Осол гаргасан машинд жирэмсэн эмэгтэй, хоёр хүүхэд зорчиж явжээ
Өнгөрсөн баасан гаригт цэргүүдийг тээвэрлэж явсан автомашин осолдож, хоёр цэрэг газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ талаар ЗХЖШ-ийн Ажиллагааны удирдлагын газрын дарга Бригадын генерал Б.Ганзоригоос зарим зүйлийг тодрууллаа.
-Маш харамсалтай хэрэг гарчээ. Гүн эмгэнэл илэрхийлж байна?
-Осол өнгөрсөн баасан гарагт буюу энэ сарын 21-ний 21:15 цагийн үед гарсан Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэр буюу “Говь ресорт” амралтын газрын эсрэг талын замд гарсан. Тухайн үед Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн хуваарьт дадлагынхаа дагуу Дугана хаданд уулын авиралтын дадлага хийгээд буцаж явсан юм. Ингэхдээ цуваа үүсгэн зургаан автомашинаар зорчиж явсан. Цувааг Зил-131 автомашин тэргүүлж явсан. Тэнд нийт 23 алба хаагч зорчиж явсанаас хоёр нь кабинд, 21 нь тэвшин дээр зорчиж явсан юм.
-Осол гарсан шалтгааны талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Эсрэг урсгалаас “Mitsubishi L-200” маркийн авто машин гүйцэж түрүүлэн, маш хурдтай гарч ирсэн. Энэ үед Цэргүүдийн цувааг толгойлж явсан Зил 131 автомашины жолооч хурдаа сааруулж, баруун тийшээ шахаж зам тавьж өгсөн.
“Mitsubishi L-200” маркийн автомашин цэргүүдийн цувааг тэргүүлж явсан Зил 131 маркийн автомашины арын дугуйг хүчтэй мөргөхөд тэнхлэг нь хугарч улмаар замын хажуу руу онхолдсон. Ослын улмаас тэвшин дээр зорчиж явсан 21 цэргийн алба хаагчийн хоёр нь газар дээрээ амиа алдаж, арав гаруй хүн хүнд, хөнгөн гэмтээд байна. Осол болсон даруйд Батлан хамгаалах Хууль сахиулагчдын нэгдсэн эмнэлгээс хоёр түргэний автомашин ослын газар руу очсон байдаг. Харин тэднийг очихоос өмнө Яаралтай түргэн тусламжийн 103 төвийн 5-6 автомашинтай эмч нарын баг ослын газар дээр ажиллаж, хохирогчдод анхан шатны тусламжийг цаг алдалгүй үзүүлж, эмнэлэг рүү зөөвөрлөх ажилллагааг хийсэн.
-Ослоор амиа алдсан алба хаагчдын тухайд?
-Ослоор амиа алдсан А нь 26 настай, ОХУ-д цэргийн эмчийн мэргэжлээр төгсөж ирээд 084 дүгээр ангид ажилд ороод удаагүй байсан. 24 настай М нь өнгөрсөн хавар Ахлагчийн сургууль төгсөөд тус ангид ажиллаж байсан.
-Гэмтсэн цэргүүдийн тухайд?
-Осолд орсон цэргүүдийн гурвынх нь биеийн байдал хүнд, Эрчимт эмчилгээний тасагт байгаад нэг нь өчигдөр тархины хагалгаанд орж, хоёр нь энгийн тасаг руу шилжсэн. Одоо Батлан хамгаалах Хууль сахиулагчдын нэгдсэн эмнэлэгт 12 алба хаагч хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд бусад нь гэрээрээ эмчлүүлж байна.
Дашрамд дуулгахад, осолтой холбогдуулан “Mitsubishi L-200″ маркийн машины жолоочид Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Тухайн үед тус автомашинд жолоочоос гадна хижээл насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүн, жирэмсэн бүсгүй, хоёр хүүхэд зорчиж явжээ. Тэдний биеийн байдал харьцангуй сайн, жирэмсэн эмэгтэй нь ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.
Б.Анир
URL: