Сааралтан буй дэлхийн эдийн засаг

Хятадад хөрөнгийн захаар гэм зэмгүй шиг хувьцааны үнэ унаж эхлэхэд дэлхийн хамгийн хөөсөрсөн эдийн засаг зарим хөөсөө үлээж байна гэж харагдаж байв.  Гэтэл энд мэдээлсэнчлэн Азид эхэлж, Нью-Йоркын эвгүйхэн  Баасан гаригаар үргэлжилсэн хувьцааны уналт улам бүр эрчээ нэмэх нь тэр. Одоо бол бүр сэтгэл зовмоор зураг үүслээ:

Шанхайн нэгдмэл индекс найман жилийн хугацаанд, нэгж хувьцаа унаж чадах хамгийн том хязгаарт хамгийн том чөлөөт уналтаа хийж, The People’s Daily түүнийг нь “Хар Баасан гариг” хэмээн нэрийдэж, энэ нь Хятадын хилээс хальж ирлээ. Японд Никкэй багц энэ 2 жилд анх удаа 4,6 хувь, Европ багцууд 4-5 хувь, Dow Jones багц 1000 нэгжээр, Eurofirst 300 сүүлийн 9 жилийн хамгийн муу түвшиндээ хүртэл унаж, Германы DAX 2015 онд хийсэн бүх ашгаа салхинд хийсгэв.

808c0ab273f563f010231b2d5ef1232cХүйтэн салхи хөрөнгийн бирж хавиар хашигдсангүй. Өмнөд Африкаас эхлээд Малайзаар дараалсан шинэ тутам зах зээл дээр валют савалж, түүхий эдийн үнэ унав. Bloomberg-ийн нэгтгэн гаргадаг 22  төрлийн түүхий эдийн багц 1999 оноос хойших хамгийн хямд үнэд хүрчээ. АНУ болон Германы засгийн газрын хэвлэсэн “аюулгүйн бүс”-ийн зарим бонд л үнэд орж, алт хүртэл алтаар барьцаалж хувьцаа авсан зарим хөрөнгө оруулагчид төлбөрөө төлөхийн тулд зарж эхэлснээс үнэ нь унав.

Ийм хаос гарч байхад хоёр асуултад бид хариулт эрэх ёстой. Нэгд, яагаад ийм паник гарч байгаа, хоёрт энэ нь хөрөнгө оруулагчдын хувьд хэр санаа зовохоор эсэх.

Хятадаас эхлэе: Энэ бүхэн 8-р сарын 11-нд юанийн ханшийг долларын эсрэг бууруулсан Бээжингийн гэнэтийн бэлгээс эхэлсэн. 11-нээс хойш олон улсын хөрөнгийн зах зээл нийт 5 триллион доллар алдаад байна. Саяны хэдэн өдрийн Хятадын хөрөнгийн захын уналт өнгөрсөн Баасан гарагт тус улсын үйлдвэрлэл, бодит салбарын эрүүл мэнд энэ 6 жилд хамгийн муу дүнтэй, хэр маруухан байгааг харуулсан дата нийтлэгдсэнээс, мөн түүнээс үүдэлтэй хувьцааны зах зээл дээрх сэтгэлзүйг даван гарах томхон засгийн газрын интервэнц явагдаагүйгээс болсон гэж үзэж болно.

Бодит сектор болоод хөрөнгийн зах зээлийг хавсарсан ийм дүр зураг Хятадын эрэлтээс өсөлт нь хамааралтай шинэ тутам бусад зах зээлд шоок өгөв. Шинэ тутам зах зээлүүдийн хувьд Хятадын шоокоос гадна АНУ-ын холбооны нөөцийн сан албан ёсны хүүгийн түвшинг өсгөх сүүлийн арван жилд хийгээгүй алхмыг энэ 9 сард хийнэ гэж яригдаж байгаа нь мөн хүндээр нөлөөлж буй. Үнэтэй доллар залуу зах зээлийн компаниуд болон засгийн газруудын хувьд хөрөнгийн урсгалыг багасгах, долларын өрийг улам үнэтэй болгохтой агаар нэг.

Ийм нөхцөл байдалд глобал эдийн засаг Хятад эргэн тэнцвэрээ олох гэж үзэх, хөгжсөн орнууд эргээд хэвийн байдалдаа орох гэж үзэх маягийн хөдөлгөөнтэй шилжилтийн үед шилжин орж байна.

Шилжилт хэр хэцүү байх бол? Эхний хагас жилийн байдлыг харахад Хятадын хөрөнгийн зах унана гэхээргүй байв. Энэ удаа бүдэрч байгааг нь том агуулга дотор харах хэрэгтэй: Шанхайн нэгдмэл багц өмнөх оны мөн үеэс 43 хувиар өссөн дүнтэй, Хятадын хөрөнгийн ихэнх нь хувьцаанд биш үл хөдлөхөд бий, Хятадын засгийн газар банкнуудын нөөцөд тавих шаардлагаа зөөлрүүлэх гэх мэт хамгийн том интервенцээ хийгээгүй байна, тэгэхээр дор хаяж богино хугацаанд хямрал тэгтлээ том давалгаа үүсгэхгүй болов уу.

Нөгөөтэйгүүр 1997 оны Азийн хямрал дахин давтагдах эрсдэл багассан. Азийн засгийн газруудын эдийн засагт нь иймэрхүү хүйтэн салхи ирэхэд “хатгаа” тусахгүй давах чадвар нэмэгдсэн. Валютын нөөц илүү их, санхүүгийн систем нь илүү уян хатан, 1997 онд хайлсан шиг хатуу тогтмол валютын системтэй орон цөөн. 2008 оны хямрал ч хөзөрт буухгүй байна. 2008 оны паникийн ард байсан санхүүгийн институц хоорондын сүлжээ мушгиа, эрсдэлтэй хөрөнгийн хэтийдсэн үнэлгээний аль аль нь өнөөдөр арилсан.

Гэхдээ паниктдаггүй юм гэхэд санаа зовох зүйлс бол байна. Дэлхийн эдийн засгийн 15 хувийг бүрдүүлж, өсөлтийнх нь талыг чирж ирсэн Хятадын эдийн засаг үнэн чанартаа хэр өвчтэй байна вэ? Хятадын засгийн газрын зах зээл дээрх гэнэтийн эргэлт, тоглогчдын ашгийн төлөөх сэтгэлзүйг удирдах чадвар хэр байгаагаас энэ аварга нэгж Японы алдагдсан 10 жил шиг зогсонги байдалд орох эсэх нь хамаарах шинжтэй. Хятадын засгийн газар эргээд тэнцвэрээ олоход хөтлөх ёстой бүтцийн реформыг зогсоох маягаар энэ удаагийн паникт хандвал эдийн засаг нь удаашрах эрсдэл улам нэмэгдэнэ.

Олон улсын зах зээлд ер нь 2000 оны үеэс эхэлсэн шинэ тутам зах зээлийн солиотой гоё өсөлтийн үе дуусах шатандаа ирж байх шиг.Бразилаас эхлээд Турк хүртэлх валютын савалгаа, нэмээд Хятадын өсөлтийн хямд хүү, үнэтэй түүхий эдээр найруулсан амтат коктэйль дуусаж, хөгжиж буй хэсэгт шарталт эхэлж байна. Шартахдаа заавал санхүүгийн их хямрал хэлбэрээр шартахгүй байж мэднэ. Гэхдээ зогсонги байдал, удаашрал тийм амар байхгүй, нэн ялангуяа энэ нь улстөрийн тогтворгүй байдалд хөтлөх юм бол.

Хөгжиж буй орнууд бүдчиж, Хятад эргэн тэнцвэрээ хэзээ олох эсэх нь тодорхойгүй байдалд баян орнууд эдийн засгийн өсөлтийн ганц мотоор болж үлдэх нь. Гэтэл нөгөөдүүл нь тэрэнтэй манатай. Европын өсөлт хэврэг, экспортоос хамааралтай хэвээр, АНУ арай дээр. Гэхдээ АНУ-ын хэрэглэгчид дэлхийн худалдан авалтыг хийж өгдөг сүүлчийн аврагч байсан 1990, 2000-аад он ард үлдэж, дэлхийн эдийн засагт эзлэх хувь нь багассан.  Магадгүй тэрнээс чухал нь баян засгийн газруудын эдийн засгаа өдөөх хамаг хөзөр нь дуусах шатандаа орсон, бодлогын хүү нь сөрөг биш юм аа гэхэд бараг шалтай чацуу, өр болон төсвийн алдагдал зогсонги байдалд амархан хөтлөх түвшинд.

1998 онд Азийн хямрал АНУ-д орж ирэхэд Холбооны Нөөцийн сан бодлогын хүүгээ 0,75 хувиар урамтай сайхан “тайрч” өгөөд тойрч гарсан. Тийм цавчилтаа дахин давтах боломж одоо нөөцийн санд байхгүй, тэрийг нь ч зарим талаар бирж дээрх хөдөлгөөн батална. Ийм гунигийн саарал өнгө өнөөдрийн паникыг хүлээсэн хүлээгээгүй тэртээ өмнөөс сааралтсаар байсан. Харин хэн ч ийм хурдан, ийм гүнзгий хучиж авна гэж төсөөлсөнгүй.

The Economist

Тэмдэглэл:

Никкэй болон бусад барууны хэвлэлээр мэдээлж байгаачлан АНУ 9 сард бодлогын хүүгээ өсгөнө гэж байсан бол Атлантын холбооны нөөцийн сангийн ерөнхийлөгч “энэ ондоо” гэж үгээ сольсон нь үнэтэй доллараар хөгжиж буй орнуудыг бүдэрсэн дээр нь түлхэж, өөрт нь ирэх дарамтыг улам нэмэхээс зайлсхийх бодлогын дохио байж мэднэ. 6 сарын сүүл, 7 сарын эхээр энэ удаагийнхтай төстэй паник өмнөд хөршийн хөрөнгийн зах зээлээр “үнэртээд” өнгөрсөн ч Засгийн газар нь улсын компаниудын хувьцааг авч дэмжих, хувьцаагаар тоглож буй спекюлятруудыг хянах зэрэг ам өгч авч гарсан. Гэхдээ санхүүгийн зах зээл иймэрхүү жижиг сажиг шархны лент наагаад засрал авдаггүйг өнөөдөр бид нүднээ харж байна. Бодлогын хүүгээ бууруулж, нөөцийн шаардлагаа зөөлрүүлэх зэргээр бодит сектороо санхүүгээр дамжин өдөөх бодлого нь ч төдийлөн үйлчлэхгүй байна. 4 триллион юань гаргаж эдийн засагт  шахсан 2008 он ч ард хоцорсон. Тэр үеийн тэр их мөнгө өнөөдрийн үл хөдлөхийн хөөсрөлтийг өдөөж, эдийн засгийн шинэчлэлийг ухраасан гэгдэх удаатай.  Дэлхийн эдийн засаг шинэ гарц хайх ёстой хэцүүхэн нугачаан дээр ирээд буй талаар хамгийн сайн тоймлосон санагдсан The Economist-ийн дээрх нийтлэлд юу санаа зовоож буй талаар зураглаж, харин яаж шийдэх ёстой тухай асуултыг зориуд нээлттэй үлдээжээ. Дэлхийн эдийн засаг одоо хаачих бол, тэр нь бидэнд хэрхэн нөлөөлөх бол? Цаашид том тоглогчид  дэлхийн эдийн засгийг гар нийлэн босгож чадах эсэх, Хятадын засгийн газар хөрөнгийн зах зээлээ хэрхэн тогтворжуулж, 7 хувийн өсөлтөө яаж үргэлжлүүлэх эсэх нь тодорхойгүй гэгдэж байна.  Тодорхойгүй нөхцөл байдалд түүхий эдийн орлого шалдаа буух, сүүлийн хоёр арванд монголын эдийн засгийг түшиж ирсэн худалдааны салбарын эргэлт муудах, ажилгүйдэл, нийгмийн хямрал гүнзгийрэх, улсын өр төлөх эх үүсвэр тасалдаж түүний дээр олон улсын хөрөнгө оруулагчид эрсдэлээс зайлсхийх, энэ бүх нөхцөл байдлыг ямар бодлого, ямар загвараар  даван туулах асуултад хариултаа бэлдэх, түүний тулд учир тоймгүй улстөрийн зодооноо даруйхан нэг тийш нь тавих бодит шаардлага тулж ирэх гэх үү тулж ирээд хаачихаа мэдэхгүй хаос үүсэх шатандаа орох нь. Гадаад шооконд цохиулаад унах эсэхийг дотоодын засаглал  мэднэ. Харин өөрөө өөрсдийгөө цохиод унагасан дотоодын хаос дээр гадаад шоок хавсрахаар юу болдог бол…


URL:

Сэтгэгдэл бичих