Засаг бүрдүүлэх бүлгүүд тохиролцоонд хүрчээ
Шийдлийн засгийн газарт хамтарч байсан МАН-ын зургаан сайд огцорч, нөхөн томилгооны асуудал багагүй хугацаанд хүлээлгэсний эцэст сая нэг шийдэлд хүрчээ.
Ингэхдээ дөрвөн яамыг авна гэж байсан АН Сангийн сайд, Зам тээврийн сайд, Хөдөлмөрийн сайдыг томилох болж гурван яам дээр тогтож байна. Харин “Шударга ёс” эвсэл Шадар сайд, Барилга хот байгуулалтын сайд, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуучлалын сайдыг тус тус томилно гэсэн тохиролцоонд хүрчээ.
Өчигдөр болсон АН-ын бүлгийн хуралдаанаар АН-аас нэр дэвших сайдуудын нэрийг Ерөнхий сайдаар шийдүүлэхээр болсон байна. Ингээд “Шударга ёс” эвслийн саналыг нэгтгэн Засгийн газрын гишүүнийг томилох тухай тогтоолын төслөө УИХ-д яаралтай өргөн мэдүүлэхийг Ерөнхий сайдад үүрэг болгожээ.
Засгийн газраас сайдуудын нэрийг УИХ-д өргөн мэдүүлсний дараа ээлжит бус чуулганы товыг зарлах учир ээлжит бус чуулган хэзээ хуралдах нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс хамааралтай болоод байна. Харин ээлжит бус чуулган зарласнаас хойш ажлын 10 хоногт багтаан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцдэг хуулийн заалттай.
Гэхдээ түүний хоригийг УИХ-ын гишүүд хүлээн авах эсэх нь эргэлзээтэй юм. Хэрэв Ерөнхийлөгчийн хоригийг хуралдаанд оролцож буй гишүүдийн гуравны хоёр буюу 66 гишүүн хүлээн авсан нөхцөлд хуульд нэмэлт өөрчлөлт орох боломжтой болох юм байна.
URL: