Эцсийн чагтага нь тасрахын алдад эмэгтэй хүн төрөлх хэлээрээ “Ээж ээ…” хэмээн уулга алддаг аж
Гитлерүүд тагнуулч бүсгүйчүүлийг хамгийн чангаар өвтгөж, хамгийн хэцүүгээр тарчлаан байж ганц үгийг хэлүүлдэг байсан гэдэг. Эцсийн чагтага нь тасрахын алдад эмэгтэй хүн төрөлх хэлээрээ “Ээж ээ…” хэмээн уулга алддаг аж. Жинхэнэ үндэс угсааг нь тогтоох энэ мэргэн арга үнэхээр мөн юм. Өвдөхийн цагт, зовохын цагт, эсвэл өнчрөхийн цагт, гомдож, ганцаардахын цагт энэ л үг аманд орж ирнэ.
“Ээж ээ” хэмээн орчлонгоор нэг хашгираатахвал зовлон нимгэрч, өвчин арилж, хөндүүр бүхэн эдгэрчих мэт санагдах. Үнэхээр ч тийм бололтой. Ээж ээ… хэмээн дуулмаар, уйлмаар, хана руу харж зогсож байгаад ээжийгээ дуудан байдгаа тоочмоор өдрүүдийг бидний хэд нь туулж байдаг бол? Ээж гэдэг тийм л хүчтэй. Тийм л шидтэй үг аж. Хүүхдүүд минь өдөр бүр энэ үгийг хэлж дуудаж, тунгалаг горхин адил хөөрхөн нүдээрээ өөдөөс өмгөөлөл, аврал эрэн харах бүрийд энэ үг миний зүрхэндээ дуудан хашгирдаг шиг тийм чанга, тод, бас гэрэлтэй дуулдах юм. Би бол ЭЭЖ. Гэхдээ зөвхөн миний орчлонг гэрэлтүүлдэг миний ЭЭЖ сэтгэл зүрхэнд минь үргэлж хадаатай яваа.
URL: