Хадлангийн талбайгаас төрсөн харуусал
“Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багийнхан ёстой л жинхэнэ монголоороо үлдэж байгаа хэдхэн газрын нэг” гэдэг тодотголыг цөөнгүй хүнээс сонсож байв. Зах зээлийн нийгэмд шилжээд бүхэл бүтэн 25 жил өнгөрчихөөд байхад үнэндээ энэ нутгийнхан зах зээлийн сэтгэлгээнд төдийлэн дасаж, идээшихгүй яваа нь очих тоолонд анзаарагддаг.
Аяга айрган дээрээ үнэ хаялцах шахдаг бусад газрынхны хувьд буугаад мордсон хаа хамаагүй гийчинд хүртэл айраг, сүүгээ 10, 20 литрээр нь савлаж өгөөд явуулчихдаг энэ хавийнхныг гайхаад бардаггүй юм.
Тэр тусмаа Азарга багийн Борбургасны гол гэж барагдашгүй өгөөжтэй, баян буурал хангайгаар нутагладаг түмэн олон нь уул ус, газар шороо, орчноосоо ч болдог юм уу, гайхмаар тэнүүн сэтгэлтэй.
Хол, ойрын нутгаас мэдэх, мэдэхгүй янз бүрийн хүн ирээд, дураараа аашилж, самар, жимсийг нь өөрсдөөс нь өрсөн түүж, халуун намраар малаа авчран, өвөлжөөнийх нь газрыг талхилж, хадлангийн талбай руу нь хадуур, тармуур барин зүглэхэд хүртэл “Хангайгаас баян юу байх вэ дээ, болох л байлгүй” гэдэг “хачин” хүмүүс бол Борбургасны голынхон.
“Чадаж байгаа юманд арга байхгүй” гэсэн дээрэнгүй сэтгэлгээгээр бусдад ханддаг хүмүүсийг ойлгодоггүй, ойлгохыг ч хүсдэггүй байсан тэд энэ үгний гашуун үнэнийг ганцхан зуны дотор гарцаагүй ойлгожээ. Ирэх өвөл мичин жилийн зуд болж магадгүй гэсэн олны яриа тэднийг ийнхүү зах зээлд оруулж, бусдаас өрсөх хэрэгтэй гэдэг сэтгэлгээг ой тойнд нь тун амархан суулгаж өгчээ.
Хотоос ердөө 800 км зайтай энэ нутагт их хөлийн газрынхны хармын сэтгэл хэмээх “халдвар” тараагүй тэрхүү дархлааны нууц ингээд тайлагдсан мэт харамсалтай санагдаад болдоггүй.
Нүүрлээгүй зуднаас урьтаж хадлан бэлтгэх гэсэндээ он удаан жил айл саахалт бууж, ахан дүүс шиг ижилдэн дассан хүмүүсийн хооронд хүртэл ямар нэгэн үл ойлголцол бий болгосныг хадлангийн талбай дээрх малчдын яриа бэлхнээ харуулна.
Зарим нь бүр хоорондоо гар зөрүүлээд авсныг ч дуулав. Ширээний тавцан шиг тэгшхэн оргил нь холын холоос дүнхийн харагдах Баян хайрхан, морин жимээс өөрөөр хүний хөл хүрэхээргүй сүрлэг өндөр Улаанбайцын давааны зүүн сугыг дэрлэн Цуурайн даваа хэмээх бас нэгэн гайхамшигт тогтоц бүхий сунайсан урт уул байх.
Мориор хоёр цаг гаруй явж байж туулах, модоор битүү хүрээлэгдсэн, ан амьтан, араатан жигүүртэн хаа сайгүй холхисон энэ уулын дээд биенээс эх авсан Борбургасны голыг дагаад тавь, жараад айл үе дамжин нутагладаг. Энэ нутагт яана даа гэмээр ган, зуд нүүрлэж, айл амьтны хотыг харлуулсан тохиолдол бараг үгүй гэдэг.
Сүрлэг өндөр хайрхнуудын нөмөрт үеийн үед ээл өгөөжийг нь хүртэн аж төрсөн тэдгээр айл бүгд Цуурайн давааны амнаас хадлан бэлтгэдэг. Өнөө жил хур бороо хожуу орж, ган тайлагдсан ч газрын гарц үнэхээр тааруу байгааг малчид хэлж байв.
Өнгөрсөн жил хоёр “Портер” өвс хадсан газраасаа энэ удаа ганц машиныг арай ядан авсан болохоор арга ч үгүй биз. Гэхдээ л хотоос Архангай руу явах замд замын хажуугийн халгай, шарилжийг ч гололгүй гараараа хадаад сууж буй хүмүүсийг өөрийн нүдээр харсан учраас манай нутгийнхан дэндүү цамаан загнаж байна даа гэж эрхгүй бодогдлоо.
Цуурайн давааны ам руу, Бор бургасны голын хоёр талаар өөд, уруугүй давхилдах ачааны машинуудын дугуйны аясаар налсан өвсийг хадаад авсан ч болохоор байхад тэндхийнхэн “Энд ч гарц муу байна”, “Тэр ч мал тоож идэхгүй, хаягдал өвс ихтэй юм” хэмээн өөр газар хайх.
Тэгэхээр нь би бас дуугүй байхгүй “Хүн, мал хоёр муу зан сурчихаж. Та нарын хадаад явсан газрын чинь үлдэгдлийг дахиад цахилгаан хадуураар хадахад л бараг машин өвс гарахаар байна шүү дээ” гэж илүү үглээд авав.
Үнэндээ би тэдний ажлыг заана гэж юу байх вэ. Ирэх өвөл зуд болох сургаар энд тэндхийн хүмүүс аль эрт орж ирээд, газар шилээд байгаа учраас наймдугаар сарын дундуур орсон усан борооноос ч халгалгүй хадландаа гарцгаасан тэднийг шууд буруутгах бас аргагүй.
Бороон дундуур хадлан хадна гэдэг бол нэг хийх ажлыг дор хаяж, хоёроос гурав дахин давтана гэсэн үг. Тэглээ гээд ажлын ихээс халгаж, хойш суух эрхгүй гэдгээ хашир малчид сайн мэднэ. “Малчдыг зун намрын цагт найр наадам хэсээд, хадлан бэлтгэдэггүй. Тэгээд эцэст нь зуд турхан болохоор улсаас өвс, тэжээл нэхээд суудаг гэдэгтэй би л хувьдаа санал нийлэхгүй.
Сайхан хангайн буян хишгээр манай энэ хавийнхан лав бусдаас царайчилж үзээгүй. Найр наадмаа хийхдээ ч хийнэ, намрын ажлаа ч амжуулахдаа амжуулдаг” хэмээн ахмад малчин Ж.Сумьяажав хэлсэн нь учиртай. Юмыг үзээгүй гэдэггүй л гэдэг. Гэхдээ энэ хавийнхан, ерөөс Азарга багийнхан, цаашлаад Өндөр-Улаан сумынхан улсын нөөцөөс ганц боодол ч өвс авч үзээгүй нь үнэн билээ.
“Тэднийх тэр хавийн газрыг хаддаг” гээд бүгд хүлээн зөвшөөрсөн аман гэрээтэй, хааяа түүнийгээ зөрчих болбол урьдчилаад нэгэндээ мэдэгддэг, ямар ч тохиолдолд бусдын тэмдэглээд орхисон газрыг хадахгүй гэсэн нүүдэлчин монголчуудын итгэлцэлд л байдгийг өсөж өндийсөн хүүгийн хувиар би сайн мэднэ.
Өөтэй сайхан нутагт минь өөр сумдаас, Завхан, Говь-Алтай аймгаас хүртэл малчид отроор орж ирдэг. Гаднын хүмүүсийн хадахаар тэмдэглэсэн газрыг ч хөндөж зүрхэлдэггүй манай нутгийнхан энэ жил харин өөр хоорондоо тар тур хийхэд хүрчээ.
Хоорондоо хоёр км хүрэхтэй үгүйтэй зайд хадлан бэлтгэх айлууд хааяа нэг ховор юм (тарваганы боодог уг нь энд хамгийн элбэг зүйлийн нэг байсан ч одоо бүр нүдний гэм болжээ)-ны сургаар төрөл төрөгсдөөрөө нийлэн булагнах зуур юу эсийг ярилцах вэ дээ.
“Мөлдгөөн гуайн хадахаар тэмдэглээд орхисон том талбайг Ууганаа хадчихсан тул хөөрхий хөгшин уйлах шахаад өөр газар хайхаар явсан” гэж нэг нь эхлэхэд нөгөө нь өлгөж аваад “Балжаа ахыг өвсөө хадаж байхад нь Сээтэн очоод “Манайх наана чинь хадна” гээд юу юугүй хадуураа аваад ирсэн гэнэ.
Тэгэхээр нь Балжаа ах “Миний дүү тэгвэл наад өвсөө хадчих. Ах нь дараа нь хашаандаа аваачаад буулгачихъя” гэсэн чинь яваад өгсөн гэнэ” хэмээн тас тас хөхрөв. Харин гурав дахь залуу “Уржигдар Халзай талбайдаа хадланд гартал Ганбаа очоод “Манайх наана чинь өнгөрсөн жил хадсан биз дээ. Энэ жил ч хадмаар байна” гэж зүтгээд, сүүлдээ зодолдсон гэсэн. Халзайгийн хоёр нүд булдруу болсон байна лээ” гэхэд бусад нь толгой сэгсрэн, шогширлоо.
Үнэхээр ч энэ бол нутгийн иргэдийн хувьд инээдэм зугаа болгоод өнгөрөх бус, толгой сэгсрэхээс аргагүй хачирхалтай явдал билээ. Ямар ч цагийн шалгуурыг давдгаараа даваад гардаг байсан энэ түмэн олон одоо атга чимх өвсний төлөө хоорондоо ингэж толхилцож байхад гаднаас ирэх малчдын хувьд нөхцөл байдал ямар болохыг таахад бэрх.
Залуу нь хөгшнөө, хүчтэй нь хүчгүйгээ, авхаалжтай нь нунж дорой нэгнээ дарангуйлдаг эзэрхэг дээрэнгүй байдал энэ онгон дагшин, буйдхан газарт тахал мэт нүүрлэвэл цаашид юу болох бол. Энэ нутгийнхны хувьд хадлангийн талбай дээр уг нь огт өөр яриа, наргиан хөгжөөн байдаг байсансан.
Л.ГАНЧИМЭГ
URL: