Хоносон ч хоосон хоцорно

168562-25082015-1440490655-1091785447-1-Цөөн хүүхэд авах байсан ч эцэг, эхчүүд азаа үзсээр байна-

Цэцэрлэгийн хүүхдүүдийн бүртгэл даваа гарагт албан ёсоор эхэлсэн ч эцэг, эхчүүд өнгөрсөн амралтын өдрүүдэд хонон, өнжин дугаарлажээ. Харин нэгэнт орчих юм бол хэдэн жилдээ буюу бага ангид элстэл нь санаа зовох зүйлгүй болно. Энэ жилийн хувьд байдал арай өөрөөр эргэж эхэлсэн ч манайхан хуучин аргаасаа салж чадаагүй л байна.

Хүүхдээ цэцэрлэгт оруулах хүсэлтэй эцэг, эхчүүдийг өдөр, шөнөгүй дугаарлуулахгүйн тулд цэцэрлэгийн насны хүүхэд олонтой дүүрэгт сугалаа сугалуулах, тасалбар тараах зэрэг зохицуулалтыг нийслэлийн Боловсролын газраас хийж буй. Гэсэн ч айлын алаг үрсийг азтай, үгүйгээр нь ялгана гэдэг байж боломгүй явдал хэмээн үзэх нэгэн ч байна. Уг нь нийслэлийн удирдлагууд цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэх үүднээс шат дараатай олон ажил хэрэгжүүлж буй. Энэ онд л гэхэд цэцэрлэг, бага сургуулийн 11 цогцолбор ашиглалтад оруулах бол есдүгээр сарын 1-нд 660 хүүхдийн хүчин чадалтай таван ч цэцэрлэг үүдээ нээхэд бэлэн болно гэж мэдээлсэн. Энэ жил 116 мянга орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдах ёстой хэдий ч 27 мянга орчим нь цэцэрлэггүй хоцрох тооцоо байгаа юм.

Тав хоног үргэлжлэх цэцэрлэгийн бүртгэлийн ажил ямар байгаа, шинээр хийж буй зохицуулалтууд хэр үр дүнгээ өгч байгаа талаар “ЗГМ” сурвалжлав.

Баянгол дүүргийн 12, 14 дүгээр хороо хоёр настай 100 гаруй хүүхэдтэй. Тэднээс 60-ыг нь л авна гэдгээ тус дүүргийн 85 дугаар цэцэрлэг өнгөрсөн баасан гарагт мэдэгдэж, үүдэндээ зарлал тавьжээ. Аав, ээжүүд ч үүнийг харсан даруйдаа цэцэрлэгийн үүдэнд дугаарлаж эхэлжээ. Өмнөх жил нь бүртгэл эхэлсэн өдөр ирээд хоосон хоцорч хаширсан ээж, аавууд энэ жил дахин азаа үзэхгүйн тулд ийнхүү цэцэрлэгийн үүд сахисан аж. Гэсэн ч цэцэрлэгийнхэн зохион байгуулалт сайтай ажиллаж, бүртгэл эхэлмэгц нэрээ бичүүлсэн эцэг, эхчүүдийг нэг, нэгээр нь оруулж, хэл ам, чимээ шуугиангүй бүртгэлээ явуулаад дууссан байв.

Бидний дараагийн очсон газар тус дүүргийн 133 дугаар цэцэрлэг байлаа. Харин тэнд байдал эсрэгээрээ байв. “Гурав хоногийн турш цэцэрлэгийн үүд манаж байхад эрхлэгч нь арын хаалгаараа өөр хүмүүс оруулаад бүртгээд байна” хэмээн гомдоллосон эцэг, эхчүүд биднийг угтав. Цагдаа хүртэл ирсэн байгааг харвал байдал нэлээд ширүүссэн нь ойлгомжтой байв. Асуудлын гол нь цэцэрлэгийн зүгээс таван настай 30, хоёр настай 75 гээд нийт 105 хүүхэд шинээр бүртгэнэ гэсэн зарлал хаджээ. Гэсэн ч өглөө 09.00 цагт эхэлсэн бүртгэл 12.00 цагийн үед дууссан хэмээн мэдээлсэн нь ийнхүү олныг бухимдуулсан аж. Үүдэнд дугаарлаж байсан аав, ээжүүдийн бүртгэснээр ердөө 80 гаруй хүүхэд л бүртгүүлсэн байх учиртай хэмээн хэлж байв.

Есдүгээр сарын 1-нд 660 хүүхдийн хүчин чадалтай таван ч цэцэрлэг үүдээ нээнэ

Тэд цэцэрлэгийн бүртгэж авсан нэрстэй өөрсдийн бүртгэлээ давхар тулгаж үзэхээр эцэг, эхийн хоёр төлөөлөл бидэнтэй хамт цэцэрлэг рүү орсон юм. Тус цэцэрлэгийн багш Д.Амаржаргал “Бид тараасан зарынхаа дагуу хоёр настай 75 хүүхэд бүртгээд дуусчихлаа. Одоо таван настай 30 хүүхэд бүртгэх ажил үргэлжилж байна. Бүртгэлийг гурван хүн зэрэг суугаад хийж байгаа. Эцэг, эхчүүд орсон хүмүүсийг давхар бүртгэсэн гэж хэл ам үүсгэж байна. Нэг хүн хоёр ихэр хүүхэдтэй, эсвэл дүүгийнхээ хүүхдийг бүртгүүлэхээр орж ирж байна. Хоёр ихэр хүүхэдтэй хүн, төрсөн ах, дүү хоёрыг бүртгэхээс аргагүй. Харин хаа хамаагүй хүнийг бүртгэхгүй байгаа. Хорооноос хянагч ирсэн. Сугалаагаар бүртгэх чиглэл ирээгүй болохоор журмынхаа дагуу хуучин бүртгэлээрээ явуулж байна” гэв.

Ийнхүү тайлбар авах зуур эцэг, эхийн төлөөлөл болох хоёр хүн нэрс тэмдэглэсэн цаасаа цэцэрлэгийн бүртгэлтэй тулгаж байлаа. Хянагчаар ажиллаж буй IX хорооны Иргэдийн нийтийн хурлын Тэргүүлэгч Г.Пүрэвбат мөн дээрхтэй ижил тайлбар өгсөн юм. Ес, 21 дүгээр хорооны дунд зөвхөн 133 дугаар цэцэрлэг байдаг болохоор ачаалал ихтэй байгаа аж. Энэ хоёр хороо цэцэрлэгийн насны нийт 1134 хүүхэдтэйгээс тус цэцэрлэг 330-ыг нь л авах хүчин чадалтай. Гэсэн ч аргагүйн эрхэнд ачааллаа хэтрүүлж, 680 хүүхэд хүмүүжүүлдэг байна.

Таван настай хүүхдийн бүртгэл үргэлжилнэ. “Нэг хүүхэд ороорой!” хэмээн дуудахад эцэг, эхчүүд бүгд цэцэрлэгийн хаалга руу дайрч, дахиад л бөөн шуугиан дэгдээв. Бүртгэлийн үйл ажиллагааг сэжиглэсэн ээж, аав нар сүүлдээ хүүхдээ бүртгүүлэхээр орж буй нэгнээ баримтжуулж, “Зургийг нь дараарай, сайн хараад аваарай” хэмээн орилолдох бөгөөд ээлж нь болсон нэг нь “За би орлоо шүү” хэмээн цугласан олны өмнө зарлан, өөрийгөө харуулж байв.

Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны 67 дугаар цэцэрлэгт очиход нам гүм, тайван байдал биднийг угтав. Тус цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэх гэж хүмүүс 2-3 хоног дугаарладаг байсан бол энэ жил ямар ч дараалал үүсээгүй талаар эцэг, эхийн төлөөлөл ярьж байна. Өөрийн болон хүүхдийнхээ бичиг баримтыг эх хувиар нь авчирсан ээж, аавууд таван минутын дотор л бүртгүүлж, асуудлыг түргэн шийдэж байв. Ингэснээр цэцэрлэгийн ажилтнууд болон эцэг, эхчүүдийн хэн нь ч хүндрэлгүйгээр бүртгэлээ явуулж байлаа.

Тус цэцэрлэгийн эрхлэгч С.Мөнхцэцэгтэй уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ жил шинээр хэдэн хүүхэд бүртгэх төлөвтэй байгаа вэ?
-Манай цэцэрлэг энэ хичээлийн жилд 2013 онд төрсөн 75 хүүхэд шинээр бүртгэж авна. Харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны 130 орчим хүүхэд бий. Мөн 15 дугаар хорооны 50 байрнаас нэмэлтээр хүүхэд бүртгэж авахаар болсон. Тус хорооноос хэдэн хүүхэд шинээр бүртгүүлэх нь одоогоор тодорхойгүй байна.

-Эцэг, эхчүүд дугаарлаагүй бололтой. Бүртгэлээ хэрхэн зохион байгуулж байна вэ?
-Өнгөрсөн жил манай цэцэрлэгийн үүдэнд эцэг, эхчүүд 2-3 хоногоор дугаарладаг байлаа. Харин энэ жил бүх хүүхдийг бүртгэж аваад, сугалаагаар сонгохоор болсон тул зарлал хадсан. Үүний үр дүнд дугаарлаж, ачаалал, замбараагүй байдал үүссэнгүй.

-Сугалаагаа ямар зарчмаар явуулах вэ?
-Хүүхдүүдийг аз таарсан, эсэхээр нь ялгах эвгүй санагдаад байгаа. Бид хүүхдийн төлөө ажилладаг байгууллага шүү дээ. Тиймээс сугалааны хайрцганд хийх цаасан дээр хүүхдийн нэрийг бичихгүй. Үүний оронд 75 ширхэг цаасан дээр “Баярлалаа” эсвэл “Та тэнцлээ” гэх утгатай үгийг бичих юм. Энэ сарын 28-ны өглөө манай дүүргийн цэцэрлэгүүд сугалаагаа сугалуулахаар тогтсон. Энэ үеэр манайд шинээр орохоор бүртгүүлсэн хүүхдүүдийн эцэг, эхээс төлөөлөл сонгоно. Төлөөллийн гишүүд бичигтэй цаасаа хайрцганд нугалж хийх юм. Мэдээж тухайн цаасан дээр манай цэцэрлэгийн лого байна. Үүний дараа эцэг, эхчүүд өөрсдөө сугалаагаа сугална.

Б.Бямбасүрэн

Засгийн газрын мэдээ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих