Барилгын дуу чимээнээс болж оршин суугчид гэртээ орж чадахгүй байна
УИД-ийн хойд талд буюу хоёрдугаар дөчин мянгатын 18, гуравдугаар байрны хажууханд нь баригдаж буй “Pearl building” гэх 12 давхар оффис, үйлчилгээний зориулалттай барилгын дуу чимээ, тоос шорооноос болоод зарим оршин суугчид нь гэр орондоо орохоо болиод хоёр сар орчмын хугацааг өнгөрүүлж байгаа гэнэ.
Оршин суугчдын ярьж буйгаар “Зуны цагт бол хүмүүс хөдөө зуслан руугаа явах мэтээр явчихаж байгаа. Гэтэл намар болохоор хэцүү шүү дээ. Ялангуяа нялх нойтон хүүхэдтэй хүмүүсийн хувьд маш хэцүү. Хүүхэд нь унтахгүй цочиж уйлахаас эхлээд зовлон их байна” гэв.
Хоёр байрныхан хамтраад “Оршин суугчдын эрх ашгийг хамгаалах түр хороо”-г байгуулж, өнгөрөгч 6 сараас хойш компанийн удирдлагуудтай уулзах санал тависан гэнэ. Гэвч өдийг хүртэл ширээний ард албан ёсоор уулзаагүй байгаа аж. Мөн оршин суугчид энэ асуудлыг мэдэх төрийн байгууллага, албан тушаалтнуудад ч бичиг хүргүүлжээ.
Оршин суугчдад дуу чимээ, тоос шорооноос гадна хамгаалалтын хашлагаа хэтэрхий намхан барьснаас барилга дээрээс юм унавал байрны оршин суугчдын дээрээс ойчих өндөр эрсдэлтэй байгаа аж. Мөн дээр үеийн хуучирсан барилгууд болохоор ийм том барилга баригдахаар чанарт нь нөлөөлөх байх гэж үзэж байгаа юм билээ.
Түүнчлэн НИТХ-ын 2014 онд баталсан 5/14 гэсэн тогтоолд хэрвээ барилга барихаар бол орчин тойрны үл хөдлөх хөрөнгө эзэмшигчдийн зөвшөөрлийг авах ёстой гэсэн заалт байдаг аж. Тухайлбал 12 давхар барилга барихаар бол барилга барих газраас 50 метрийн радиуст амьдарч байгаа үл хөдлөх хөрөнгө эзэмшигчдийн зөвшөөрлийг авах ёстой гэж заажээ. Гэтэл барилга бариулж байгаа компани тэдгээр оршин суугчдаас юу ч асууж, саналыг нь сонсоогүй гэнэ.
Энэхүү барилгын захиалагч тал нь “Пиэрл”, “АЭ” ХХК-иуд юм байна. “Pearl building” нэртэй 12 давхар уг барилгын гүйцэтгэгч нь “Титан таур” компани ажээ.
Ийнхүү Улаанбаатар хотод маань том том барилгууд сүндэрлэсээр байгаа ч иргэдийн эрх ашиг хохирсоор л байх юм. Хэзээ нэг эрүүл аюулгүй орчин айх айдасгүй, нам гүм амьдрах юм бол доо.
П.Тоймчхүү
URL: