Хуурамч дугаартай тээврийн хэрэгсэл жолоодвол 960 мянгаар торгоно

527-14400566689edb296c6d6ed34d5159951d1fa70737_LИрэх сарын 1-нээс тээврийн хэрэгслийн албан татвар хураах болон автомашины үзлэг, оношилгоонд ороогүй жолооч нарт 96 мянган төгрөгийн торгууль ногдуулахаар болжээ.
Энэ тухай Автотээврийн Үндэсний Төвийн дэд захирал Т.Баясгалан ярихдаа, “Есдүгээр сарын 1-нээс эхлэн тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналтын үзлэгт ороогүй, орох хугацаа хэтэрсэн, орсон боловч стандартын шаардлага хангахгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй. Мөн жолооч нарт Захиргааны хариуцлагын тухай хуульд заасны дагуу торгууль ногдуулах, бичиг баримтыг хураах зэрэг арга хэмжээ хэрэгжинэ. Энэ сарын 19-ний  байдлаар техникийн хэрэгслийн хяналтын үзлэг, оношилгоонд  351747 тээврийн хэрэгсэл хамарсан бөгөөд үзлэг оношилгоонд хамрах ёстой нийт тээврийн хэрэгслийн 35 орчим хувь нь оношлогдоогүй байна. Тиймээс  бүртгэл, хяналт, техникийн хяналтын үзлэгийн  төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулж буй юм. Тодруулбал тээврийн хэрэгслийн бүртгэлийн газрын “Хөсөг”, “Да Хүрээ”, “Таван ган” салбарууд амралтын өдрүүдэд 09:00-19:00 цаг хүртэл, Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналт, үзлэгийн төвүүд ажлын өдрүүдэд 08:30-20:30 цагийн хуваариар ажиллаж байна” гэв.
Улсын хэмжээнд энэ сарын байдлаар шинээр 35219 тээврийн хэрэгслийг бүртгэж гэрчилгээ олгон, 130342 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн, өөрчлөлтийг бүртгэж, 991 тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хассан байна.
Харин  ирэх сараас хэрэгжих Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн  хувьд замын хөдөлгөөний дүрэмд заасан бичиг баримтгүй тээврийн хэрэгсэл жолоодсон бол 48000 төгрөгөөр торгох гэнэ. Түүнчлэн жолооч тээврийн хэрэгслийг шилжүүлсэн тохиолдолд  19200, дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгсэл жолоодсон иргэнийг 96000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 384000 төгрөгөөр торгохоор шинэ хуулинд тусгажээ. Мөн улсын бүртгэлийн дугаар нь арилсан, бүдгэрсэн зэргээс үзэгдэх байдал нь муудсан, эсхүл дугаарыг буруу байрлуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол улсын дугаарын тэмдгийг хурааж, иргэнийг 48 000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 192 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах аж. Улсын бүртгэлийн хуурамч дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол иргэнийг 192000 төгрегөөр торгож, нэг жилийн хугацаагаар эрхийг хасах, хуулийн этгээдийг 960000 төгрөгөөр торгоно хэмээн албаныхан ярилаа.
 Б.Заяа
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих