Ерөнхий сайд ашиг сонирхлын зөрчилтэй томилгоо хийх эсэхийг харах дэнс нь Г.Батхүү боллоо

Untitled-1Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өршөөл үзүүлэх тухай хуульд хориг тавьсан байтал хэлэлцээгүй мөртлөө уг хуулийг Төрийн мэдээлэл сэтгүүлд нийтэлсэн нь өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд цахим хуудсуудын гол дуулиан болов. УИХ-аар батлагдсан хууль тогтоомжууд Төрийн мэдээлэл сэтгүүлд нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхэлдэг. Тэгэхээр Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн мэт уншигдаж байгаа юм.

Магадгүй, ийм нөхцөл байдалд олон нийтийн сэтгэлзүйг бэлтгэж байна гэж ойлгож болохуйц энэ “алдаа” зориудын байхыг үгүйсгэх аргагүй. Ерөнхийлөгч саяхан Прокурорын байгууллагын 85 жилийн ойн үеэр зарим улстөрч, УИХ-ын гишүүдэд хамааралтай баахан хашгирч алга ташилтаар шагнуулсан. Түүний дараахан УИХ-ын зарим гишүүн “УИХ тарах ёстой” гэсэн ярилцлага өгч, “гэрээ шатаагаад ч хамаагүй жоомоо алъя” гэсэн байр суурь илэрхийлэх болсон. Ерөнхийлөгчийн алга ташуулсан хашгираанд ч Өршөөлийн хууль ямар наймааны өгөөш вэ гэдгийг хэлчихсэн.

Тодруулбал “Наадуул чинь Өршөөлийн хууль батлахдаа хориг ирнэ гэдгийг мэдсээр байж хийсэн.  Ирэх сонгуульд танай намтай орох уу, эсвэл танай намтай орох уу гэдгээ одоо шийднэ. Гэхдээ чи тэр Элбэгдоржийн ярьж байгаа хоригийг хүлээж авах уу! гээд тийм л юм ярьж байгаа шүү дээ. Авлигачид өнөөдөр УИХ-ын гишүүдтэй, түүгээрээ дамжуулж хууль гаргах гэж оролддог болсон. Өөрийн төлөөлөлтэй, өөрийн намтай. Фракцтай, байгууллагатай. Монголын төрийн бодлогыг тодорхойлдог боллоо. Барьцаалж суудаг боллоо. Засгийн газар огцрох уу, үгүй юү. Хэдэн сайд огцруулах вэ. Хэнийг ажиллуулах уу, үгүй юү гэдгийг шийддэг боллоо. Ямар ажлыг явуулах вэ, ямар ажлыг зогсоох вэ гэдгийг шийддэг боллоо. Хэдэн жилээр зогсоох вэ гэдгийг шийддэг боллоо шүү дээ. Ийм байж болох уу? Би ийм үг хэлээд ад болдог. Монголд улс төрийн намыг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй. Тийм учраас би тийм хууль санаачилж байгаа. Монголд төрийн албыг өнөөдөр байгаа энэ байдлаас нь үндсээр нь өөрчлөх хэрэгтэй. Энэ улс төрчдийн дурын гарын шүүс болгож болохгүй. Дурын улстөрчийн, авлигач улстөрчийн, ёс зүйгүй улстөрчийн гарын шүүс болгож болохгүй. Монголын төрийг, Монгол төрийн албыг хамгаалах ёстой. Тэр хуулийг нь гаргах ёстой. Өнөөдөр өршөөлийн хууль гаргаад зогсож байхаар ээлжит бус чуулган зарлаад тэр улстөрийн намын хуулийг л батлах байсан юм. Төрийн албаны хуулийг батлах байсан юм” гэсэн юм.

Энэ нь УИХ-ын дарга Ерөнхий сайдын ажлыг булаан танхимыг нь бүрдүүлэх гэж зүтггэж байсан шиг Ерөнхийлөгч УИХ-ын даргын ажлыг зааж эхэлсний илрэл. Гэхдээ УИХ-ын дарга намын даргын хувьд зургаан сайдын томилгоонд оролцож байсан бөгөөд саяхнаас Ерөнхий сайдыг өөрөө танхимаа бүрдүүл, дэмжээд өгье гэсэн гэж ярилцах болсон. Харин Ерөнхийлөгчийн “зуумтгай” чанар чангааж уурламаар санагдсан бүхэндээ нэр дурьдалгүй хандан үгээ хэлчихсэн хэрэг. УИХ-даа дургүй Ерөнхийлөгчийг өмнө нь харж байгаагүй болохоор дээрх үгс өнгөрсөн гуравдугаар сард Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцүүлэх эсэх талаар зөрүүтэй байр суурьтай байсныг эн түрүүнд сануулав. Тэр үед УИХ-аар заавал хэлэлцүүлэх шаардлагагүй хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тодорхойлсон Тавантолгойн гэрээг Хятадын Төрийн зөвлөл хэлэлцэх гэж байхад эрхэм эх оронч, шударга Төрийн тэргүүн дуугараагүй, харин Монгол Улсын Их хурал, түүний дарга руу асаж байсан. Түүнд УИХ дэмжихгүй бол яана гэсэн харамсал байгаагүй гэж үү. Тиймээс өнөөдөр захиалгаар “УИХ тарах ёстой” гэж хэлүүлсээр байгаад анхааруулга өгье гэсэн өдөөн хатгалгын улмаас эрхэм гишүүдийг авлигачин мэт харагдуулж байна. Ийм эв нэгдлийн билэг тэмдэг байдаг болов уу.

Гэтэл өнөөдөр Тавантолгойг Монголын “Энержи ресурс”, Хятадын төрийн өмчит “Шенхуа”-тай хамтарч ашиглах, төмөр замыг нь хүртэл хятадуудаар бариулах бэлтгэл ажил эрчимтэй хийгдэж байна. “Энержи ресурс”-ын өр, санхүүгийн хүндрэл хэчнээн дарж нуусан ч ил болж, дампуурахад ойртсоор байгаа. Энэ мөчид түүний санхүүжүүлэгчдийн нэг “Шунхлай”-н Г.Батхүүг Зам тээврийн сайд болгоё гэдэг мэргэн арга сэдэж, түүнийг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүртэл дэмжиж, дэмжихээр барахгүй сэм ахалж буй нь нууц биш болсон.

Яагаад өнөөг хүртэл “Энержи ресурс” болон “Шиньхуа групп” хооронд байгуулсан хамтарсан компани байгуулах гэрээг шаардахаар ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт “Компани хоорондын гэрээг Засгийн газар гаргаж өгөх боломжгүй. Ажлын хэсэг тухайн компаниудаас нь авах ёстой” гэсэн мэдээлэл гаргасан байсан. Тавантолгой төсөл бол хувийн компани хоорондын асуудал биш. 6.5 тэрбум тонн нүүрсний нөөцтэй Монгол Улсын баялагтай холбоотой асуудал учраас компани хоорондын гэрээнд ч Засгийн газар оролцсон байх ёстой. Тиймээс энэ гэрээг Засгийн газраас шаардаж байгаа. Мөн “Энержи ресурс”, “Сумитомо” хоорондын худалдааны компани байгуулах тухай, “Энержи ресурс” болон “Эрдэнэс Тавантолгой” компанийн хоорондын эрх шилжүүлэх гэрээний хувилбарыг бидэнд ирүүлээгүй байна. УИХ-аас байгуулсан ажлын хэсэг ч эдгээр материалыг авч, нарийн судласны үндсэн дээр дүгнэлтээ гаргах учиртай.

Ийм зүйлийг нууцалдаг хүмүүс ил тод байлгах тухай ярихаар эмгэнэлтэй санагдах аж.  60 жилийн хугацаанд 60 тэрбум ам.доллар Монгол Улсын төсөвт оруулах томоохон ордыг нуучихаар Монголын төрд, Монголын ард түмэнд юу хамаатай гэж. Нөгөө талаас одоо Г.Батхүү, Х.Баттулга нарын дунд Зам тээврийн яамыг, түүний дотор Тавантолгойг тавьчихаад зодолдуулаад байгаа мэт харагдаж эхэллээ. Х.Баттулга нь ч өөгүй өндөг биш. Заавал шатрын хүү шиг хүмүүс түлхэж байхаар өөрөө нэр дэвшиж болох. Эсвэл томилогдох сайд нарын хэнтэй ч эр хүний хувиар биш юмаа гэхэд Их хурлын гишүүний хувиар хатуу, зөөлөн ямар ч уур амьсгалаар зөвлөлдөж болох. Тэгэхгүй байгаа бодоход энэ бол маш том эрх ашиг. Алдмааргүй, бас атгачихаад байгаа эрх ашиг болохоос төрийн ажил, түмний төлөөх асуудал биш байгаа биз. Хэн ийм болгосон юм бэ гэдэгт өнөөх шударга Ц.Элбэгдорж ч, Засгийн газрын хэмжээнд өдий хугацаанд багтаан асуудлаа цэгцлээд шийдүүлж чадахгүй байгаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын даргын албыг намын даргын ажлаасаа доогуур тавьж нам доторх талцлаа дэвэргээд байгаа З.Энхболд нар бүгд хамаатай. Энэ өдрүүдэд яаж ийгээд хэн, хэнийгээ хараар будаж хэвлэлүүдийг буртаглаж байгаа Г.Батхүү, Х.Баттулга нарыг Орос, Хятадын гар хөл гэж харахын оронд хамтраад Монголыг яаж авч явах вэ гэдгээр ганц удаа ч уулзаагүй гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Харин томилгооны тухайд гэвэл Шенхуатай хамтран хөрөнгө оруулагч Энержи ресурсын гол хүчийг атгасан MCS, бүр тодруулбал Шунхлайтай хамааралтай байгаа цагт Г.Батхүү гишүүн Зам тээврийн сайд болбол ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг нь алган дээр тавьсан мэт илхэн байгааг Ерөнхий сайд зургаан сайдынхаа нэрийг өргөн барихаас өмнө амжиж сануулъя. Сануулсаар байтал томилж орхивол цаашид албан тушаал урвуулан ашиглаж шийдвэр гаргадаг, ашиг сонирхлын зөрчилтэй томилгоо хийж байгаа талаар АН-ынхан лав дуугарах эрхгүй болох нь тэр.

11890956_1239051309457856_4075153529984538590_n

Эх сурвалж: Намбус.мн А Батаа


URL:

Нэр: болиосой Огноо: 2 September 2015

Батхүү гуйа сайд болох эрхгүй. сонгууь улайм цайм луйвардчихаад жоохон ч гэсэн ёс зүйтэй байлд аа ТА НАР

Нэр: зочин Огноо: 2 September 2015

за даа бөөн шоу хийгээд л баахан мөнгө захар юм даа хөөрхий. Тэнгэрийн элч ч гэх шиг дараа нь зам тээврээ удирдана ч гэх шиг олон түмэн мөнгөтэйг чинь мэдэж байна. харин худлаа дүр эсгэж ингэх хэрэггүй бөөн жүжигв луйвраар сонгууьд гарсан болчихоод ханахгүй байна уу. одоо чиний кариер дууссан хө

Сэтгэгдэл бичих