О.Түшиг: Нэг оюутан өдрийн 1000 төгрөгийн нормтойгоор автобусаар үйлчлүүлнэ

Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт сүүлийн 60 жилийн туршид ямар ч шинэчлэлт хийгдээгүй. Энэ удаагийн шинэчлэл иргэдийн хувьд олон асуулт, асуудалтай тулгарахад хүргэж байгаа.
2827acdd-53d4-4af9-9d93-d9d84c005057Маршрутын өөрчлөлт, ухаалаг төлбөрийн систем гэх мэт олон шинэчлэлтэй нүүр тулж байгаа билээ. Тэгвэл энэхүү шинэчлэлийн хүрээн дэх асуудлаар нийслэлийн Нийтийн тээврийн газрын орлогч дарга О.Түшигтэй ярилцлаа.

-Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд олон ажлууд хийгдэж байна. Энэ бүхэнд иргэд дасах гэж нэлээд цаг хугацаа шаардаж байгаа. Иргэдийн хамгийн ихээр бухимдаж буй асуудал бол сэлгэн суулт. Учир нь богино эргэлттэй болж, сэлгэн суулт үнэгүй хэмээн мэдэгдэж байсан ч бодит байдал ийм биш байна шүү дээ?

-Улаанбаатар хотын хэмжээнд смарт картыг тараах тоо бол 700 мянга байх ёстой. Тэгэхээр өнөөдрийн байдлаар 242 мянган зорчигчид смарт картаа авсан байна. Сэлгэн суултын асуудлыг зорчилтын судалгаан дээр үндэслэж гаргахаар ажиллаж байна. Хэрэв иргэдийн 85 хувь нь смарт картаа авсан тохиолдолд судалгааны ажлаа эхлүүлнэ.

Үүний дараа сэлгэн суулт нь төлбөртэй байх уу гэдгийг шийдвэрлэнэ. Иймд иргэд яаралтай картаараа зорчиж хэвших хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар 242 карт тараагдсаны ихэнх нь ахмадууд байна. Тиймээс картыг аль болох хүртээмжтэй иргэдэд тараах ажлыг зохион байгуулж байгаа.

-Оюутнуудын хувьд смарт картын хэрэглээг хэрхэн зохицуулахаар болсон бэ?

-Оюутнууд өмнө нь батлагдсан төсөв хязгааргүй байлаа. Виза картаа ашиглан нийтийн тээврээр үйлчлүүлдэг байсан. Тэгвэл шинэ журмаар хуульд заасны дагуу зайлшгүй гэж нэрлэгдэх сургууль гэр хооронд зорчих төлбөрийг нь үнэгүй байлгахаар яригдаж байгаа. Юу гэсэн үг вэ гэхээр өдөрт нэг оюутан 1000 төгрөгийн нормтойгоор нийтийн тээврээр үнэгүй зорчино гэсэн үг.

-Хэд хэдэн удаа сэлгэн суудаг оюутнууд яах вэ. Хоёр удаа зорчих төлбөрийг нь л хөнгөлнө гэсэн үг үү?

-Оюутны төлбөрийн асуудал яг эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байна. Бид оюутны холбоотой гэрээ хэлэлцээр хийхээр ярилцаж байгаа. Энд мөн сэлгэн суултын асуудлыг нь шийдвэрлэнэ.

-Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэгүй явдаг хэвээрээ байна биз дээ?

-Эхний ээлжинд буюу 2015 оныг дуустал хуульд заасны дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настай иргэдийн тээврийн зардлыг хязгааргүй байхаар журамд тусгасан. Харин ирэх жилээс энэ журамд өөрчлөлт оруулахаар яригдаж эхэлсэн.

-Ирэх сарын 1-нээс эхлэн бэлэн мөнгөөр зорчиж байгаа иргэд 1000 төгрөг төлнө гэх мэдээлэл бий. Яагаад ингэж байгаа юм бэ?

-Энэ нь одоохондоо журам болон батлагдаагүй. Яригдаж байгаа л асуудал. Гэхдээ иргэдийг картжуулах үүднээс бэлэн мөнгөний төлбөрийн хэмжээг нэмэгдүүлж магадгүй. Харин 1000 байх уу 600 байх уу гэдгийг эцэслэн шийдвэрлээгүй байна. Хэрэв иргэд смарт карттай болчихвол нэмэгдэлтэй үнээр зорчихгүй шүү дээ.

-Кондукторууд шалгаг­чийн үүрэгтэй ажиллана гэж байгаа. Зорчигчдыг бүрэн хянах боломж бий юу?

-Кондукторуудын ажил­лах чиг үүргийг өөрчилж шалгагч болгоно. Шалгагч хоёр чиг үүрэгтэй ажиллана. Эхнийх нь жолоочид хяналт тавина. Жолооч стандартын дагуу ажил үйлчилгээгээ явуулах, бүхээг дотор тамхи татахгүй, утсаар ярихгүй байх зэрэг зөрчлийг хянана.

Автобусанд урагшаа харсан нэг, заал руу харсан гурван камер байрлуулсан учраас автобус шинэ төрлийн хяналтын хэрэгсэл болсон. Урагшаа харсан камераар замын хөдөлгөөний аюулгүй байдалд хяналт тавьж, зөрчлийг бүртгэж авна. 1200 автобусанд энэ тоноглолыг суулгасан учраас иргэдэд анхааруулж хэлэхэд цагдаа байхгүй байна гээд дүрэм зөрчих гарцгүй болсон шүү.

Учир нь автобуснууд зам дээрх бүх үйлдлийг камертаа бүртгэж, зөрчлийг цахимаар тооцдог болсон. Харин автобусан дотор үүсэх асуудлыг заал руу харсан гурван камер бичиж авна. Шалгагчийн нөгөө үүрэг бол иргэдэд тавих хяналт.

Тиймээс иргэд автобусанд ямар ч хараа хяналтгүй явж байна гэж бодож болохгүй. Камерт бичигдсэн учраас түүнийг холбогдох байгууллагад өгч хариуцлага тооцуулна.

-Оюутнуудад хөнгө­лөлтэй үйлчилдэг нийтийн тээвэр сурагчдад мөнгөөр үйлчилдэгт эцэг эхчүүд дургүйцдэг. Энэ хичээлийн жилд сурагчид бас картаар үйлчлүүлэх үү?

-Сурагчид 3000 төгрөгөөр карт аваад цэнэглээд 200 төгрөгөөр зорчино. Дэлхийн бусад орнуудын жишгийг харахад хүүхэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчдоггүй. Тухайн хамран сургах тойрогтоо өөрсдөө алхаж очдог, хэрэв алслагдсан бол тухайн сургууль хүүхдүүдийнхээ тээврийн асуудлыг өөрсдөө хариуцдаг.

Бид цаашид энэ систем рүү орох ёстой. Нийтийн тээврийн хэрэгслээр хүүхдийг хараа хяналтгүй зорчуулна гэдэг нь хүүхэд хулгайлах, дарамтлах, зодох, дээрэмдэх асууд­лууд гарахад нөлөөлдөг.

Тиймээс эцэг эхчүүд нийт­ийн тээврийн хэрэгслээр хүүхдээ хараа хяналтгүй зорчуулахгүй байх хэрэгтэй. Манайд энэ асуудлыг бодлогын хэмжээнд үндсээр нь өөрчлөх цаг болсон. Тээврийн газар ч цаашид энэ бодлогоо шахаж ажиллана.

Н.Баасандэмбэрэл


URL:

Сэтгэгдэл бичих