Онц ноцтой хүн амины хэрэг гарлаа
Гэмт этгээдийг эрэн сурвалжилж байна
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суудаг өндөр настай эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарчээ. Албаны эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр “Гэртээ ганцаараа амьдардаг, 70 настай эмэгтэй ор сураггүй алга болчихлоо. Гэрт нь нохой хуцаад байна” гэсэн дуудлага Цагдаагийн байгууллагад энэ сарын 18-ны өдөр ирсэн байна. Үүний дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн дуудлага өгсөн газар очиход 70 настай эмэгтэйг онц хэрцийгээр буюу хоолойг нь хэрчиж хөнөөгөөд, эд зүйлсийг нь аваад явсан байжээ.
Цагдаа нарын үзэж байгаагаар, гэмт этгээд тус хэргийг шунахайн сэдэлтэйгээр үйлдсэн нь тодорхой байгаа аж. Хэргийн газар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нар ажиллаж, хэд хэдэн хүний гарын хээг олоод байгаа юм байна. Хэргийг илрүүлэхээр УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг сэжигтэнийг эрэн хайж байгаа ажээ. Одоогоор гэмт этгээдийг эцэслэн тогтоогоогүй байгаа бөгөөд эрэн сурвалжилж байгаа юм байна.
Н.Гэрэл
URL: