Өшөөг өшөөгөөр тайлдаггүй Өшөөг ӨРШӨӨЛӨӨР тайлдаг
Энэ цаг үед бидний санаж сэрэх, сэрэх санах нэгэн гэгээн захиасыг бид их мартаад байх шиг байна. “Бидний улс эв саналаа нэгтгэж нийт нэгэн хүчийг нийлүүлж нэгэн зэрэг зориглон хөдөлбөөс үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй чадахгүй хэмээх зүйл огт үгүй болж цэнгэлийн манлайд хүрч болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ”… Энэ үг жанжин Д.Сүхбаатарын захиас, гэрээс. Энэ орны элэг зүрх болсон энэ алга дарамхан газар, туг сүлд, тусгаар тогтнолын минь бэлгэ тэмдэг биш билүү.
Гэтэл бид нар морьтой хөшөөнөөс нь жийрхэж, Монголын зүрхэн талбайг Чингисийн нэртэй болгож ингэснээрээ эв нэгдлийг бус эвдрэлийн үүдийг нээж байна. Энэ бүхний хариуцлагыг зөвхөн Өршөөлийн хууль цагаатгахгүй. Бид өнгөрснөө мартаж болохгүй. Эв нэгдлийн тухай цагийн цагт сануулсаар байгаа нь жанжны гэрээстэй холбогдоно.
Энэ үгийг мартаж болохгүй шиг энэ хүнийг мартаж болохгүй. Өнөөдөр бидэнд эв нэгдлийн тухай сануулан буй нь Өршөөлийн хууль гарахын үндэс суурь болсон гэж бодно.
Бидний амьдарч буй нийгэмд бие биеэ барьж идэх нь холгүй үйл явдлууд ар араасаа цувран гарах боллоо. Хүн чанар ингэтлээ муудав уу, хүсэл зориг нь ингэтлээ дийлэв үү гэдгийг ухаарахад бэрх. Ойрын хэдэн өдөр монголчууд гурав хуваагдан чи, бидээ тулчихсан үзэлцэж байх юм. Ийн хуваах болсон “дайн” нь Өршөөлийн хууль.
Өнөөдөр дэлхий дээр тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж, оршин тогтнож буй улс гүрэн бүхэн Өршөөлийн хууль баталдаг нь нэгэнт тогтсон жишиг. УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэн баталсан эл Өршөөлийн хууль Ерөнхийлөгчөөсөө авахуулаад жирийн иргэн, энгийн гэр бүлийг хүртэл хоёр хуваагдахад хүргэсэн.
Цөөхөн монголчууд бид ингэтлээ доройтоогүй байлтай. Алдсан нэгнээ түлхэж унагадаг, асгасан нэгийгээ дэгээдэж орхидог ийм авиртай хүмүүс бол бид биш. Өршөөлийн хуулийн хүрээнд 3000 гаруй хүн хамрагдаж байгаа. Энэ 3000 хүн ч гэсэн ар гэртэй, үр хүүхэдтэй, аав ээжтэй л байж таарна.
Нэг ч гэсэн айл элэг бүтэн амьдрах нь өнөөдрийн харласан нийгмийн гэрэл гэгээ юм даа. Ийм байтал эрхэм Ерөнхийлөгч маань дээрх хуульд хэсэгчлэн хориг тавьчихлаа. Түүний тавьсан эл хориг ганцхан хүнд хаягласан мэт харагдах нь эмгэнэлтэй. Үндсэн хуулиндаа “Монгол Улсын Ерөнхийлөгч бүх ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг байна” гээд заачихсан байдаг.
Гэтэл мань Ерөнхийлөгч прокурорын байгууллагын ой дээр ганцхан хүнд хаяглан ярьж, ганцхан хүнд зориулан үг хэлж байгааг юу гэж ойлгох вэ. Чингис хаандаа монголын ард түмэн хайртай. Гэхдээ үхсэн хүнийг үхсэн хүнээр нь цохиж унагахыг гэж хэлцдэг. Жудаггүй тал Ардчилсан намд тод харагдаж, торойн тодордог боллоо.
Энэ намын хэл нь “Баабар”, хөл нь “Фортуна”, гар нь Г.Баярсайхан болж хувирав. Нэгэнтээ Солийн Данзан “Нам гэдэг нам нийлж, сэм хуйвалдахыг хэлнэ” гэжээ. Тухайн үеийн цаг өөр! Хувьсгал гэдэг өөрчлөхийн нэр. Ардчилсан намд ард түмэн итгэж ядан байхад энэхүү 2015 он, ялангуяа прокурорын байгууллагын 85 жилийн ойд Ерөнхийлөгчийн хэлсэн үг “арай ч дээ” гэх сэтгэгдэл төрүүлэх шиг боллоо.
Ард түмний сонгосон Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, ард түмний нэг Намбарын Энхбаярыг чадах ядахаараа “доош” нь хийв. Монголын улс төр ингэтлээ ядуурсан юм байна. Өнөө эв нэгдлийн бэлгэ тэмдэг яалаа! Өөрөө эвдрэл, сүйрлийн бэлгэ тэмдэг болоод зогсож байгаа юм биш үү. Ийм өрөвдмөөр Ерөнхийлөгчтэй байж үзээгүй санагдана.
П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж… Хамгийн “муу” Ерөнхийлөгчийн үед бид амьдарч, ажиллаж, хөдөлмөрлөн шүлгээ бичиж яваа санжээ. Их өш хонзон… Их атаа хорсол түүний үгнээс сонсдож, үнэртэж байлаа. Улсын Ерөнхийлөгч ингэж өөрийн уур хилэнгээ улс орон даяар цацаж болдог юм уу?
Өнөө эв нэгдлийг эрхэмлэх яалаа! Өнөөдрийн монголчуудын гурав хуваагдах болсон шалтгаан түүний үгнээс ч болсон байж болзошгүй. Авлига, авлига л гэнэ. Авсан хэд нь ил болсон болохоос ард, урдуур нь хичнээн хүн төрийн мөнгөнд гараа дүрж байгааг ард түмэн мэдэхгүй.
Амьдрал үргэлжилж л байгаа хойно хүн алдаж л таарна. Алдсан дээр нь дэвсээд, асгасан дээр нь алгадаад байвал энэ хүний ёс биш. Хүн хүнээ өршөөх нь хүнлэг ёсны хэрэг. Бүр товчоор хэлбэл, өнөөдрийн Өршөөлийн хууль ерөөл ч байж мэднэ.
Нэгэн цагт Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө амь хайргүй зүтгэж асан Догсомын Бодоо “Өшөөг өшөөгөөр тайлдаггүй. Өшөөг өршөөлөөр тайлдаг” хэмээн хэлсэн нь бий. Монголын төр алдсан иргэдээ өршөөж байгаа нь нэг талаараа эцгийн энэрэл харуулж, нөгөө талаараа эхийн хайрыг үзүүлж байгаа хэрэг.
Төр гэдэг аав шиг түшигтэй, ээж шиг энэрэнгүй байх учиртай. Иймээс л төр хайр хишгээ ард түмэндээ түгээж Өршөөлийн хууль баталсныг олон түмэн талархан хүлээж авсан. Сар болгон “хэцүү нэрт”-эд байгаа хүүгээ, охиноо эргэх хичнээн ээж сэтгэлээ чилээдэг бол… Цаашлаад “хэцүү нэрт”-эд байгаа аав, ээж рүүгээ тэмүүлэх хичнээн хүүхдийн сэтгэлийг дэвтээх болоо, энэ Өршөөлийн хууль.
Алдсанаа засаж, залруулах боломж олгох нь муу хэрэг биш. Харин өршөөлд хамрагдаж суллагдсан хүмүүс төрийнхөө өр рүү өшиглөхгүй л байх хэрэгтэй. Хайрыг нь дааж, хүн шиг амьдарч ачийг нь хариулах ёстой. Энэ бол хүн ёсны жудаг юм. Ийм л учраас эрхэм Ерөнхийлөгч өө, Таны ээж нэгэнтээ “Салхи ордоггүй жалга, сайн муу хэлүүлдэггүй хүн гэж хаана байсан юм бэ” гээд духан дээр чинь үнсэж байж билээ.
Эл үгийг санаж эрхэм “сайн” Ерөнхийлөгч байхыг гуйя. Уран зохиол хүнийг хүн болгодгийг та бид хоёр мэдэхийн дээдээр мэднэ. Харин улс төр хүнийг чоно болгодгийн үлгэрийг үзүүлж битгий л түүхэнд үлдээрэй. Адилхан л шүлэг бичиж, нэгэн багшийн шавь /П.Бадарч/ явсны хувьд эрхэмлэн гуйж, эрдэнэлэн залбирч байнам. Зүрхэн улаан алган дотроо зөв үнэнийг л хурааж залбирдаг бурхан бидэнд бий.
Би Таны төлөө залбирья!
Та бусдын төлөө залбираарай!
Өршөөлийн хууль монголчууд бидэнд хэрэгтэй.Монгол Улсын ухаантай төрийн зүтгэлтэн Агданбуугийн Амар нэгэнтээ “Монгол төр зүтгэсэн хүндээ хатуу” гэж хэлсэн. Энэ үг хэзээ нэгэн цагт санаа сэтгэлд мартагдалгүй оршсоор байдаг нь энэ цагийн зарлигт ч гэсэн цуурай мэт сонсогдсоор байна. Түмэн олон төрийн төлөө байдаг.
Төр өөрөө түмний төлөөл байх цаг шүү дээ!
Дамбын ТӨРБАТ
/Төрийн шагналт,
Соёлын гавьяат зүтгэлтэн/
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Үнэн л юм бичиж дээ. Ухаан гэж.
үнэн ш дээ прокурорын байгууллагын 85-н жилийн ойн баяр дээр эрхэм ерөнхийлөгч маань юу ярьсаныг үзсэн үү.
үнэн ш дээ прокурорын байгууллагын 85-н жилийн ойн баяр дээр эрхэм ерөнхийлөгч маань юу ярьсаныг үзсэн үү.