Буруу булхайтай хууль гаргахаа болихгүй бол төрийн өндөрлөгүүдийг огцрохыг шаардан тэмцэнэ гэв

527-144038899911940355_10152999087712539_1687493790_nХуулийг завхруулан батлах явдал түгшмээр чиг хандлага болж байгаа талаар  “Нэгдсэн Монгол”-ын Ч.Мөнхбаяр, “Хохирогчдын холбоо”-ны Х.Оюунцэцэцэг, “Тусгаар тогтнолын төлөө нэгдэгсэд”-ийн О.Лхагвадорж нарын иргэний хөдөлгөөний төлөөлөгчид хэвлэлийн хурал хийлээ. Тэд ярихдаа:
- Эдийн засгийн ил тод байдлын, Өршөөлийн гэх авлигачдыг өршөөх хуулиудыг баталлаа. Эрүүгийн, Зөрчлийн гэх эрүүгийн 2 хуулийг намар батлах гэж байна. Үндсэн хуулийг харгис дарангуй болгон өөрчлөнө. Сонгуулийн нэгдсэн хууль, Улс төрийн намуудын хууль, Улс төрийн намуудын санхүүжилтийн хууль, Казиногийн хуулиуд гээд аюултай ноцтой зүйл заалтууд оруулсан хуулиудыг батлах гэж байна.
УИХ-ын хууль, УИХ-ын чуулганы дэгийн хууль, Хэвлэл мэдээллийн хуулийг дарангуй бурангуй болгон өөрчлөх гэж байна. Ард түмээн сонор сэрэмжтэй байгтун. Хуулийн туйлшрал, зандалчлалын аргаар төрийн эргэлт хийх гэж байна. Нэг өглөө сэрэхэд Монгол орон маш харгис дарангуй, ямар ч эрх чөлөөгүй болсон байх нь ээ. Монголчууд аа, эрх чөлөөнийхөө төлөө, үр хүүхэд, дотны бүхнийхээ төлөө гар гараасаа атгалцан, үзэл санаагаар нэгдэн тэмцэцгээе!
Үндсэн хуулийг танигдашгүй болтол өөрчлөн, улаан кхмерийн адил харгис нийгмийг байгуулах гэж байна. Дарга нар маань Монголыг сөнөөх бизнест улайран солиорсон бололтой. Төрийн 3 өндөрлөггүй, парламент гэсэн нэг өндөрлөгтэй болох аж. ЗГ, ерөнхийлөгч УИХ-ын л утсан хүүхэлдэй болно. Ерөнхийлөгч, ЗД нарыг ард түмэн биш, 100 хүний зөвлөл сонгоно.
Орон нутгийг Монгол улсад аль болох хамаагүй болгоно, орон нутгийн бие даасан байдал гэх бараг салан тусгаарласан байдлыг максимум хэмжээнд үүсгэнэ. Дордохын 7 өөрчлөлтийг хэвээр үлдээнэ. Парламентийн тогтвортой олонхи гээчийг хуулиар бүрдүүлнэ, ЕС-ийг барагтай бол огцордоггүй болгоно.
Компаний асуудлыг УИХ ярихгүй буюу, жишээ нь Оюутолгой, Тавантолгойг компаний асуудал гээд зөнд нь хаяна. Үндсэн хуулийг бас дагаж мөрдөх ч албагүй гэж байна, 1990-1992 онд мөрддөггүй байсан гэнэ. Энэ мэтчилэн улс үндэстэнд аюул нүүрлүүлсэн өөрчлөлтүүдийг хийх гэж байна шүү. Ард түмээн, Үндсэн хууль, тусгаар тогтнол, эрх чөлөөгөө хамгаалан тэмцэцгээе!
-  Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль нь угтаа хоюулаа эрүүгийн хууль юм. Үзэл баримтлал нь, зөрчлийг гэмт хэрэг гэж үзэж, гэмт хэрэг хийгээгүй хүнийг гэмт хэрэгтэн болгож, ял авах ёсгүй хүнийг яллаж, ард түмнээ хавтгайд нь гэмт хэрэгт холбогдуулан дарлаж хэлмэгдүүлэхэд оршиж байгаа.
Үзэл баримтлалд нь зөрчлийг цаашид гэмт хэрэг гэнэ гэж тодорхой заасан. Зөрчил, гэмт хэрэгт оногдуулах шийтгэлүүдийг ихэд чангаруулсан. Хүүхдээ загнасан ч, халтираад уначихсан ч гэмт хэрэг хийсэн гэгднэ.  Жагсах цуглах, үг хэлэх, эсэргүүцэх тэмцэх бүх эрхийг хаан боогдуулсан.
Торгууль 900 сая хүртэл төгрөг. Торгууль төлж чадахгүй бол хөрөнгийг нь хураана, албадан хөдөлмөр хийлгэнэ, Зөрчлийн шийдвэр биелүүлэх алба гэж харгис алба байгуулагдна. Тэгсэн атлаа, уран цөмийн том хэргүүдийг зөрчилд оруулж зөвхөн торгуулах болгосон байгаа юм.
Эрүүгийн хуулинд олон харгис элемент орсон. Интернет бол терроризмын зэвсэг гэж орж байгаа, интернетээр хүн, хөрөнгөд хохирол учруулахаар юм бичсэн, бичихээр завдсан, заналхийлсэн бол терроризмд тооцно гэсэн буй. Туйлшрал гэж тодорхойгүй агуулгатай, хэлмэгдүүлэх зүйл оруулж ирсэн. 20 саяас 13 тэрбум 330 сая төгрөгийн торгууль оногдуулах заалтууд бий.
Ц.Элбэгдоржийн хоригийг дэмжих ард түмний хөдөлгөөн гэж байгуулагдаж, хэвлэлийн хурал хийжээ. Өршөөлийн хуулинд авлигачдыг өршөөх зарчим орсон нь буруу, шударга хөдөлгөөнийхөн, намынхан үүнийг эсэргүүцэж үр дүнд хүрсэн. Авлигачдыг өршөөх зарчмыг цаашид ч эсэргүүцнэ.Гэхдээ Өршөөлийн хуулиар хэт шоудан, бусад хурц асуудлуудыг замхруулж байгаа нь буруу юм.
Ард түмнээ бүхэлд нь гэмт хэрэгтэн болгож, хуулийн геноцид хийхээр бэлтгэж, их хэлмэгдүүлэлт, хунт, хунвэйбин, ГУЛаг, Пол Потыг Монголд авчрах гэж байгааг ард нийтээрээ эсэргүүцье!
Өршөөлийн, Эдийн засгийн ил тод байдлын хууль (ЭЗИТБХ) гээд мөн чанартаа хоёр өршөөлийн хууль гарсан. ЭЗИТБХ бол жинхэнэ авлигачдыг өршөөх хууль юм. Нуусан хөрөнгөө ил тод болговол хуулийн хариуцлагаас чөлөөлнө гэх зэрэг авлигачдад нэн таатай олон зүйл заалт энэ хуулинд бий. Гэтэл энэ хуулийн асуудлыг эрх баригчид худал хэрүүл хийж өнгөлөн далдаллаа.
ЭЗИТБХ-ийн талаар, юу ч дуугараагүй байж, Өршөөлийн хуулиар Н.Энхбаяр өршөөгдөх гээд байна гэж баахан дуулиан дэгдээснээр ЭЗИТБХ олон нийтийн хараа хяналтад хангалттай өртсөнгүй. Нэг хүн л ардын баатар болж шүтүүлэх шив. Н.Энхбаяр Өршөөлийн хуулиар өршөөгдөх үндэслэл байхгүй юм. Хоригдож байгаа бус, шалгагдаж байгаа хүнийг өршөөхгүй.
Хавтгайруулан өршөөх ч сайн зүйл биш. Нийгэм эрүүжиж, гэмт хэрэг өсөхөөс биш, эерэг зүйл болж байгаагүй. Хохирогч тал, шударга ёс, хууль эрхзүйг үл ойшоосон хэрэг. Өршөөлийн хуулиар Ц.Мөнхбаяр нар өршөөгднө гэсэн баттай мэдээ алга байна. Хэдийгээр ерөнхийлөгч хэсэгчилсэн хориг тавьсан ч, хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагджээ.
Авлигачдыг өршөөхгүй гэдэг дээр ард түмэн санал нэг байгаа. Гэвч чухам тэднийг яаж ийгээд өршөөгөөд байх жишиг тогтлоо. Хууль эрхзүй ч үл бүтэх этгээдүүдийн хуруу гарын үзүүрийн тоглоом наадам болох нь ээ.
 -  Хулгайч хулиудыг хумья ! Зандалчин хуулиудыг зайлуулъя! Туйлшрагч хуулиудыг тууштай эсэргүүцье! Дарангуй хуулиудыг дарцгаая, ард түмээн, анд найз, ахан дүүс ээ! гэж тэд уриаллаа.
Хэрэв буруу булхайтай, генийн өөрчлөлттэй хуулиудыг үйлдвэрлэхээ зогсоохгүй бол УИХ, ЗГ-ыг тарах, огцрох, үүргээ хангалттай биелүүлээгүй ерөнхийлөгчийг мөн огцрохыг шаардан тэмцнэ гэдгээ тэд илэрхийлээ.

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих