Мөнгөний төлөөх халууралд дагжиж буй Монголын нийгэм
Мөнгөнд дургүй хэн ч байхгүй
Мөнгөгүй бүтэх юм хаа ч байхгүй /дууны үгнээс/
…Зүүний үзүүр дээр ширхэг арвай тогтох шиг аугаа хувь заяандаа, өгзөг дээрээ мөнх тэнгэрийн хөх тамгатай монгол хүү энэ хорвоод мэндэлж байна. Тэрээр час улаан нүүрээ үрчилзүүлэн, алдхан биеэ атиран байж бархиран, өөрийгөө энэ дэлхийд ирсэнийг зарлан уйлж байна. Түүнийг ямархан хувь тавилан хүлээж байгааг хэн ч мэдэхгүй ч тэрээр хүн болж төрсөндөө баярлан бахдаж, бусдын сэтгэл зүрхэнд өөрийн дуу хоолойгоо таниулж байна.
…Цэцэг шиг гоо үзэсгэлэнгээрээ бусдын харааг булааж, сэтгэл зүрхийг нь соронзон мэт татах монгол бүсгүй уйлж байна. Тэрээр хайр сэтгэлдээ асан шатаж, амьдралыг тавган дээр байнга өрөөстэй байх бал бурам шиг санаж явсан мөрөөдөлдөө харамсан уйлж байна. “Мөнгөгүй бол далай шиг хайр байгаад ч жаргаж үл чадах” тавиландаа харамсан харуусах сэтгэлд нь “мөнгөтэй л бол харь хэнтэй ч хамаагүй хорвоог хамтдаа туулах” гунигт шаналал эргэлдэж байна.
…Энэ л хорвоогийн эрээн барааныг туулж өнгөрүүлсэн өвгөн буурлууд үрчлээт нүдэндээ нулимс чийглэн уйлж байна. Тэтгэврийн хэдэн төгрөг нь амьдралд хүрэлцэж ядах дутмагт, хүний дайд тоогдохоо больж бусдын доог тохуунд гомдсон сэтгэлдээ, өнгө мөнгөний төлөөх энэ л жихүүн шуурганд өөрийнх нь ухаан туршлага бүдгэрч буйд харамсан харуусах сэтгэлдээ уйлж байна. “Өтөл миний зовох ч яамай, үлдэж хоцрох эдний мунхаглал хэдий болтол үргэлжлэх”-ийг тааж ядсан сэтгэлдээ шаналан байж харамсаж байна.
Өнөөгийн Монгол орноо ажих ахул өнгө мөнгөний халууралд дагжин чичирч байна. Төр барих түшээдээс эхлээд, түмэн олон иргэд, эмч, багш, цагдаа, төрийн албан хаагчид, бизнесменүүд, оюутан сурагчид, өсч яваа балчир хүүхэд хүртэл мөнгийг нэрлэж, мөнгийг шүтэж, мөнгөний төлөө улайран хуйларч байна. Худлаа гэж үү? Та эргэн тойрноо ажиглаж нэг хар даа, ухаарч нэг эргэцүүл дээ.
Нэг. Мөнгөний төлөөх улстөр
Монголын улстөр бизнес болон хувирсаар удаж буй. Өдгөө цагт хамгийн амар аргаар баяжих боломж нь Монголд улстөр болон хувирчээ. УИХ-ын гишүүн болох, ЗГ-ын сайд болох, аймаг сумын засаг дарга болох, агентлагийн захирал болох үгүйдээ л шийдвэр гаргаж, зөвшөөрөл өгөх бүх л албан тушаалууд өөр өөрийн ханштай байгаа. Сонгуульд өрсөлдөхдөө зарлагадсан мөнгөө эрх мэдэлд хүрээд хэд нугалан ашиг болгон хувиргадаг ийм бизнес өөр хаана байдаг гэж? Энэ бол эрх мэдлээ ашиглан улсын болон олон нийтийн өмч хөрөнгө болон тэдэнд
зориулагдсан олон боломжуудыг өөртөө болон өөрийн бүлэглэлдээ ашигтайгаар ашиглах хууль бус үйлдлүүд юм.
Өдгөө дэлхий нийтийн анхаарлыг татаж,шуналыг бадрааж байгаа Монголын хөрсөн доорх баялгууд, түүнийг хуваарилах эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн энэ бизнесийн таатай орчин. Оюутолгой, Тавантолгойн уурхайнуудын ашиглалтын гэрээ болон нөхцлүүд маш олон улстөрчдийн авилгал авч, хувьдаа завшин баяжих боломж нь болж байна. Тэд наанаа Монгол орны эрх ашгийн төлөө дуугарч байгаа мэт боловч, цаанаа бусдад ашигтай хууль эрх зүйн орчин бүрдүүлж өгсөнийхөө төлөө хэдэн зуун сая $-ын хахууль авч баяжиж байгааг олон нийт хардаж байгаа.
Тэд хардах эрхтэй. Жилийн үндсэн орлого нь тэгтлээ өндөр бус атлаа бидний нүдэн дээр хагартлаа баяжиж, мөнгөө барж ядан тансаглан, Арабын баячууд мэт аашлах нь энэ нийгэмд олон сөрөг атаархлыг бий болгож байна.
Сүүлийн үед Монголын газар нутагт гадны орны цөмийн хаягдлыг булах гэрээ хэлэлцээр хийгдэж буй тухай мэдээлэл, үүнтэй холбоотой гадны хэвлэл мэдээллийн хэрэгслэлийн баримтууд олон нийтийг түгшээж байна. Дэлхий дахинд хурцадмал түгшүүр үүсгэж буй энэ асуудлын цаана бараг тэрбүм $-оор хэмжигдэх авилгалын асуудал яригдаж байж магадгүй хэмээн хардаж байна. Ямар ч эрүүл ухаантай монгол хүн хийж боломгүй энэ үйлдэл мөнгөнд шунасан халуурал улайрлын нэгэн жишээ байж болох.
Дорнод аймгийн хэсэг газар нутгийг солонгосчуудад түрээсэлсэн худалдсан гэх маргаан дэгдээд намжив. Энэ гэрээнд эрх мэдлийнхээ дагуу аймгийн удирдлага гарын үсэг зурсан мэтээр харуулж байвч, үнэн хэрэгтээ үүнийг нам дагасан олигархиудын оролцоогүйгээр хийсэн гэдэгт би л лав итгэхгүй. Монголын жирийн иргэдэд хүссэн газрын зөвшөөрөл нь олддоггүй атлаа харийнханд хэдэн мянган га-гаар олгож буй энэ үйлдлээ, газар тариаланг хөгжүүлэх гэж байгаа мэтээр тайлбарлах нь арай л гэнэн мэт. Үүний цаана асар их мөнгө дагуулсан
авилгал дагалдаж байгаа гэх хардлага хүн болгонд эргэлдэж л байгаа.
Өмч хувьчлалаар эхэлсэн улстөрийн залилан өдгөө цагт Монголын тогоон дотроос хальж гадаад ертөнцөд хөл нийлүүлж буй. 20 жилийн хугацаанд туршлагажсан Монголын улстөрчид үүнийгээ хэрхэн үгсэж, далдлан нуухаа сайн мэддэг болохоор бид хардахаас өөр яах ч билээ. Гэхдээ л “Дагдангийн эхнэрийн таргалсан, Цэрмаагийн турсан” гэдэгчлэн тэдний гэнэт баяжин цамаархах, ард иргэдийн ядууран туйлдах нь яг тэнцэж байгаа болохоор, “Мөнгө цагаан нүд улаан” нь мэдрэгдэж байгаа болохоор, “Дэмбэрэл юм үзээгүй болохоор” баярхаж гайхуулах нь
хэрээс хэтэрч байгаа болохоор бид мэдрээд, бас хардаад байгаа хэрэг. Гэхдээ “Хэрэг хуучирдаггүй” гэж үг бас бий.
Хоёр. Мөнгө шүтсэн төрийн алба
Монголд шударга сайн бодолтой, өндөр ур чадвартай, эрдэм мэдлэг өндөртэй нэгэн төрийн албанд орно гэдэг хэцүү. Угтаа бол төр гэдэг татвар төлж буй ард иргэдийн төлөөх үйлчилгээний байгууллага юм шүү дээ. Харин Монголд эсрэгээрээ. Ард олныг дарамтлах, тэднээс авилгал авч амьдралаа дээшлүүлэх том боломж. Монголд төрийн бүх алба бизнес болон хувирсан. Нэг бол дээд эрх мэдэлтний “гарын хүн”, эс бөгөөс мөнгө төлж орсон “дуулгавартай гүйцэтгэгчид”. Тийм учраас л тэд өөрсдийгөө “Вант улс” хэмээн нэрлэж, өөрсдийн бүлэглэлээ
хамгаална. Эрдэнэтийн, нисэхийн, төмөр замын, татварын, гаалийн, мэргэжлийн хяналтын, уул уурхайн хяналтын албаны, газрын гэхчилэн ангилалтай. Тэд бол өндөр зэрэглэлийнх.
Сүүлийн үед орон нутгийн ИТХ-д эрх мэдэл өгөх болсонтой холбогдуулан газрын баялаг ихтэй, аялал жуулчлалын таатай бүс нутгийн удирдлагууд “үнэд орох” болжээ. Хэрэв та сайтар ажиглаваас орон нутгийн байгууллага болох аймаг сумдын засаг дарга нар нэн тэргүүнд санхүүгийн албаны даргаа “өөрийн хүн”-ээр томилж, ах дүү хамаатан садан, итгэлт найз нөхдөө шийдвэр гаргах албан тушаалуудад томилж байгааг анзаарч болно. “Баг бүрдүүлнэ” гэдэг зарчим өдгөө “бие биенээ хамгаалах” үйлдэл болж хувирсан бололтой.
Монголын төрийн албан тушаалд ажиллаж байгаа хүмүүс “цалин багатай, төрийн төлөө өөрсдийгөө золиосолж байгаа эх оронч” дүрд хувилж, өөрсдийгөө өрөвдүүлэх дуртай. Яг үнэн хэрэгтээ тэд энэ албан тушаалын “хаялга”-аар өөрсдийн амьдрал ахуйгаа дээшлүүлж байдаг нь нууц биш. Тийм болохоор татвар, гааль, мэргэжлийн хяналт, хуулийн албанд шийдвэр гаргах түвшний албан тушаалууд өндөр ханштай. Эдгээр албанд орохын тулд авилгал болгон өгсөн мөнгөө хэд нугалан олж авч чаддаг нь, энэ эрх мэдлээрээ бусдыг дарамтлан “хүндлүүлж” байдаг
жишиг нь олон нийтэд ил тод байдаг хэдий ч тэд үүнийг нэрлэх дургүй.
Өнөөгийн монголын залуус төрийн албан тушаалд очих боломжоо “хариуцлага үүрэх” гэдгээсээ илүүтэй “амар аргаар баяжих боломж” гэж харж байгаа нь хамгийн харамсалтай үзэгдэл. “Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг” гэдэгчлэн бизнес болон хувирсан Монголын төрийн эрх барих улстөрчдийн дараагийн шат нь манга шүтсэн төрийн албан хаагчид болж байна.
Гурав. Мөнгөний солиоролд автсан бизнесменууд
Бизнесменууд болон хувийн хэвшлийнхэн улс орны амжиргааны нилээд хэсгийг нуруун дээрээ авч явдаг. Тэд улсад татвар төлдгөөрөө, өөрийн бизнесийн үйл ажиллагаагаа болон үйлчилгээгээрээ ард олны хэрэгцээ шаардлагыг хангаж байдгаараа, олон эрсдлийг өөр дээрээ үүрч явдгаараа тухайн нийгэмд тодорхой нөлөөтэй. Тэд өөрсдийн үйл ажиллагаагаараа ашиг олдог хэдий ч олон хүмүүсийг ажлын байраар хангаж, тэдний төлөө нийгмийн өмнө хариуцлага хүлээдгээрээ багагүй гавьяатай.
Монголд шударга сайн бизнесменууд олон хэдий ч дийлэнх олонхи нь ямар нэгэн улстөрийн хүчин болон тодорхой бүлгэлэлүүдийн ивээлд байдгаараа онцлогтой. Хэрэв та сайтар ажиглах аваас өнөөгийн Монголын бизнесийн ертөнцөд салбар болгоныг тодорхой бүлэглэлүүд атгаж байдаг. Тэд маш сайн төрөлжсөн байдаг төдийгүй өөр өөрсдийн дэмжлэгийн улстөрчидтэй. Барилгын, нефть бүтээгдэхүүний, зам тээврийн, архи согтууруулах ундааны, банк санхүүгийн, эмийн, хэвлэлийн, өргөн хэрэглээний барааны, эрчим хүч хангамжийн, уул уурхайн
гэхчилэн өргөжсөн төрлүүдтэй. Хэрэв та хүсвэл бараг нэрлэж чадах байх. Тэд энэхүү зах зээл дээр монополь байхын тулд бүхнийг хийдэг. Энэ чиглэлийн ямар нэгэн зээл тусламжийн тендерт хоорондоо зохицоно, бас өрсөлдөн тэмцэнэ. Гэхдээ тэд л үүний мөнгийг авдаг, бас хэрэгжүүлэхдээ санаатайгаар “будилдаг”.
Tэд энэ салбрын үнийн өсөлтийг өөрсдөө дур мэдэн тогтоодог. Түүнийг ямар ч эрх мэдэлтэн болон ЗГ ч өөрчилж чадахгүй. Хүн амын дундаж орлого нь 200$ орчим хэрнээ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүний үнэ нь,10 дахин их орлоготой Америкчуудын өргөн хэрэглээний барааны үнэнээс өндөр байгаа төдийгүй оршин тогтнож чадаж байгаа нь хамгаас гайхалтай. Газрын хөрсөнд байгаа түүхий нүүрсийг эксковаторын шанагаар хутгаад өдөр шөнийн 24 цагт хүнд даацын авотмашинаар Хятад улс руу зөөн, мөнгийг нь халаасалж байгаа бизнесменүүдийг
“тэнгэр заяатай” гэх үү? “амны хишигтэй” гэх үү? Харамсалтай нь тэд ингэж олсон мөнгөөрөө зун намрын 6 сард найр наадам хөгжөөн олон түмний ажлыг алдуулаад зогсохгүй, хөхөө өвлийн хүйтэнд ч хурдан морины уралдаан зохиож, хөөрхий үрсийн хацар нүүрийг хөлдөөн байж цэнгэж байна. Энэ ариун явдал уу? Харин улсад татвараа шударгаар төлж байгаа нь хэд бол?
Дөрөв. Мөнгөөр хэмжигдсэн эрүүл мэнд, амь нас
Монгол хүний хамгийн эрхэм эрх бол эрүүл байх, амьд явах баталгаа. Татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг Монголын эрүүл мэндийн байгууллагын, “гарын” мөнгөөр үйлчилдэг тогтолцооны талаар олон түмэн сайн мэдэж байгаа. Онош тогтоохоос эхлээд, эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэх, үнэтэй эм тариа хийлгэх, асран сувилуулах, анхаарал тавин халамжлуулах бүх л үйлдэл тогтсон ханштай. Улсын эмнэлэгүүд шүү дээ. Хэрэв та эмч сувилагч асрагчийн “гарыг цайлгавал” хүссэн үйлчилгээгээ авна. Эс тэгвээс “бурханы оронд” морилох сайн цагаа хүлээх
болно. Энд хүн чанар болон сайхан сэтгэлийн тухай өгүүлэхэд дэндүү харамсмаар.
Тэд энэ тухайгаа “цалин багатай, хүн болгон л энэ хатуу нийгэмд амьдралаа авч явах” золгүй тавилангийнхаа тухай “харамсан” өгүүлдэг. “Мөнгө л бүхнийг шийддэг энэ л хорвоод үхэл амьдралын хаалгыг мөнгө л шийдэх гэж үү?” Дэндүү харамсмаар. Амьд үлдэх, ачилж эдгэхэд хэрэгтэй эмийг худалдан авах эмийн санг тэд өөрсдөө санал болгоно. “Өөр хаана ч байхгүй, бас найдвартай” гэх саналыг даган өвчний төлөөх шаналалдаа гундсан сэтгэлдээ түүнийг л зорих. Харин үүнд төлсөн түүний мөнгийг тэд хуваан авдаг гэдгийг мэдэх хэрнээ “мэдэхгүй”.
Эмнэлэгт хэвтсэн нэгэн ч, эргэж ирсэн нөгөө нь ч “хаанаасаа хаалгач” гэгчээр асрагчид өгөх набороос, сувилагчид өгөх дарс, эмчид өгөх мөнгө хүртэлх шат дараалсан авилгалыг атгуулахгүйгээр сайн үйлчилгээ авах аргагүй. Өвдөхөөс илүү зовлонгүй, үүний төлөө бүхнээ л зориулдаг монгол сэтгэл дээр тэд л “амьдарч” байна даа. Сэтгэлдээ хичнээн дургүйцэн бухимдавч эрүүл байх, амьд байх гэдэг эрхэм боломжийн дэргэд “мөнгө гэдэг дэндүү хямдхан”. Үхсэний араас сэтгэлдээ гомдол тээвч “Гомдлоо гээд босоод ирэх биш, ясыг өндөлзүүлээд яах
билээ” хэмээн тайтгарах. Тангараг өргөсөн гэж хоосон хөөргөөд яах вэ? Хүн чанар, мөс жудгаа мөнгөнд хайлуулсан тэднийг бурхан анзаарах л байлгүй.
Тав. Мөнгөнд хүлэгдсэн боловсрол
Сүүлийн үед Монголд сургууль төгссөн залуусын мэргэжлийн нэрийг сонсоход алмайрмаар. “Олон улсын сэтгүүлч”, “Олон улсын хуульч”, “Олон улсын эдийн засагч”, “Олон улсын…”.
Нэгэн цагт бичиг үсэгт тайлагдсан хүний, хүн амдаа харьцуулсан үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж ЮНЕСКО-гийн шагнал хүртэж байсан Монголын боловсролын салбар, өдгөө нэг хүнд ноогдох дээд сургуулийн харьцаагаараа дэлхийд аанай л тэргүүлж буй. Нэгэн үед боловсролын салбар “ашигтай бизнес”-ийн тоонд орж, сургалтын төлбөр нь хонь үхрийн мах, тарваганы арьс, ямааны ноолуураар тооцогддог байсан үед толгойтой бүхэн дээд боловсрол эзэмшиж байв.
“Чи мөнгөө л төлсөн бол сурах эсэх нь бидэнд хамаагүй” гэдэг зарчмаар хувийн олон ч дээд сургуулиуд байгуулагдсан даа. Үүний үр дүнд “Эдийн засагч”ийн дипломтой худалдагч, “хууль”чийн дипломтой хамгаалагч, “багш”-ийн дипломтой наймаачин, “эмч”-ийн дипломтой массажчин олширч дээд боловсролын нэр хүндийг сайн ч унагаж орхив.
Хэд хэдэн дээд сургуулийн дипломоор гайхуулах хэрнээ сурч мэдсэн зүйл огт үгүй, харанхуй бүдүүлгээрээ гайхуулах олон ч хүмүүс бий болсон. Тэр ч бүү хэл дээд сургуулийн дипломыг үйлдэж худалдах, курсийн ажил болон дипломын ажлыг бичиг өгдөг бизнес, мастер, докторын диссертацыг бичиж хамгаалуулдаг зуучлагчид ч бий болжээ. Багш нар нь ч оюутнууддаа сурах бичгээ “шахах”, дүнгээр дарамтлан “биеийг нь үнэлэх”, харилцан ойлголцож, хамтран ажиллах олон ч хэлбрүүд бий болж байгаа аж.
Цэцэрлэгийн ахлах ангийн хүүхдүүдээс эхлээд дунд сургуулийн сурагчид, дээд сургуулийн оюутнууд “ачлалт багш”-ийн ачийг сурсан эрдмээр бус, ээмэг бөгж, хивс, суудлын автомашин хүртэл бэлэглэн “хариулцгаана”. Дээр нь тэдний “хонхны баяр”-т зориулсан зарлагыг сонсох ахул муурч унамаар. “Хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж” гэдэгчлэн “бэлтэй нь гайхуулж, бэлгүй нь чирэгддэг” сургуулийн он жилүүд. Мөнгөнд хүлэгдсэн боловсролын тогтолцоо минь.
Зургаа.Мөнгөнд шүтсэн мухар сүсэг
Монголын урансайхны “Цогт тайж” хэмээх түүхэн кинонд шарын шашин болон бөө мөргөлийн зөрчилдөөний тухай өгүүлдэг. Харин өдгөө цагт энэ өрсөлдөөний бодит гэрч нь бид болох бололтой. Хэзээ нүүх, хэдийд үсээ засуулах, хол газар одогсод хаашаа зам мөрөө гаргах, ханилан суух хүнийхээ жил мэнгийг тааруулах, хэрэлдэж муудалцаад байваас суудал юугаа салгуулах, баяжихыг хүсэх аваас “баян Намсрай бурхан” тахиулах, санаанд таарсан хүн олдохгүй аваас “ханийн даллага” авахуулах, ажил бүтээх аваас “хийморийн сан” тавиулах, шалгалт өгөх
аваас элс шороо цацах гэчилэн чин сэтгэлээс бус мухар сүсгээр хандаж байсан монголчууд бидний шүтлэгийн орон зайг бөө мөргөл эзэлж эхэллээ.
Сайн чадалтай нэг нь бий л байх. Тэнгэрт тэтгэгдсэн онгод сахиус айл бүхэнд бууж, “айл бүрээс нэг бөө тодрох” хөдөлгөөн өрнөж буй гэнэ. Бидний өвөг дээдсийн ариун сүнс биднийг ивээн тэтгэж буй энэ цаг дор бөө мөргөлийн хувцас бэлтгэх, догшин онгод сахиусаа авах ёс бүхэн өөрийн өртөгтэй гэнэм. Харь оронд хөлсөө дуслуулан байж олсон хэдэн төгрөгөө арвижуулах үүднээс бөө болсон хүмүүс нэг биш бий гэх. Сүүлдээ энэ нь сүлжээний бизнес болж буй шахуу юм уу даа. Мөнгөтэй нэгнийхээ мөнгийг салгах, дургуй нэгнийхээ сэтгэлийг
шархлуулах арга нь энэ болж хувирах нээ.
Соёолон морины тоосыг хүртвээс тэр жилдээ сайн явдаг гэх, түрүүлсэн бөхийн хөлснөөс адис авбаас хийморь лундаа дээшилдэг гэх мухар сүсэг л Дээрхийн гэгээн Далай ламын сургааль номнолыг шимтэн сонсохоос гарт нь хүрвээс “амьд явсаны хэрэг бүтлээ” гэх мунхаглалд хөтлөх аж. Мөн ч олон хүний сэтгэлийн мухар сүсэг, мөн ч олон хүний хөлс хүч дуссан мөнгийг харамгүй өргөж байна даа. Сэтгэлийн ариуслаас ангид мухар сүсэг гэгч хэн нэгний хөлс шаналлаа шингээн байж олсон мөнгийг “салхинд хийсгэх” мэт бусдын хялбар олз болгож байна
биш үү?
Долоо. Мөнгөний эрэлд хатсан эгэл хүмүүс
Гадаадад ажиллаж амьдарч буй олон монголчуудын монголдоо буцаж очин ажилллаж амьдрах хүслийн хариуд “монголд мөнгөгүй л бол чи хэн ч биш” гэж тайлбарлаж буй. Тэр ч бүү хэл эгэл жирийн амьдралаар амьдарч сурсан тэдэнд “чиний унаж буй машин, өмсч буй хувцас, барьж буй гар утас, амьдарч буй байр сууцаар тань шинжиж чамтай харилцана шүү” гэж сануулна. Монголын уран сайхны “Ардын элч” гэдэг кинон дээр “Энэ ноен бидэнтэй яаж харьцана, бид тэгж харьцана” гэж өгүүлдэг шиг л …Яг л энэ өгүүлмж шиг хичнээн жил хөлсөө дуслуулан хүчээ
шавхан байж чин шударгаар цуглуулсан мөнгө нь, хэн нэгний улс олон нийтийн хөрөнгийг хулгайлж завшин байж олсон мөнгөнийх нь дэргэд “шүлс хаях төдийхэн” гэдгийг мэдрэхдээ сэтгэлээр унана. Өөрийн сурч чадсан бүхнээрээ Монголдоо ажиллаж амьдрах боломжиндоо эргэлзэж эхэлнэ.
“Хүн болгон өөрийн боломжоороо амьдрах ёстой” гэсэн уриаг хүн болгон өөрийнхөөрөө л хүлээж авсан. Ажил хийх дургүй нь хулгай хийж, амьдрал авч явах чадваргүй нь залилан хийж, хөөрхөн төрсөн нь биеэ үнэлж, зусар нэг нь бусдыг дагалдаж, зальтай нэг нь аргаа олж янз янзаар л хандаж буй. Тэдний хувьд мөнгө л олж байвал шударга ба шударга бус, сайн муу үйл, сайхан муухай сэтгэл огт хамаагүй. Хэрэв түүнийг буруутган шүүвэл “дээрх хулгайчдаа дийлэхгүй байж, ядарсан надаар оролдоод яах вэ?” гэнэ. “Амьдрахын эрхээр” хулгай хийж, биеэ
үнэлж, залилан хийсэн гэж өчихдөө тэдний нүүр огтхон ч улайхгүй. Өөр хоорондоо хэлэлцэхдээ хүртэл
“чадаж байгаад нь арга байхгүй” хэмээн омогших. Тэд хэнтэй барьцаж байгаагаа мэднэ, бас хэнтэй барьцахаа ч мэднэ.
Төгсгөл
…Монголчууд бид өдгөө үнэнээс айдаг болжээ. Ноёныг шав шалдан алхаж явахад нь “Манай ноён ямар гоё өмсгөлтэй юм бэ?” гэж дуу алдацгаана. Харин цаашаа бол шоолж инээнэ. Гэхдээ юуг ч өөрчилж чадахгүй. Бидний аймхай арчаагүй байдлаас болж ноёдууд бидний дэргэд шав шалдан алхацгаана. Харин “Ноён нүцгэн явж байна” гэж дуу алдсан хэн нэгнийг барьж аван дүүжлүүрт хүзүүг нь углан, алгаа ташицгаана. Харин сэтгэлд зүрхэндээ бүгдээрээ зэвүүцэх хэрнээ ноёдыг даган хэлээ унжуулан алгаа хорстол ташин дагаж гүйцгээнэ. Ердөө л хэдэн зоос
хаях байх гэж горьдсондоо шүү дээ. Тэр зоос нь хоёр хоногийн л хоолонд хүрнэ.
