Каддафийн дэглэм төгсгөл боллоо

Ливийн иргэний дайн төгсөх шатандаа оров бололтой. Триполийг хотуудаас бүслэн хаагаад байсан босогчдын цэргүүд өчигдөр үдээс дайралтад оржээ.
Каддафид үнэнч үлдсэн цэргүүд болон босогчдын хооронд ширүүн тулалдаан Триполийн захын дүүргүүдэд болж байгаа тухай олон улсын агентлагууд шуурхай мэдээлж байлаа.
Улмаар босогчид Триполийн төв хэсэгт цөмрөн орж хурандаа Каддафийн хоёр хүүг баривчилсан хэмээн Ливийн үндэсний түр зөвлөлийн тэргүүн Али Саид мэдээлжээ.
Улмаар өнөө өглөө үүрээр тулалдаан намжиж Триполи хотын ихэнх хэсэг босогчдын гарт ажжмаар орж буй тухай Үндэсний түр зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жумма Ибрахим албан ёсоор мэдээлэл хийжээ.

Тэрбээр мэдэгдэлдээ хурандаа Каддафийн хоёр хүү болон томоохон албан тушаалын хүмүүсийг баривчилсан тухай баталсан байна.
Өрнөдийн хэвлэл мэдээллүүдээр нийслэл Триполийг бүслэгдэхтэй зэрэгцэн Ливийн хямрал төгсгөл боллоо, Каддафийн үе дуусаж байна хэмээн бичиж, мэдээлж эхэлсэн юм.
Өчигдөр босогчдыг гол дайралтаа эхлүүлэхээс өмнө НАТО агаарын цохилт хийсэн бололтой.
Улмаар Каддафийн цэргүүдийг агаарын довтолгооны дараа сэхээ авч амжаагүй байхад босогчид хот руу дайрч эхэлсэн гэнэ.
BBC-гийн Триполь дахь сурвалжлагч Мэттью Прайс агентлагтаа шуурхай уламжлахдаа хоёр тал маш ширүүн тулалдсан албан ёсны бус тоогоор 1300 гаруй хүн амиа алдаж 5000 орчим хүн шархдсан гэжээ.

Мөн Мэттью Прайс энэ тулаан нь магадгүй Ливийн сөргөлдөгч хоёр талын хамгийн сүүлчийн ширүүн тулалдаан юм хэмээн онцолжээ.
Одоогоор хурандаагийн тухай мэдээлэл аль ч талууд хийгээгүй байна. Албан бус эх сурвалжаар босогчид Триполийг хяналтандаа авах нь тодорхой болмогц НАТО-гийн тусгай хүчний цэргийн албан хаагчид Триполь хотод нисдэг тэргээр газардан хурандаа болон түүний гэр бүлийнхнийг хайж эхэлсэн гэнэ.
Одоо Триполийн дүүргүүдэд буудалцаан тасралтгүй үргэлжилж байна. Нийслэлийн төвийн дүүргүүд ямартай ч босогчдын гарт орсон бололтой гудамжинд хаа сайгүй босогчдын далбаа өлгөгдөж байна гэжээ.
НАТО-гийн нарийн бичгийн дарга Расмуссен мэдэгдэл гаргаж Каддафийн дэглэм ийнхүү төгсгөл болох нь тодорхой болж байна хэмээжээ.
Катарын Аль Жазира телевиз Триполийн мэдээ мэдээллийг шуурхай дамжуулж байсан бөгөөд тус телевизээр мэдэгдсэнээр бол хурандаа Каддафи болон түүний гэр бүл тулалдаан ширүүсэхээс өмнө босогчдын тал болон бусад гадаадын төлөөлөгчидтэй яаралтай холбоо хэлхээ тогтоож аюулгүй байдалд шилжих гэж байгаа тухай мэдээлсэн байна.
Хурандаа Каддафид үүнээс өөр арга зам байхгүй бөгөөд Триполийн нисэх буудал босогчдын хяналтанд орвол гарах гарцгүй болох юм. НАТО-гийн хөлөг онгоцууд Триполийг Газар дундын тэнгисээс бүслэн хааж байгаа тул хурандаагийн баривчлагдсан тухай мэдээлэл тун удахгүй гарна хэмээн Аль Жазира мэдээлсэн аж.
Катарын Аль Жазираг Ливийн босогчдын талд үйлчилдэг хэмээн шүүмжилдэг. Гэсэн ч энэ удаа нөхцөл байдал үнэхээр Каддафийн эсэргүүцэл төгсгөл болсныг баталж байгаа гэнэ.

О.Нар


URL:

Сэтгэгдэл бичих