Хуулийн салбар газар доогуур орсон нь
Шударга хүмүүс шударга засгийг бий болгоно гэж эрдэмтэн багш Б. Чимид хэлдэг, бичдэг байсан билээ. Багшийг таалал төгссөнөөс хойш улс орны төрт ёсны оршин байхуйд илт хуурамч “хуульчлал” өрнөхүйд уг “гуульчлал”-ын талаар бодитой, мөн сонсголонтой, чигч, жинтэй үгс, шүүмж бараг сонсогдохгүй болов.
Хаа нэгтээ хуульч нар өөр өөрийн дүгнэлт, шүүмжийг олон түмэнд хүргэх боловч, гагцхүү ямар нэгэн улс төрийн олсны үзүүрийн тээг, утасны гогцоо цаана нь байгаа мэтээр олон түмэнд үл ойшоогдоно.
Хуулийн засаглалын талаар, эрх зүйт ёсны талаар хүн бүрт ойлгуулах гээд барахгүй нь мэдээж. Гэлээ гэхдээ МОНГОЛ УЛС БОЛ ТУСГААР ТОГТНОСОН, БҮРЭН ЭРХТ, БҮГД НАЙРАМДАХ УЛС МӨН гэдэг үндэсний язгуур эрх ашгийг иргэн бүр ойлгож, ухамсарласан байх ёстой.
Бидний язгуур эрх ашиг хуулиар хамгаалагдах байтал хэдэнтээ гуулиар гогцоодуулав. Хуулийн салбар бүрт “эрх зүйн шинэчлэл” хэмээх туган дор хэн нэгний “Зураг шиг охидыг тэрэг шиг дайрч Зуурдхан мандсан залуу нас” шиг “шинэтгэл” хийгдээд өнгөрөв.
Сайд нь авилгалын гэмт хэргийг олон нийтэд танилцуулдаг, цолоо хураалгасан болоод гэнэт хурандаа болсон цагдаа нар, цагдаагийн форм, тагнуул ба авилгатай тэмцэх газрын тулаан, гэнэт америкжсан салбар байгууллагуудын тогтолцоо, хуулиа батлахдаа гадны орноос санал авах хэлэлцээр, хууль зүйн дөнгөж өндийж байсан хүрээлэнг байхгүйтэй адил болгосон гээд бөөн шүүмж, бөөн мөнгө.
Бөөн шүүмж, бөөн бохир, бохирын араас нь бөгсийг нь арчих баахан ретро-шинэтгэл хийгдэж байна. Хийхээс өөр аргагүй. Харамсал.
Монгол Улсад хуулийн бодлогыг мэргэжлийн баг биш, ганцхан сайд тодорхойлдог нь эндээс харагдсан. Гэхдээ шунхан улаан залуу насны эрчээр хуулийн салбарыг шувууны сүүдэр шиг дайраад өнгөрөхөд нь амаа хамхин дуугай суучихаад, араас нь бөөн уур уцаар бухимдал болж байгаа хэсэг бол үнэндээ эмгэнэл.
Хэн нэгэн хүлээн зөвшөөрөгдсөн, хэнд ч үл бууж өгөх, улс төрчдийн өмнөөс эгц харж чадах, чигч, мэдлэгтэй тийм нэгэн хүний орон зай хуулийн салбарт хэрэгтэй байна.
Өнөөдөр юу болж байна вэ? Өршөөлийн хууль гарав. Мэдээллийн хэрэгслээр явж байгаа цагаан захтаны гэмт хэргийг энэ хуульд үнэхээр оруулсан бол дэндүү өргөн хүрээтэй үйлчлэх хууль үнэхээр мөн юм. Тусгаар улсыг тэр чигт нь доош хийж, хуулийн салбарынхан гэлтгүй, бүх ард түмнээ нулимсанаас өөрцгүй.
Прокурорын байгууллагын 85 жилийн ойн хурал дээр ерөнхийлөгч Ц. Элбэгдорж хуучин ерөнхийлөгч Н. Энхбаярыг бут авлаа гэж гадуур баахан шуугиж байна. Очиж, очиж прокурорын байгууллагын ой дээр улс төрийн илтгэлээ тавьж, нийт илтгэлийнх нь дийлэнхи хувь нь өршөөл үзүүлэх тухай хуулийн тухай, түүнийг дийлэнхи хувийг Н. Энхбаяр руу чиглэсэн гэх мэтээр хуулийнхан дургүйлхэж байна.
Манай прокуроруудын зарим нэг нь ч БИ ЭЛБЭГДОРЖ ерөнхийлөгчийн үгийг сонсоод алга ташиж байгааг нь сонсоход бас л жаахан тиймхэн харагдана лээ. Ерөнхийлөгч зүгээр л баярын мэндчилгээгээ хэлэхгүй улам хальж, уран яруугаар улс төр ярьсан нь манай прокурорынхоныг хэт дор үнэлсэнтэй нь холбоотой.
Хуулийн байгууллагыг улс төржүүлсэн нь үнэн. Улс төржүүлж болохгүй салбар бол хуулийн салбар.
Миний санахын 12 шүүгчийг манай одоогийн ерөнхийлөгч хууль бусаар ажлаас нь чөлөөлсөн. Шүүгчийн албан тушаал дээр ажиллаж буй хуульчийг Ерөнхийлөгч ийнхүү хууль бусаар чөлөөлсөн нь Үндсэн хуулийн маргаан юм.
Харин уг шүүгч байсан хуульч нар өөрсдийн эрхийг хамгаалахаар шүүх, Цэцэд хандахад одоо болтол уг маргааныг шийдэх эзэн бие олдоогүй байгаа тухай мэдээлж байна. Гэтэл энэ хэрэг нь Marbury v. Madison-ий 1803 оны алдарт хэрэгтэй шүүхийн харъяаллынхаа хувьд төсөөтэй хэрэг юм.
Үндсэн хууль зөрчсөн Ерөнхийлөгчийн томилгоо нь Үндсэн хуулийн шүүхийн харъяалалд байна гэдэг нь хэнд ч ойлгомжтой, Үндсэн хуулийн процессын хичээлийн А үсэг билээ.
Хуулийн салбарт шинэ сайд ирэх сураг байна. Үнэн худлыг нь бүү мэд. Угаасаа манай улсад арай үгүй байлгүй дээ гэмээр мэдээ олон нийтийн дунд явж байснаа гэнэт үнэн болж хувирдаг тул шинэ сайд томилогдож ч мэдэх юм.
Тэр шинэ сайд ирнэ, тэгээд шунхан улаан залуу насны эрчээр хуулийн салбарыг шувууны сүүдэр шиг дайрч өнгөрөөд ирэх жилийн сонгуулиар мандан бадралын оройд хүрэхээр тэмүүлэхийг хэн мэдлээ. Сэлэмтэй, сэхүүн, оймсонд чирэгдээд орж ирсэн, олонд яаж гоё харагдах вэ? гээд өөрөө оймс өмсдөг хүн болох гээд дайрвал энэ хуулийн салбар газар доогуур орох нь.
Эдийн засгаа газар доогуур хийгээд авлаа. Хуулийн салбараа газар доогуур хийгээд авлаа. Одоо энэ төрд юуг газар доогуур хийх дутуу вэ? Үлдсэн юм байна уу?
Хуульч Б. Гүнбилэг
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
90 оноос хойш бух яам агентлагууд улс торжилтэд ортоод дуссан шуу дээ.эруул газар байхгуй.нуудэлчин монголчууд юм бусниулж чаддаг шинээр юм бутээх чадваргуй улсууд гэсэн бодол суулийн уед толгойноос гархаа болисон,улсын чухал салбар болох гадаад харилцаа,батлан хамгаалах,тагнуул,шуух,цагдаа,прокурор,эруул мэндийн салбар гээд цааш нэрлээд байж болно.уунд гадны нолоо байдаг юм у эсвэл монголчууд оорсдоо буруутай буу мэд.тэгэхдээ нийгэм туйлдаа доройтож шинэ огцом эргэлтийг хулээж байх шиг