Блаттер: Би “цэвэрхэн” хүн
ЛОНДОН. /ВВС/. Авлигатай холбоотой дуулиан шуугианы улмаас Дэлхийн хөл бөмбөгийн холбоо буюу ФИФА-г шалгаж буй энэ үед тус холбооны ерөнхийлөгч Сепп Блаттер “ВВС” телевизэд ярилцлага өгөхдөө, “Би бол “цэвэрхэн” хүн. Хөл бөмбөг авлигад өртөөгүй” гэжээ.
1998 оноос хойш ФИФА-гийн ерөнхийлөгчөөр ажиллаж буй Блаттер энэ оны хоёрдугаар сард буюу дараагийн ерөнхийлөгч сонгогдсоны дараа ажлаа хүлээлгэн өгөх юм.
Өдгөө 79 настай тэрбээр өнгөрсөн тавдугаар сард ФИФА-гийн тэргүүнээр тав дахь удаагаа сонгогдсоноосоо хэдхэн хоногийн дараа огцрохоор шийдсэнээ зарласан билээ.
Тэрбээр, “Би ФИФА-г хамгаалахыг хүссэн учраас огцрох шийдвэр гаргасан. Би өөрөө өөрийгөө хамгаалж чадна. Надад тэгж чадах хангалттай хүч бий” гэжээ. Мөн тэрбээр, “Би юу хийсэн, юу хийгээгүйгээ сайн мэднэ. Би эрүүл саруул ухаантай байна. Би бол жирийн нэг шударга бөгөөд “цэвэрхэн” эр хүн” гэсэн байна.
Г.Доржханд
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: