Н.Энхбаяраар туслуулаад ч сайд нараа томилж чаддаггүй ээ
УИХ-ын дарга З.Энхболд ээлжит бус чуулганыг хаахдаа Ерөнхийлөгчийг өршөөлийн хуульд хориг тавихаар бас Засгийн газрын орон гарсан зургаан сайдын суудалд нэр дэвшигчдийн асуудлыг өргөн барихаар дахин ээлжит бус чуулган зарлана гэсэн.
Түүнээс хойш 20-оод хоног өнгөрсөн ч ээлжит бус чуулган зарлагдаагүй л байна. Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Өршөөлийн тухай хуульд хэсэгчлэн хориг тавиад байгаа ч ээлжит бус чуулганыг зарлаагүй байгаа.
Учир нь сайд нарын нэрс тодроогүй байгаа билээ. Ерөнхий сайдыг өнөөдөр, маргааш сайд нарын нэрсийг өргөн барина гэсээр ийн удлаа.
Сайдад нэр дэвшиж буй хүмүүсийн тухай мэдээллүүдийг сонсохоор АН, “Шударга ёс” эвсэлтэй болон дотроо тохиролцож чадахгүй байгаа нь харагдсаар байна.
Н.Энхбаяр УИХ-ын ээлжит бус чуулганаар Өршөөлийн хууль батлагдаж улмаар МАН-ын зургаан сайдыг огцруулмагц Монголд ирсэн. Тэгэхдээ мань хүн “Би Монголчууддаа, Засгийн газарт зургаан сайдыг нь томилоход туслахаар ирлээ” хэмээн мэдэгдсэн.
Түүний “салхилалт” үргэлжилсээр л. Энэ хооронд Н.Энхбаяр эвсэлд нь хоёр сайдын суудал оноох гэж байсан АН-аас гурван сайдын суудлыг нь авахаар болсон төдийгүй, дөрөвдэхийг нь нэхэж сандаргасан.
АН-ынхан Н.Энхбаяртай арайхийж учраа олсон АН-ынхан өнгөрсөн пүрэв, баасан гаригт сайд нарынхаа нэрсийг өргөн барьчих боломжтой байсан ч фракцууд нь сайд дээрээ тохиролцоогүйгээс өнөөдөр хүрч ирлээ. Улстөрийн хүрээнийхэн өнөөдөртөө багтаан сайд нарын нэрийг УИХ-д өргөн мэдүүлэх сураг байгаа тухай өгүүлж байна.
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс санал болгосон хоёр нэр дэвшигчтэй хамтран ажиллах боломжгүйгээ Засгийн газрын илэрхийлсэн хэмээсэн. Сангийн сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Зам тээврийн сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нартай хамтран ажиллах боломжгүйгээ илэрхийлсэн гэх.
Харин Ерөнхий сайд тэдний оронд УИХ-ын гишүүн Г.Батхүүг Зам тээврийн сайдад, харин Төсвийн байнгын хорооны дарга Б.Болорыг Сангийн сайдад нэр дэвшүүлж мэдэх юм байх. Үүнтэй холбоотойгоор Г.Батхүүг сайд болгохыг эсэргүүцэх хүн маш олон байна.
Мөн өөрийн МоАХ фракцийн квотыг бусдад алдахгүйн тулд “Жэнко” хэмээх Х.Баттулга яс үзэж байгаа тухай ч сураг байна. Түүний фракцаас сайдад нэр дэвшигч Л.Эрдэнэчимэг Шийдлийн Засгийн газрын гол ажил Тавантолгойн төслийг нураасандаа баяртай яваагаа илэрхийлсэнд Ерөнхий сайд дургүй байх нь тодорхой.
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл гурван сайдад хүнээ нэр дэвшүүлэх ёстой ч мөн л нэгдсэн тохиролцоонд хүрч чадахгүй байгаа гэнэ.
Шударга ёс эвслийн бүлгийн дарга МҮАН-ын Н.Батцэрэг Шадар сайдад нэр дэвших сонирхолтой ч МАХН-ынхан намдаа элсэх саналыг тавьсан гэх. Тэр уг саналыг зөвшөөрвөл З.Баянсэлэнгэ гишүүн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад нэр дэвших бол Ц.Оюунбаатар гишүүн Барилга хот байгуулалтын яаманд очихоор болж.
Эдгээр тохироо хэрэгжвэл өнөөдөр асуудлыг өргөн барих бололтой. Тэгэхээр Н.Энхбаяр туслах гэж ирсэн биш дахиад л бужигнуулаад самраад хаяв бололтой.
Г.Самбаа
gereg.mn
URL: