Ч.Амарбаатар: Хэзээ, аль сагсаа санхүүжүүлэхийг бизнес гэдэг юм
-Гурван улсын бизнес эрхлэгчдийн чуулган Эрээн хотод болж өндөрлөлөө. Чуулганы үеэр таны Алтанбулагийн чөлөөт бүсийн тухай илтгэл ихээхэн анхаарал татсан. Орос, Хятад хоёр том гүрний төлөөлөгчдөд зарчмаа тохирох нь чухал гэдгийг зоригтой хэлж чадсан. Энэ тухай ярилцлагаа эхэлье?
-Энэ форумыг анх Алтанбулгийн чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын зөвлөл санаачлан Эрээний Засгийн газар дэмжиж тус хотод зургаан жилийн өмнө хийж байсан юм. Өнгөрсөн хугацаанд олон ч газар зохион байгууллаа. Эрээн асар том хөгжлийн мотиваци гаргаж ирж чадсан. Бид үүн дээр оролцогч байсан бол одоо зөвхөн гэрч төдий үлдэж байна.
Анх зохион байгуулагч, санаачлагч байсан бол одоо Эрээний хөгжилтэй танилцаж байгаа процесс л болчихлоо. Энэ нь бидний буруу. Бид тэдэнтэйгээ хамтарч энэ асуудлаа шийдэх ёстой байсан. Манай Танхим жаахан сул байна. Дээрээс нь төр, танхим, бизнесийнхэн нэгдмэл нэг бодлогоггүй болчихоод байна.
Төр нь бидний үгийг сонсохгүй. Үүнд хэн нэгнийг буруушаах биш. Өөрсдөө зохион байгуулалтад ороогүйн алдаа. Хэн мөнгөө төлнө тэр хүн хөгжмөө захиалдаг гэдэг зарчмаар энэ форум бол Эрээний Засгийн газар, Өвөрмонголын мөнгөөр хийгдэж байгаа учир энэ асуудлыг өөрсдийнхөөрөө хийнэ. Бид үүний эсрэг биш. Тэдэнтэйгээ хамтдаа зохион байгуулалтын ажилд нь оролцож явж үр дүнгээ гаргах ёстой.
-“Барс” групп бол Монголын бизнесийн салбарын 95 мянган аж ахуйн нэгж дотроо топ байгууллагуудын нэг. Төслийг групп болтол нь хөгжүүлсэн зам дардан байгаагүй нь лавтай. Та өнгөрснийг эргэн харж, энэ салбарын алдаа оноо, амжилтыг үнэлж чадах хүмүүсийн нэгд зүй ёсоор тооцогдоно. Монголын бизнесийн салбарын хөгжилд та ямар үнэлэлт өгөх вэ?
-Зах зээлийн эдийн засаг, ардчилал руу шилжихэд “Бидний үе ирлээ, Миний үе ирлээ” гэж бид хандсан. Тэгэхэд би залуу байж. Галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй гэдэг үе дээрээ. Тиймээс ямар ч эргэлзээгүйгээр бизнесийн салбар руу ханцуй шамлан орсон. Гэхдээ бизнесийн мөн чанар бол өөрөө шударга, зөв, эрүүл байх явдал.
Бизнес өөрөө өөрийгөө авч явдаг, орлого, зарлага хоёрынхоо балансыг олж чаддаг байж эрүүл тогтох зүйл. Бид ямар ч байсан байнгын өсөлттэй явж ирсэн. Тиймээс би бизнесийг унадаг, босдог юм гэдэгтэй санал нийлдэггүй. Сайхан мориор, машинаар явах газраа саадгүй очиж болно. Заавал хурдан явах албагүй. Зорилготой яв.
Манай улсын хувьд бизнест хандах хандлага жилээс жилд төрийн бодлогын хувьд байнгын сайжирч ирсэн. Татварын тодорхой хэмжээний бодлого гаргаж ирсэн. Зах зээл дээр цалин холс нэмэгдэж ард түмний амжиргаа ч дээшилж байгаа. Харин бидэнд юу хэрэгтэй гэхээр бизнест гай болохгүй байх зарчим.
Хоёрдугаарт, худалдан авагч нар. Монголын ард түмэн өөрөө төлбөрийн чадвартай болж өсч хөгжих нь чухал. Энэ бол бизнест байгаа хамгийн гол зарчим. Бидэнд худалдан авагч, зах зээл хоёр л хэрэгтэй. Өнөөдрийн байгаа жилийн өмнө яг юутай байв. Дэлгүүрийн лангуу хоосон үеэс эхэлсэн. Тэгээс биш бүр хасахаас эхэлсэн.
Бидний монголчууд өмнөх нийгэмд хийж бүтээснээсээ хоёр дахин илүүг хэрэглэдэг байсан. Энэ бүхэн цаашид хөгжөөд ямар ч байсан Оросын эдийн засаггүйгээр оршин тогтнож болно гэдгээ тогтоочихсон. Энэ бол бидний, бидний өмнөх үеийн хийсэн бүхний үр дүн.
Дэлхий бидэнд хөгжлийн асар их боломж нээж өгсөн. Гэвч бид өөрсдөө боломжийг алдаад байгаа. Жирийн хүн найман цагийн хөдөлмөрийнх нь бүтээмжтэй цаг нь гурав, дөрвөн цаг байж болно. Тэгвэл бизнесийг удирдаж байгаа хүмүүст 24 цаг багадана. Бид нэгэнт энэ замыг сонгосон бол ажиллах ёстой.
-Та бизнест гай болохгүй байх зарчмын тухай ярилаа. Бизнесийнхэнд төр саад болсноос эдийн засаг хямарч байна гэлцдэг шүү дээ?
-Төрийн дарамт гэж байдаггүй юм. Татвараа төлөөд, тайлангаа өгөөд явдаг хүмүүст ямар ч хамаагүй. Ганцхан зардлын менежментийг ойлгодоггүй учир хэтэрхий мөрөөдөлдөө хөтлөгдөөд газраас хөндийрөөд унаад байгаа юм. Тиймээс орлого, зарлагыг байнгын баланслуулж, тодорхой хэмжээгээр орлого нь өндөр байж ашгаа хүртдэг. Үүний балансыг олоод явж байгаа үед эдийн засгийн кризис, хямрал гэдэг чинь байх учиргүй.
Хямрал бол зөвхөн оюун ухаанд байгаа зүйл болохоос дэлхий хямарч сүйд болоод байгаа юм биш. Монголчуудад өөрсдөө аж ахуйгаа аваад явах сэтгэлгээ дутаад байна. Тэдэнд хуримтлал гэсэн ойлголт байхгүй. Хэрэглээгээ хянаж зохицуулж мэддэггүй байдал нь хувь хүн, гэр бүл, аж ахуйн нэгж, сум орон нутаг, цаашлаад улсын төвшинд алдаа болоод байгаа юм.
Энэ алдаагаа бушуухан ойлгоод салах нь чухал. Яг ажил хийх зуны саруудад тасралтгүй наадамлаж, амарч байна. Үүнийг нь төр засаг нь ч дэмжиж, өөгшүүлж байна. Тэр амралтаа өвөл хийж болно. Улаанбаатарынхан сар шинийн баяраар амар л даа. Утаанаас гараад хөдөө явж болно. Яагаад заавал зуны дэлгэр цагт ажил хийхгүй байгаа юм бэ. Засаг гэж л байдаг юм үүнийг нэгдсэн журмаар шийдэх ёстой.
-Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль батлагдлаа. Төрийн түшээд маань Монголын бизнесийн орчин ээлтэй боллоо гэж гадаад, дотоодгүй зарлаж байна. Та энэ хуульд ямар байр суурьтай байна?
-Миний бүх юм ил тод болохоор санаа зовохгүй байгаа Үүнийг би татвараа төлдөггүй байж, эсвэл энэ хүн хожчихлоо гэж огт бодохгүй байна. Юмаа хий, нээлттэй бай. Хэний ч өмнө шулуун хараад инээчихээд, бардам өөрийнхөөрөө байх боломжийг монгол хүн бүрт өгч байгаа гэж харж байгаа явдал. Гэхдээ яагаад тэр хүн ил тод байж чадаагүй юм бэ гэдэг өөр асуудал.
-Бизнесийн мөн чанар шударга байх ёстой гэж та эхэнд хэлсэн шүү дээ?
-Энэ манай сэтгэлгээний гажиг. Би баруун Европт боловсрол эзэмшсэнийхээ хувьд шударга байсан нь хождог, дийлдэг гэдгийг арай эрт ойлгочихсон. Тийм учир би шударга, зөв байх тухай ярьж байгаа. Түүндээ ч үнэнч байдаг. Эдийн засгийн арга, зүй зохисоороо явбал тендертэй зууралдахгүй амьдарч болно.
Тендерээр оролдоод амьдарч байгаа хүмүүсийг үгүйсгэхгүй. Гэхдээ тэдэнд хүндрэлийг авчирч байна. Ажлаа хийчихдэг, хийсэн ажлынх нь мөнгийг өгдөггүй. Эсвэл хийхийн тулд заавал “А” гэдэг зүйлтэй зууралдах болно. Энэ нь бүх юмыг буруу болгоод байна. Нэгэнт хүнд “А” өгөөд ажлаа авчихсан юм бол түүнийгээ нуух хэрэгтэй болдог.
Нэг муу юм нь дараа дараагийн муу юмыг гинжин урвалаар бий болгоод байгаа. Би тэр муу юмнаас хол байгаа учир сайн, муу гэж хэлээд байх хэрэг байхгүй. Гэхдээ өөрийгөө олоогүй, тасралтгүй мөнгөний дарамтад байгаа хүмүүст бол өнөөдрийн ойлгох зүйл биш. Хэсэг хугацааны дараа бүгдийг ойлгож хэн шударга, зөв байж хөгждөг тэр нийгэмдээ очно.
-Уоррен Баффетын “Бүх өндгөө нэг сагсанд бүү хий” гэсэн ишлэл бий. . Та бизнесийн эрсдлийг хэрхэн даван туулдаг вэ. Мэдээж олон эрсдэлтэй тулгарч байсан байх?
-Оросоор нэг үг байдаг. “Кто не рискует, не пить шампанское” гэдэг. Эрсдэл хийхгүй бол оргилуун дарс уухгүй гэж. Би бол мэдрэмжээрээ явдаг. Нэг их тооцоотой биш. Ашигтай, хэрэгтэй, зөв юм гэдэг үүднээс ханддаг. Алтанбулагийн чөлөөт бүсэд миний 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт өнөөдөр үр дүнгүй л байгаа. Хэрэв би түүнийг банкинд хадгалсан бол өчнөөн өсчихсөн байна. Гэхдээ энэ, нь хэрэгтэй л гэж хийж байгаа.
Бас уул уурхайн төсөлд санхүүжилт хийчихсэн. Намайг авч байх үед 20 цент байсан хувьцаа өнөөдөр нэг цент болчихсон. Гэхдээ би түүнийг Монгол Улсад төмөр, гангийн үйлдвэрлэл хэрэгтэй гэдэг үүднээс ирээдүйрүүгээ тодорхой хэмжээний хөрөнгийг блоколсон хэрэг. Бид эрсдлээ даах чадвартай байх ёстой.
Баффетын хэлснээр бүх өндгөө нэг сагсанд хийж болдоггүй. Бүгдийг өөр, өөрийн сагсанд байлгаад хэзээ, аль сагснаасаа аль сагсаа санхүүжүүлэх вэ гэдэг балансыг олж байх ёстой. Санхүүжилт, бид уначихаж болохгүй. Мөнгөгүй хүнд ганцхан бодол байна. Яаж мөнгө олох вэ гэж.
Мөнгөтэй хүнд бол өөр. Мөнгөө хаана яаж байршуулах вэ, бэлэн мөнгө нь хувьцаанд байрших уу, банкинд уу, эсвэл хөрөнгө болох уу гэдгээс асуудал эхэлнэ. Хадгаламжид байгаа мөнгийг ярихад ам.доллар, юань, төгрөг алинаар байх вэ гээд бүгд асуултууд. Энэ олон асуултад хариулт олох юм. Үүнийг л бизнес гэдэг. Үүнийг ухаан гэдэг юм.
-Бизнемэн хүн мөнгөө хураах тусмаа ашиг хүртдэг үү, эсвэл зардал эрсдэл гаргаж байж хожоотой байдаг уу гэсэн хоёр өөр ойлголт байдаг. Та алиныг нь дэмждэг вэ?
-Амжилтын төлөө уйгагүй хөдөлмөрлөх ёстой. Хөгжихийн төлөө эрсдэл заавал хийх ёстой. Эрсдэл хийдэггүй хүн өөрийнхөө тогоонд л байна. Зардлыг гаргах үедээ гаргах ёстой. Гаргасан зардлаа үр өгөөжтэй байх ёстой гэдэг зарчмаа хадгалаад менежмэнтээ зөв хийх ёстой. Эрсдэл хийхгүй цалин аваад суудаг, эсвэл тэрүүхэндээ жижиг бизнестэй зууралдвал тэндээ үлдэнэ.
-Таныг бизнес эрхлэхээс өмнө юм оёдог байсан гэж сонссон. Энэ салбарт хэзээ, хэрхэн орж байв?
-Би санхүүч хүн. Дээрээс нь аж ахуйтай зууралдах дуртай. 1990-ээд оноос өмнө юм оёдог байлаа. Хөнгөн үйлдвэрийн салбараас орсон гэсэн үг л дээ. Хоршоо байгуулаад, “Орон зай” клубыг анх санаачилж байсан. Тэгээд санхүүгийн бизнес рүү орсон. Нэг ёсондоо мөнгө хүүлэгчийн ажил юм даа.
Манай улсад санхүүгийн бизнесийн гайхалтай орчин одоо хүртэл үргэлжилсээр байна. Тиймээс би мөнгийг сэгсэрч мөнгө бий болгодог. Гэхдээ үүнийг хамгийн бага зардлаар, энгийн оновчтой хийдэг.
“Барс” төсөл амжилттай, тогтвортой удаан хугацаанд, хэрэгжиж байгаа. 1995 онд дуудлага худалдаагаар төрөөс худалдаж авсан обьектоо засч, янзлаад дараа жилээс нь үйл ажиллагаагаа жигдлээд өнөөг хүртэл Монголын хүнсний бүтээгдэхүүний нэлээн том бирж болтлоо хөгжсөн. Энэ хугацаанд дараа дараагийн үл хөдлөх хөрөнгө, уул уурхайн төсөлд, үйлдвэрийн төсөлд хөрөнгө оруулалт хийсэн.
-Барилгын салбарыг бодвол хүнснийх бага, багаар ашгаа олдог юм шиг?
-Монгол хүний нийтлэг чанар бий. Ахуйн юманд ач холбогдол өгдөггүй. Охид хүүхнүүд үнэтэй ээмэг бөгж хэрэглэхээс эхлээд үнэтэй хувцас өмсөх юмсан гэсэн хүсэлтэй. Эрчүүд нь мөн адил, үнэтэй машин унана. Харагдах зүйлдээ их ач холбогдол өгдөг. Энэ бол нэг онцлог.
Дэлхий дээр хүн бүр иддэг. Өглөө идсэнээ өдөр, орой идэхгүй байна гэж үгүй. Хүнс бол байнгын хэрэглээ. Хэрэглээ хэзээ ч нэг төвшинд гарчихаад доошоо ордоггүй. Улам л өсч байдаг. Энэ бол найдвартай зах зээл, найдвартай бизнес. Гэхдээ хүндрэл, бага зэргийн гацаа гарна. Үүнийг олон ажилч зөгий, шоргоолж бүтээж, хүнд хүчир ажлыг тасралтгүй хийдэг. Тиймээс би бизнесийн түнш, түрээслэгч нараараа бахархдаг.
-Танд хэчнээн “ажилч шоргоолж” байна?
-Цалин авдаг нь 200 гаруй. Түрээслэгч, түнш гээд тооцвол 2000 гаруй хүн бий. Тэд өдөржин, шөнөжин, өвөл зунгүй тасралтгүй ажилладаг. Тийм учир тэд асар их амжилтанд хүрч байгаа. Бид ажил хийж байгаа нэгнээ дэмжих ёстой. Тэднийг бас би уруу татаад байгаа. Наад “Титан” чинь Хятадаас юмаа зөөгөөд байна. Бид Оросын зах зээл рүү оръё гэдэг саналыг тавьж байгаа.
-Та бизнес эрхэлсэн он жилүүдийнхээ жимийг товчхоноор дүрсэлвэл?
-Ямар ч асуудал байхгүй. Дандаа хөгжиж байсан. Бид дандаа дэвшиж ирсэн. Би хэзээ ч гоншигонож, гомдоллож байгаагүй. Томдвол өөртөө гомдоно. Би чадсангүй
гэж. Жаргалтай байхын тулд хэт том зорилт тавих шаардлагагүй. Өөрийнхөө төвшинд аятайхан зорилт тавиад биелүүлээд явах нь чухал. Амны билгээс ашдын билэг гэдэг шиг сайн сайхнаар бодож, тайлбарлаж байж бэрхшээлийг давж гарна. Ялна, дийлнэ гэсэн эрмэлзэл байх ёстой. Гэхдээ хөөрөөд бай гэсэн үг биш.
-Та яг одоо юу мөрөөдөж байна вэ?
-Би ахуйн төвшингийн мөрөөдлөө бүгдийг нь биелүүлчихсэн. Гэхдээ нийгэмд хувь нэмрээ оруулъя гэсэн итгэл үнэмшил байна. Өнөөдөртөө боломжтой байгаа үедээ хийх ёстой. Буян гэдэг ламд мөнгө өгөөд, ядуу зүдүү хүмүүст мөнгө тараагаад байх зүйлийг хэлэхгүй.
Миний бизнесийн дор 2000 орчим хүний бизнесийн орчин эргэлдэж байхад үүнийг 20 мянга, 200 мянган хүнд боломжит гарцыг нээж өгөх нь миний амьдралын утга учир болоод байна. Ямартаа ч би мод таръя гэсэн бодолтой байгаа.
Өвөрмонголоор олон жил явлаа. Усгүй, юу ч үгүй газарт гайхамшгийг бүтээж болдгийг харж байна. Тэгвэл өнөөдөр мод таримаар байна. Энэ байгалийг эко тал руугаа хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах туйлын хүсэлтэй.
Б.Энхзаяа
Эх сурвалж: Зууны мэдээ
URL: