ын даргын хүний эрхийн хуралд илгээсэн илгээлт

0419515e5b6ef7abbig    Ази, Номхон далайн бүсийн хүний эрхийн үндэсний

    байгууллагуудын чуулганы ээлжит 20 дугаар

    хуралд оролцогчдод

 

 

 

Ази, Номхон далайн бүсийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын чуулганы 20 дугаар ээлжит хуралд оролцож байгаа эрхэм хүндэт зочид төлөөлөгчид Та бүхний амар амгаланг айлтгаж, Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

Дэлхийн хүн төрөлхтний сайн сайхан, аз жаргал, иргэний эрх, эрх чөлөөний төлөө улс орон бүр хүчин зүтгэж бололцоотой бүхнийг хийж байна. Ялангуяа олон улсын хүний эрхийг хамгаалах тогтолцоонд Ази, Номхон далайн бүсийн хүний эрхийн үндэсний байгууллагууд бүсийн тогтолцоог орлохуйц хэмжээнд ажиллаж байгаа нь туйлын сайшаалтай.

Монгол Улсын Их Хурал хүний эрхийн үндэсний байгууллагынхаа үйл ажиллагааг байгууллагдсан цаг мөчөөс нь дэмжиж ирсэн бөгөөд цаашид улам идэвхитэй дэмжинэ гэдгээ илэрхийлэхэд таатай байна. Монгол Улсын Их Хурал 2002 оны шинэ Эрүүгийн хуульд 5 удаа нэмэлт өөрчлөлт оруулахдаа Хүний эрхийн Үндэсний Комиссоос гаргасан тодорхой саналуудыг дэмжиж анх удаа гэмт хэрэг үйлдсэн эмэгтэйчүүд, ялангуяа жирэмсэн, бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон, эмэгтэйчүүдэд оноосон хорих ялыг тэнсэх, хугацаанаас өмнө суллахдаа насанд хүрээгүй хүмүүстэй адил зарчим баримтлахаар ялын бодлогыг өөрчилсөн нь хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад чухал алхам болсон. Мөн хүнд болон хүндэвтэр гэмт хэрэгт оноож буй торгуулийн хэмжээ болон хорих ялын доод хэмжээ хэт өндөр байгаагаас гэр бүлийн гишүүдийн өмчлөх эрхэд халдах нөхцлийг бүрдүүлэх, гэмт хэргийн оролцогч тус бүрт ялгамжтай тохирсон шийтгэл оногдуулах боломж алдагдаж байсныг өөрчилж чадсан билээ.

Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, урьдчилан сэргийлэх бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурал Хүний эрхийн Үндэсний Комиссын зохион байгуулсан нөлөөллийн үр дүнд “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тухай” бие даасан хуулийг 2012 ондбаталсан. Мөн Улсын Их Хурлын тогтоолын дагуу 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн аймаг бүрт Хүний эрхийн Үндэсний Комиссын биет төлөөлөгчтэй болсон.

Хүний эрхийн талаарх олон улсын гэрээг Монгол Улс соёрхон батлах, хэрэгжүүлэх, хэрэглэх санаачлагыг тууштай дэмжин, 2002 онд Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэм, 2008 онд Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенц, түүний нэмэлт Хүн, ялангуяа эмэгтэйчүүд болон хүүхэд худалдаалахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ба шийтгэх тухай протокол, 2009 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц, 2012 онд Иргэний болон улс төрийн эрхийн тухай пактын нэмэлт II протокол, 2013 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцын нэмэлт IIIпротокол, 2014 онд Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенцийн нэмэлт протоколыг соёрхон баталсан.

Монгол Улсын нутаг дэвсгэрт амьдарч байгаа хүмүүс төдийгүй Ази, Номхон далайн бүсийн хэмжээнд хүний эрх, эрх чөлөөгөө эдлэх таатай нөхцөл бүрдүүлэхэд Та бүхний цаашдын нягт, үр нөлөөтөй хамтын ажиллагааг улам бэхжүүлэх нь чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлаас Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэд Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бүрдүүлж, түүний үйл ажиллагааг хараат бус, мэргэжлийн, үр нөлөөтэй болгоход Та бүхний мэдлэг, туршлага, хувь нэмэр амин чухал болохыг цохон тэмдэглэж байна.

Эрх мэдэлтэй хэн нэгнийг хөндлөнгөөс тасралтгүй хянаж чадахгүй тохиолдолд тэрээр бусад хүний эрхэм чанарыг уландаа гишгэж, доромжлох, хүчирхийлэх, бүр амь насыг нь бүрэлгэх аюул занал учирч болзошгүй тул хүний эрхийн шаардлагатай, хамгийн үр дүнтэй тогтолцоог бий болгохын төлөө байгаагаа энэ ялдамд илэрхийлж байна.

Арван жилийн өмнө Монгол Улсад чуулж байсан хүний эрхийг хамгаалагч Та бүхэн ээлжит хурлаараа олон чухал санал санаачлагыг дэвшүүлж, хүн бүр эрхээ бүрэн дүүрэн эдлэх нөхцлийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж Ази, Номхон далайн бүсийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын чуулганы 20 дугаар ээлжит хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД

Улаанбаатар хот 2015.08.28


URL:

Сэтгэгдэл бичих