Эрх баригчид Н.Энхбаярын барьцаанд орж, асуудлыг гацаав уу?
Хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан “Шинэ сайд нарын томилгоог ирэх аравдугаар сар хүртэл хойшлууллаа. Гэхдээ зургаан яамны ажил хэвийн үргэлжилнэ” хэмээн мэдэгдэв. Энэ бол жинхэнэ утгаараа гацаа үүсгэж байгаа мэт харагдавч нөгөө талаар сайд нарын асуудал дээр эрх баригчид цаашлаад Н.Энхбаяртай тохиролцож чадсангүй гэх хардлагыг нийгэмд төрүүлээд байна. Хэн нэгний далд утга санаа агуулсан шантааж ч байж магадгүйг үгүйсгэх аргагүй юм.
Эрх баригчид нэгэн үед МАН-ыг түгжээ, гацаа үүсгэдэг хэмээдэг байсан бол АН-ынхан энэ удаад улс орны амьдралыг, ургац хураалтыг, эдийн засгийн өсөлтийг цаашлаад ард түмний амьдралыг түгжээнд орууллаа. Аравдугаар сар хүртэл мөн ч олон ажил хэрхэх нь тодорхойгүй, хэн хүний амьдрал хэрхэн өрнөх нь эргэлзээтэй болж байна. Уг нь бүх ажил нь жин тан болсон, одоо ердөө холбогдох таван яамны сайд гарын үсэг зурж баталгаажуулаад л биеллээ олох байсан ажил ийнхүү гацлаа.
Одоо Ерөнхийлөгчийн хориг, эздээ хүлээсэн яамны ажил гээд бүгд хэсэгтээ унтаа байдалд оров. Аравдугаар сар хүртэл нүдэн балай чихэн дүлий хаяхаар шийдлээ.
Үнэндээ Монголын улс төрд урт шар дээлтэй хүн орж ирсэн нь ийнхүү нөхцөл байдлыг орвонгоор нь эргүүлчихлээ гэвэл үнэнээс хол зөрөхгүй. УИХ-д хэдхэн суудалтай байсан “Шударга ёс” эвслийн бүлэг энэ зун хаданд гарч, учраа олохгүй, дотоодынхоо зодооныг ч дийлэхгүй АН-ынхныг хүртэл амандаа оруулаад амжлаа. Хэдийгээр өнгөн талдаа АН “Шударга ёс” эвслийн аманд ч атганд ч орсон мэт харагдаж байгаа ч үүний цаана ард түмэн тэр чигээрээ Н.Энхбаярын, түүний намын барьцаанд орчихлоо гэхэд болохоор байна. Эх сурвалж www.wikimon.mn
URL: