Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийг хөгжүүлье
Зэрлэг ан амьтдын шилжих хөдөлгөөн болон нүүдлийн замд Төв Азийн уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай олон улсын семинар өнөөдөр “Бишрэлт” зочид буудлийн хурлын их танхимд нээлтээ хийлээ. БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл семинарыг нээсэн бөгөөд түүний хэлснээр, уул уурхай, зам тээвэр гэх мэт байгалийн нөөцөд тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг салбаруудын хөгжил эргээд байгаль орчин, зэрлэг ан амьтдын нүүдлийн замд сөргөөр нөлөөлөх болжээ. Монгол Улсын хувьд ч уул уурхай, зам тээвэр гэх дэд бүтцийн төлөвлөлт болон зураг төсөлд зэрлэг амьтдад ээлтэй арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шинэчлэл хэрэгтэй байгаа учраас энэхүү энэ удаагийн семинарыг зохион байгуулж байгаа ажээ. Уг олон улсын семинарыг БОНХАЖЯ, Монгол дахь Герман Улсын Элчин сайдын яам, тус улсын Хүрээлэн буй орчин, байгаль хамгаалал, барилга болон цацрагийн аюулгүй байдлыг хариуцсан холбооны яам, Биологийн төрөл зүйлийг хамгаалах байгууллага хамтран зохион байгуулж байна.
Семинарт оролцогсод зэрлэг ан амьтдыг хамгаалах талаар Монгол Улсад хэргэжиж байгаа бодлого, хууль тогтоомж болон дүрэм журмуудыг судлах, хэлэлцэх, Германы туршлагаас судалж суралцах, Төв азийн бүс нутаг дахь биологийн төрөл зүйлд дэд бүтцийн хөгжлийн үзүүлж буй нөлөөлийг бууруулах зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Уг семинарт Германаас ирсэн төлөөлөгч, “Монгол Улс өргөн уудам нутагтай, түүх соёл, байгалийн нөөц гээд бүх талаараа хашлага байхгүй дэлхийд гайхагдсан зэрлэг ан амьтан олноор нутагладаг уудам орон. Энэхүү уудам улс орон НҮБ-ын конвенцийг дэмжин бодитой үйл ажиллагаа явуулж байгаад бид талархаж байна. Зэрлэг амьтдыг хамгаалахын тулд зөв цагт арга хэмжээ авах шаардлагатай. Манай ХБНГУ-ын зүгээс Монгол Улсыг онгон дагшин байгалиа хамгаалж авч үлдээсэй гэж хүсч, арга туршлагаа харамгүй хуваалцахыг хүсч байна” гэлээ. Семинар энэ сарын 29-нийг дуустал үргэлжилнэ гэж БОНХАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
URL: