Монгол эдийн засгийн “хөгжилтэй” орон
Саяхны хэвлэлд гарсан “Арав орчим тэрбум төгрөгийн арьс Эмээлтэд хураалттай байна” гэх ярилцлагыг уншаад өөрийн эрхгүй арьс ширний салбарын талаар бодомжоо сэргээж, ойлголтоо цэгцэлмээр санагдлаа.
1995 онд хуучнаар Том ширний үйлдвэрийн хувьцаа эзэмшигчид, ажилчдын хурлаар Булигаар ХК-ийн анхны ТУЗ-ийн даргаар сонгогдож билээ. Чухам энэ сонгуульт ажил намайг зах зээлийн эдийн засгийн тухай овоо мэдлэгтэй багш хэмээн өөрийгөө дотроо дөвийлгөж явах үед эдийн засагт баялаг бүтээх нь тийм ч хялбар биш ойлголт болохыг ухааруупсан юм.
Энэ үед малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн тээвэр логистик тогтолцоо задраад эхэлсэн. Хан-Уул дүүргийн бараг бүх үйлдвэрүүд бөмбөгдүүлсэн нуранги мэт болж, ажилчдаа ганзаганд явуулаад үүдээ хаасан. Улстөрчдийн ”… хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна. … удахгүй өмч хувьчлалын хоёр дахь давалгаа үнэт цаасны бэлэн мөнгөний арилжаа эхэлнэ… Мал ардын аж ахуйтнуудад очлоо…” гэсэн шаазгай мэдээ хөвөрсөн. Ёстой л хөнжилдөө унтах завгүй, хөгжил бодох сэхэлгүй, хоосон хонох энүүхэнд, түмэн олон аандаа цэгцэрнэ биз дээ гэсэн бодлоор бужигнаж байсан.
Үйлдвэрүүд өрийн хэлхээсэнд орсон, эргэлтийн хөрөнгийн эх үүсвэр, зээл мөнгө хайсан ийм үед Италийн зах зээлд арьс шир экспортлохоор “Булигаар” ХК тухайн үедээ Ази тивдээ томд тооцогдох хүчин чадалтай, италийн техник, Тоног төхөөрөмж суурилуулж байлаа. Түүнээс хойш 10 жил өнгөрч, 10 Засгийн газрын бодлого хэрэгжсэн ч “Булигаар” ХК хүчин чадлаа ч бүрэн ашиглаж чадаагүй, түүхий эд, үйлдвэрлэл, борлуулалт, түгээлтийн тогтолцоогоо ч жигдрүүлж чадахгүй, амь төдий л ажиллаж байна. Яагаад. Юунаас болов?
“Булигаар” ХК-ийн Италийн өрийн дарамтаас Монгол банкийг чөлөөлсөн хувьцаа эзэмшигч үү. Малаа 60 сая хүргэсэн атлаа үйлдвэрт малын арьсаа зарж урамшууллаа авахаа ойлгохгүй байгаа малчид уу. Таван тэрбум төгрөгийн үнэ хүрэхгүй түүхий эдийг зувчуулан хоохойлохдоо арван тэрбум гэж хөөсрүүлэх ченжүүд үү. Регистр, гар утастайгаа Засгийн газартаа бүртгүүлсэн түүхий эдийн төлөөлөгч 2500 гаруй хүнийг ажиллуулж чадахгүй байгаа Арьс шир үйлдвэрлэгчдийн холбооныхон уу.
“Арьс ширийг дотооддоо гүйцэд боловсруулан түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгчдийг дэмжихэд 140 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг олгох”, “Үндэсний үйлдвэрт түүхий эдээ тушаасан малчинд урамшуулал олгох” тогтоол гаргаж хэрэгжүүлж амждаггүй УИХ, Засгийн газар уу. (УИХ-ын 2012 оны 74, Засгийн газрын 2013 оны 300, 48, 394, Засгийн газрын 2014 оны 330, 198, 217-р тогтоолууд)
Арьс, шир боловсруулах, ноос угаах үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн ус зайлуулах сүлжээний амсар дээрх крант мэт суусан монопол эрхтэй “Харгиа” хэмээх нийслэлийн өмчийн үйлдвэрийнхээ учгийг тайлдаггүй хотын удирдлагууд уу.
Хүнсэнд хэрэглэсэн малын тоо 10 сая, бэлтгэж нийлүүлсэн арьс шир 9,3 сая гээд 0,7 сая арьсгүй мал хэрэглэсэн мэт мэдээ гаргадаг Үндэсний статистикийн хороо юу. Арьс ширний үйлдвэрийнхэнд газар өгөх шийдвэр гаргаад өгч чаддаггүй Улаанбаатарын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал уу.
Эдгээр асуултын хариулт нь нэг л цул нийгэм, эдийн засгийн систем мөртлөө өөр өөрийн ашиг сонирхлыг улайран, удирдан зохицуулах, хэрэгжүүлэх, биелүүлэх үүрэг хариуцлагаа мартдаг хоорондоо сайдаж муудалцаад байгаа арьс ширний зах зээлийн тоглогнид юм. Яг л эвлүүлж чадахгүй байгаа олон өнгөтэй Рубикийн кувик (шоо) шиг. Хөгжилтэй ч юмуу даа.
Монгол Улсад нэг жилд бэлтгэн нийлүүлдэг 650 мянган ширхэг адуу үхрийн ширнээс хоёр дахин их адууны ширийг үхэр, хонь, ямааны арьстай зэрэгцүүлэн боловсруулах хүчин чадалтай Дархан нэхий, Мон-Ит Булигаар, Монгол шевро, Их Эргэлт, Мон Ирээдүй, Их Асар, Шандаст аргамаг зэрэг үйлдвэрүүд (зөвхөн өдөрт 4700 ширхэг, жилд 1,2 сая ширхэг адууны арьс боловсруулах хүчин чадалтай) технологийн шинэчлэл хийчихсэн байна.
Өнгөрсөн 2014 онд өссөн дүнгээр өөрөөр хэлбэл урд оны үлдэгдэлтэй хамт 529 мянган ширхэг үхрийн шир боловсруулсан байдаг. Энэ арьснаас 405 мянган ширхэг нь хагас боловсруулагдан экспортлогдсон бол 124 мянган ширхэг нь эцсийн бүтээгдэхүүн болж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болж хэрэглэгчдэд хүрчээ.
Гэтэл дэлхийн зах зээл дээр боловсруулсан адуу, үхрийн шир ангиллаасаа хамаарч ширхэг нь 180-425 ам.доллар байдагтай харьцуулбал дээрх хагас боловсруулсан арьсны экспортын орлого маш бага тоо. Засгийн газар 2014 онд арьс ширний үйлдвэрлэгчдийн 37 төсөлд 80 тэрбум төгрөгийн зээл өгч, арьс ширээ үйлдвэрт өгсөн малчдад урамшуулалд гурван тэрбум төгрөг олгосон байдаг.
Харин Хятад худалдаачдын гар хөл болсон гаалийн бүрдүүлэлтийн зуучлагчид адууны нэг ширэнд 10 ам.доллар, үхрийн нэг ширэнд 16 ам.долларын үнийн таазаар даруулаад, юань төгрөгийн ханшид уягдан, шахааны эргэлтийн хоёр ам.долларын ашгийн төлөө улайрна. Түүхий эдийн ченжүүд малчдад найз үнэг мэт, үйлдвэрлэгчдэд өндөр үнэ хэлсэн чоно мэт аашилна.
Өндөр үнэ хэлэх нь ч аргагүй юм. Дэлхийн зах зээлд зургаан ангиллаар зөв давсалж бэлтгэсэн арьс нэг кг нь 45 ам.доллар болохоор аргагүй биз ээ. Харин засаг төрд бол та нар үндсэн хууль зөрчлөө хэмээн ардчилал ярьсан бар болно. 2000 оноос хойш БНХАУ-ын хорио цээр чанарын алба нь монголын мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээгээр хүлээн зөвшөөрсөн арьсыг хилээрээ оруулдаг.
Тэдний хил давуулсан арьс нэгэнт малын гаралтай тул уг арьсны чанар хичнээн муудсан ч байсан органик химийн аргаар хүүхдүүдийн идэх дуртай резинен чихэр үйлдвэрлэхээ Хятадын үйлдвэрлэгч нар мэддэг л юм. Үнэхээр арьсаар зөвхөн савхи, гутал, цүнх, бүс хийдэг юм биш желатин хэмээх чихрээс эхлээд коллаген хэмээх уурагт бодисыг гаргаж гоо сайхны маш олон бүтээгдэхүүн хийдэг.
Өнөөдөр бид арьс ширний салбарт нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тогтолцоогоо бүрдүүлж чадахгүй байгаагаас хамгийн багадаа жил бүр хоёр тэрбум ам.долларын борлуулалтын орлого олох боломжоо алдаж байна. Мөн ч инээдтэй байна. Монгол Улс үнэхээр эдийн засгийн “хөгжилтэй”орон юм.
Удирдлагын Академийн Профессор, Доктор М.Мөнхболд
URL: