“Цэцэрлэгийн азын сугалааны цаана авлига байх нь ойлгомжтой”

527-144064385008177802c8633932originalЭцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт оруулахын тулд хоёр долоо хоногийн өмнөөс хонон өнжин дугаарлаад хоосон үлддэг жишиг манай улсад тогтжээ. “Цэцэрлэгийн гадна талын талбайд майхан барьж, нойр хоолгүй хэд хоноод ч хүүхдээ цэцэрлэгт оруулж чадсангүй. Энэ жил бас л гэртээ суух нь. Ямар ч орлогогүй яаж хэдэн хүүхдээ тэжээх вэ” хэмээн Баянзүрх дүүргийн иргэн Б.Гантуяа нулимс цийлэгнүүлэн ярьж байв.
Эдийн засаг хямралтай, хоногийнхоо хоолыг арай ядан залгуулдаг өрх толгойлсон дөрвөн хүүхэдтэй эмэгтэйн хувьд хүүхдээ цэцэрлэгт оруулж чадахгүй нь нэг ёсны “ял” гэлтэй.
Тэрбээр цэцэрлэгийн бүртгэл эхлэхээс 10 хоногийн өмнө өлгийтэй үрээ тэврээд өдөр шөнөгүй дугаарласан ч “хоёр настай хүүхэд авахгүй” гэх үгээр амаа таглуулаад буцжээ. Хорооныхоо Засаг даргад учир байдлаа хэлтэл “Цэцэрлэгийн эрхлэгчийн мэдэх асуудал. Бүх л хүн ийм зовлон ярьж ирдэг. Туслах ямар ч боломжгүй” гэх хариултыг өгсөн гэнэ.
“Ардчилсан нам засаг барьж эхэлснээс хойш амьдрал доройтож байна. Эхийнхээ сүүнээс гараагүй хоёрхон настай хүүхдийг цэцэрлэгт оруулахын тулд азын сугалаа явуулж алагчилж болохгүй” гэж халаглах хүмүүстэй та хаа нэг газар таарсан л байх. Энэ жилийн хувьд цэцэрлэгийн бүртгэл онцлогтой явагдахаар болсон.
Тодруулбал, алаг үрсийг алагчилж үзэхгүй, авлига авч өгөхгүйн тулд аав ээжээр нь азын сугалаа сугалуулах мэргэн санааг албаныхан сэдсэн. Гэвч хурган дарга нарын сэдсэн мэргэн санаа иргэдэд таалагдаагүй тул жагсаал, цуглаан эсэргүүцэлтэй тулгарсан ч өнөөг хүртэл дорвитой арга хэмжээ авч чадахгүй 27 мянган хүүхэд цэцэрлэггүй хоосон үлдэхээр боллоо.
Хуульдаа хүртэл хүүхэд сургуулийн өмнөх боловсролыг үнэ төлбөргүй эзэмших эрхтэй гэж заасан байдаг. Гэвч өнөөдөр ард түмний хүүхдүүдийг азын сугалааны хонжвор адил үзэж байгаа нь буруу гэх хүн олон.
Авлига газар авч цэцэглэж эхэлсэн энэ үед алдрай бяцхан хүүхдүүдийг “Азын сугалаагаар цэцэрлэгт элсүүлнэ” гэх үгийн цаана хээл хахууль байх нь тодорхой. Хотын захын цэцэрлэгт хахууль өгч хүүхдээ оруулбал 300, харин төвийн цэцэрлэг таван зуугаас сая хүртэл төгрөгийн ханштай байгааг эх сурвалж хэлж байгаа юм.
Баян мөнгөтэй хүний хүүхэд ч яахав хахууль өгөөд цэцэрлэгт орох бүрэн боломжтой. Харин хоногийн хоолоо арай ядан залгуулдаг хүний хүүхдийн хувьд бүхий л зүйл хаалттай байгаа нь дэндүү харамсалтай гэмээр.
Өглөөнөөс үдшийн бүрий хүртэл цэцэрлэгийн хашаа манаж хоноод ч тусыг эс олно. Нэг үгээр, хоносон ч хоноогүй ч хоосон буцах зам тэдний урд нь зурайж байх жишээтэй. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт оруулахын тулд байж болох бүхий л хувилбарыг хайх нь зүйн хэрэг юм Баянзүрх дүүрэгт л гэхэд 2015-2016 оны цэцэрлэгийн элсэлтэд 25000 хүүхэд буюу 2-5 насныхан хамрагдах ёстой.
Гэвч 8000 хүүхэд хамрагдаж чадаагүй байна. Эцэг эхчүүд эл байдлыг эсэргүүцэж жагсаал цуглаан хийж холбогдох бүхий л байгууллагад хандаад байгаа гэнэ. Энэ талаар тус дүүргийн иргэдийн сэтгэгдлийг сонслоо.
Л.Байгальмаа: ЦЭЦЭРЛЭГТ ХАХУУЛЬ ӨГӨӨД ОРУУЛЪЯ ГЭСЭН Ч МӨНГӨ БАЙХГҮЙ
-Манай хүүхэд хоёр нас долоон сартай. Бүртгүүлэхээр очихоор хоёр настай хүүхэд авахгүй гэсэн. Энэ жил оруулах ямар ч боломжгүй болчихлоо. 167 дугаар цэцэрлэгийн гадна 20 орчим хоног дугаарласан. Даанч хүүхдээ оруулж чадсангүй. Таван настай хүүхдүүдийн дунд сугалаа сугалуулна гэсэн. Гэхдээ одоо ямар хүүхдийг цэцэрлэгт авах нь тодорхой болчихсон байх.
Цэцэрлэгт хахууль өгөөд оруулъя гэсэн ч мөнгө байхгүй. Хоногийн хоолоо арай гэж олдог хүмүүс яаж 500 мянган төгрөг яаж өгөх юм бэ. Төрийн мөнгөөр даншиг наадмыг 560 саяар хийсэн. Баяр наадам хийхийн оронд Монголын ирээдүй болсон бяцхан багачуудынхаа сурах орчинд анхаарал хандуулах хэрэгтэй байна. 560 саяар гурван цэцэрлэг хангалттай барих боломжтой байлаа. Үр ашиггүй юм хийхээ Э.Бат-Үүл дарга болих хэрэгтэй.
Б.Лхагвадулам: ИРГЭДИЙН ТӨЛСӨН ТАТВАРЫН МӨНГӨӨР ЦЭЦЭРЛЭГ БАРЬ
-Би хүүхдээ өнгөрсөн жил цэцэрлэгт оруулах гээд чадаагүй. Тэгээд энэ жил нэлээн хэд хоногийн өмнөөс дугаарлаад ч оруулж чадахгүй юм шиг байна. Эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт оруулах гэж 10 гаруй хоног ажлаа алдаад цэцэрлэггүй үлдэж байгаа нь харамсалтай. Хүүхэд цэцэрлэгт явахгүй байна гэдэг олон асуудал араасаа дагуулж байдаг.
Гэр бүлийн хоёр хүний нэг нь ажилгүй болохоор өрхийн орлого мууддаг. Том хүүхдээ өнгөрсөн жил хотын төвийн цэцэрлэгт хандивын 300 мянган төгрөгөөр оруулсан. Хандивын мөнгө нэртэй хахууль шүү дээ. Тэр мөнгө нь цэцэрлэгийн эрхлэгчийн халаасанд л ордог. Монгол Улсын иргэдийн төлсөн татварын мөнгөөр хогны уут тараах, наадам тэмдэглэх зэрэг дэмий зүйлд зарцуулж байхаар хойч ирээдүй болсон хүүхдүүдийн боловсролд зориулах хэрэгтэй.
Э.Баяржавхлан: 93 ХҮҮХЭД ШАТАЖ АМЬ НАСАА АЛДСАН
2013 онд 93 хүүхэд гэртээ шатаж амь насаа харамсалтайгаар алдсан байдаг. Хэрэв цэцэрлэгт явж байсан бол харгалзах эзэнтэй, эрсдэлд орохгүй байсан юм. Энэ мэтчилэн аюултай зүйл жилээс жилд гарсаар байна. Хүүхдээ цэцэрлэгт оруулахын тулд сугалаа сугалж, азыг нь үзэж байгаагаас харахад манай улсын боловсролын систем дампуурсныг илчилж байна.
Иргэдийн хөлс хүчээ дуслуулж олсон татварын мөнгийг зөв зохистой зүйлд зарцуулах хэрэгтэй шүү дээ эрхэм Э.Бат-Үүл дарга аа.Нэг бүр нь 399.5 саяын үнэтэй 20 ширхэг угсраа автобусыг найман тэрбум төгрөгөөр оруулж ирсэн. Мөн даншиг наадамыг 560 сая төгрөгөөр тэмдэглэлээ. Хогны уут тараахад 5.7 тэрбум төгрөгийг зарцуулсан байдаг. Энэ их хэмжээний мөнгөөр 3000 хүүхдэд зориулаад цэцэрлэг барих бүрэн боломж байсан. 3000 хүүхэд цэцэрлэгт ороход 3000 хүн ажлын байртай болох бололцоотой. Эдгээр хүн ажил хийвэл Монголын эдийн засгийн байдал ч сайжирна.
Г.Алтанцэцэг: БАГА ЦАЛИНТАЙ ХҮМҮҮСИЙН ХУВЬД ДАРАМТ
-Ардчилсан нам засгийн эрхэнд гарсан цагаас ард түмний амьдрал доройтож байна. Төрийн бодлого буруу тийшээ явж байна. Хүүхдээ цэцэрлэгт оруулах их сургуульд оруулахаас хүндрэлтэй байна. Хар халуунд хэдэн өдрийн турш цэцэрлэгийн гадна хонож өнжөөд хүүхдээ оруулж чадсангүй.
Мөнгөтэй бол хувийн цэцэрлэгт хүүхдээ оруулж болно. Даанч байхгүй. Уг нь хүүхэд сургуулийн өмнөх болон дунд боловсролыг үнэ төлбөргүй эзэмших эрхтэй. Гэтэл 27 мянган хүүхэд цэцэрлэгт явж чадахгүй гэхээр эмгэнэлтэй байна. Хувийн цэцэрлэгийн үнэ нэмэгдсэн. Сарын 300-400 мянган төгрөг жилд 3.6-4 сая төгрөгийн төлбөртэй. Энэ нь бага цалинтай хүмүүсийн хувьд дарамт юм.
С.Ичинхорлоо
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

URL:

Сэтгэгдэл бичих