…Монголд “Авилгалтай тэмцэх газар” гэж байгуулав даа. Харин өнөөдөр дарга нарыг нь шоронд хорьж орхижээ.Магадгүй авилгалтай тэмцсэнгүй гэж бус, авилгалтай тэмцлээ гэж байх. Би одоо ч ойлгодогггүй юм. Тэр газар өнөөдөр миний бичсэн энэ бүхнийг олж харахгүй байгаа гэдэгт би ч та ч итгэхгүй байгаа. Одоо ч зарим хүмүүс “чамд баримт байхгүй байж худал чалчив” гэж зэмлэх байх л даа. Гэхдээ та яг одоо гэрээсээ гараад л энэ бүхэнтэй учирч байгаа гэдгийг л би сайн мэдэж байна. Гэхдээ та энэ бүхнийг хараагүй юм шиг л өнгөрөөнө. Худлаа
гэж үү? Яагаад гэвэл та айж байгаа. Мөнгөнд халууран дагжтал чичирч байгаа Монголын нийгмийн тогтолцооноос айж байгаа.
…Энэ ертөнцөд хүмүүс бид нүцгэн ирээд нүцгэн л буцдаг. Хичнээн их алт мөнгө хураавч түүнийгээ аваад явж чадахгүй. “Чи хичнээн баян байлаа ч нэг л орон дээр унтана” гэж Далай ламын айлдсаныг санаж байна. Бас чи хичнээн баян байлаа ч хоёр аяганаас зэрэг хооллохгүй. Нүгэлт хүмүүн бидний ходоодны хэмжээ ав адил. Бид яг л адилхан. Харин хүмүүс бидний энэ ертөнцөд хэрэглэх хэрэгцээ даанч өчүүхэн. Бид тухлаг байр. унах машин, өмсөх хувцас, хэрэгтэй зүйлээ худалдан авах мөнгө. Бид хичээж шударгаар хөдөлмөрлөвөл олж болох л мөнгө.
Харин энэ ертөнцөд хүн болж төрсөн хувь заяандаа, бид нэгэн дээвэр дор хамтдаа амьдарч байгаадаа сэтгэл хангалуун байвал болох нь тэр.
…Яг л голын урсгал шиг тасралтгүй урсах энэ л орон зайд бид ямар их шанална вэ? Мөнгөний төлөө ямар их улайрна вэ? Өдөр шөнөгүй бусадтай барьцаж. бусдад атаархаж, бусдад хорсож явсаар амийг гээх нэгэн цагт бид хэн ч юу ч биш болж хувирна. Бидний амьдрал хорвоо ертөнцийн энэ их урсгал дунд юусан билээ. Өнгө мөнгөнд шуналгүй өөрийнхөөрөө байх ямар сайхан гээч.
…Би монгол хүн болж төрсөндөө өөрийгөө их хувь заяатай гэж бодож сүсэлдэг. Зүүний үзүүр дээр ширхэг арвай тогтох хувь заяа гэдэг аугаа тавилан. Миний эргэн тойронд хичнээн сая монголчууд байгаа. Бид адил нэгэн хувь заяатай.Бид төрөх нэгэн агшиндаа уйлж бархирч энэ ертөнцөд өөрийгөө ирсэнийг зарладаг. Бид энэ ертөнцөд үдлээд л буцна. Энэ л орчилд мөнгөний боол болон шаналаад яах юм бэ? Ядаж л хүн чанартай, өөрийнхөө хүссэнээр байх сан. Тэгэхдээ төрж өссөн Монгол нутагтаа шүү дээ. Анх намайг угаасан гол усандаа, анх л бархирч
чарлахдаа амьсгалсан тэр агаартаа, анх хөлөө тавьж гишиглэсэн тэр л газар шороондоо, анх хөтөлж алхсан тэр хүмүүстээ очихсон.
…Мөнгөнд халууран дагжсан Монгол оронд минь миний хүсч мөрөөдөж асан ардчиллын салхи сэвэлзэхгүй байна. Мөнгөний төлөөх энэ улайралд шударга ёс хайлан урсаж байна.
ТА ЮУ Ч ХҮСЭХГҮЙ БАЙНА ГЭЖ ҮҮ?
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
e-mail: gala_mn@yahoo.com
URL: